Өнгөрсөн 10-р сард тохиосон Хятадын Коммунист Намын ХХ их хурлын эргэн тойронд өрнөж буй явдлын талаар бид товч хүргэж байсан. Харин энэ удаад Хятад судлаач, Монгол Хятадын уур амьсгалын өөрчлөлт эрчим хүчний технологи инновацийн төвийн үүсгэн байгуулагч Ч.Сумъяагийн хурлын үр дүн болон улс төрийн томилгооны талаарх байр суурийг Lemon Press Opinions та бүхэнд хүргэж байна. Тухлан сууж таалан уншина уу!
Хятадын УТ амьдралд нэн чухал үйл явдал болох Хятадын Коммунист Нам (ХКН)-ын XX их хурал 10 сарын 16-22-нд Бээжин хотноо хуралдаж Ши Жиньпин Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов. Ингэснээр тэрээр ХКН-ыг удирдах 3 дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлж, Мао Зэдуний дараа тодорсон хамгийн нөлөө бүхий удирдагч боллоо.
ХХ их хурлын төлөөлөгчид Намын Төв Хорооны /НТХ/ 205 гишүүн, 171 орлогч гишүүнийг сонгов. Улмаар ХКН-ын дүрмийн дагуу НТХ нь Ерөнхий нарийн бичгийн даргаас эхлэн Улс Төрийн Товчоо (УТТ)-ны гишүүд, УТТ-ны Байнгын Хорооны гишүүд, Цэргийн Төв Зөвлөлийн гишүүдийг сонгох эрхтэй.
10 сарын 23-нд Бээжинд ХКН-ын ХХ удаагийн Төв хорооны анхдугаар бүгд хурал болж, Ши Жиньпин Улс төрийн товчооны Байнгын хорооны шинэ гишүүдийг удирдан гарч ирэв. УТТ-ны Байнгын хорооны 7 гишүүний 3 нь улиран, 4 нь шинээр сонгогдсон юм.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Ши Жиньпиний нөлөө аажмаар тэлсээр энэ удаагийн их хурлаар хүчээ улам бататган, ирэх 5 жилийн намын удирдлагын баг бүхэлдээ Ши Жиньпиний итгэлт ойрын хүмүүсээс бүрджээ. Шинэ бүрэлдэхүүний талаар хэвлэлд судалгааны олон мэдээлэл гарсан тул бид давтан нуршилгүй дараах хэдэн зүйлийг онцлон авч үзлээ.
2-р чухал хүн: Шинээр сонгогдсон УТТ-ны Байнгын хорооны гишүүн Ли Чян 2023 оны 3 дугаар сард Ли Көчяны оронд Хятадын дараагийн Ерөнхий сайдаар томилогдохоор бэлтгэгдэж байгаа. Америкийн “Wall Street Journal”-д түүнийг улс төрийн карьертаа “2 шинж чанарыг харуулсан гэж онцлосон бөгөөд тэрээр бодлогын хил хязгаарыг давахаас айдаггүй, бизнесийг дэмжигч прагматик хүн гэдгээрээ эх орондоо алдартай. Гэвч түүнийг шаардлагатай үед төр засгийн бодлогыг үр дүнтэй, түрэмгий хэрэгжүүлдэг үнэнч хүн гэдгийг намын дотоод хүмүүс хэлдэг. Ирэх 5 жилд “шинэ Ерөнхий сайд” бизнесийг дэмжих үү? эсвэл намын удирдагчийн бодлогыг дэмжих үү? гэдэг асуулт хамгийн ихээр тавигдаж байна.
3-р чухал хүн болох Жао Лөжи БХАТИХ-ыг даргалах бол Ван Хунин Хятадын ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийг удирдах магадлалтай. Цай Чи Ван Хунинтай солигдож Намын төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын 1-р нарийн бичгийн даргаар томилов. Дин Шюэшян ирэх оны 3-р сард Хань Жөний оронд Ерөнхий сайдын 1-р орлогч болох магадлалтай. Ли Ши Сахилга батын хорооны дарга болсон.
УТТ-ны Байнгын хорооны 7 гишүүнээс бусад УТТ-ны 17 гишүүний 13 нь шинээр тодорсон. Тэдний дундаас одоогийн Шаньдун мужийн намын хорооны дарга 57 настай Ли Ганьже хамгийн залуу нь бөгөөд Ли Шүлэй, Жан Гуочин, Чень Жинин нар 58 настай “залуу үе” болж байна.
Хонг Конгийн "Sing Tao Daily" сонинд УТТ-ны гишүүдийн албан тушаалын өөрчлөлтийн талаар мэдээлсэн: Тяньжиний намын хорооны дарга Ли Хунжун Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны 1-р дэд даргаар, Фүжяний намын хорооны дарга Инь Ли, Бээжингийн намын хорооны даргаар (батлагдсан) харин Жэжяний нарийн бичгийн дарга Юан Жиажун Чунчин хотын намын хорооны дарга, Чен Мин-ар Тяньжиний намын хорооны даргаар томилогдох төлөвтэй байна гэж бичсэн байна.
Намын төв хороон дахь технократуудын сэргэлт: Хятадын сансар судлалын салбарын инженерүүдээс улс төрд “гялалзаж” буй нөхдүүд
Цэргийн төв зөвлөлийн хоёр орлогч дарга
ХКН-ын Цэргийн төв зөвлөл нь үндэсний батлан хамгаалахын дээд байгууллага юм. ЦТЗ-ийн хоёр орлогч даргын нэг нь улиран, нэг нь шинээр сонгогдлоо.
Шинэ бүрэлдэх дипломат баг (Хүлээгдэж буй)
Ван И УТТ-ны гишүүн болж дэвшсэнээр ХКН-ын Төв Хорооны Гадаад харилцааны зөвлөлийн Ажлын албаны даргаар Ян Жечигийн халааг авах төлөвтэй байна. 2021 онд Хятадаас Америкд суух элчин сайдаар томилогдож байсан Чинь Ган Ван И-г залгамжлан Гадаад хэргийн сайдаар томилогдох магадлалтай хүлээгдэж байна. Ван И, Чинь Ган нарын хослол Ши Жиньпиний олон улсын “хүчирхэг” байр суурийг баттай хамгаалахад маш сайн тохирч байгаа бололтой. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дэд дарга Лиү Хайшин Төрийн зөвлөлийн Тайванийн хэрэг эрхлэх газрын даргаар томилогдох бололтой байна.
ХКН-ын ХХ их хурал дээр Ши Жиньпин “Хятадын онцлогтой социализмын аугаа тугийг өндөрт өргөж, орчин үеийн социалист улсыг иж бүрэн цогцлоон байгуулахын төлөө хамтдаа зүтгэцгээе” сэдэвт нийт 32.6 мянга ханзтай илтгэлийг танилцуулсан. Илтгэлийн түлхүүр үгнүүдээс харвал “Аюулгүй байдал’’ түүнтэй холбоотой үгс “эдийн засаг”, “өсөлт’’ зэрэг үгнээс илүү олон дурьдагдсан нь цаашид Хятад хөгжлийн асуудалд төвлөрөхөөс гадна аюулгүй байдлын чиглэлд түхүү анхаарч, үндэсний аюулгүй байдлаа бататгахаар ажиллахыг илтгэж байна. Тэгвэл түлхүүр үгнүүдийн тоо болон илтгэл дэх холбогдох гол агуулгуудыг харцгаая,
Аюулгүй байдал 91 удаа, Үндэсний аюулгүй байдал 29 удаа давтагдсан
Модернизац 88 удаа, Хятад маягийн модернизац 12 удаа
Хятад маягийн модернизац бол ХКН-аар удирдуулсан социалист шинэчлэлт бөгөөд бүх улс орны орчин үеийн шинэчлэлийн нийтлэг шинж чанар, өөрийн үндэстний нөхцөл байдалд тулгуурласан Хятадын онцлог шинж чанартай.
Эдийн засаг 61, Хөгжил 239, Өндөр чанартай хөгжил 14 удаа
Өндөр чанартай хөгжил нь орчин үеийн социалист улсыг иж бүрэн байгуулах үндсэн зорилт юм. Улс орныг удирдах, залуужуулахын тулд намын нэн тэргүүний зорилт бол хөгжил юм. Материаллаг, технологийн бат бөх суурьгүйгээр орчин үеийн хүчирхэг социалист улсыг иж бүрэн байгуулах боломжгүй юм.
Арми 79, Хүчирхэг арми 15 удаа
Арми байгуулагдсаны 100 жилийн тэмцлийн зорилгод хүрч, үндэсний батлан хамгаалах, армийн шинэчлэлийн шинэ нөхцөл байдлыг бий болгох гэжээ.
ХХ их хурал дээр Ковид-19-ийн гэнэтийн аюулын эсрэг бид хариу арга хэмжээ авахдаа хүмүүсийн амь насыг эн тэргүүнд тавьж, Ковид-19-ийн тархалтыг тэглэх бодлогыг баримталж ирсэн. Ингэснээр ард иргэдээ хамгийн боломжит өндөр түвшинд хамгаалж чадсан бөгөөд цар тахалтай тэмцэх тал дээр маш өндөр амжилтад хүрлээ” гэснийг ажиглагчид Ковидыг үл тэвчих бодлого үргэлжлэх нь хэмээн дүгнэв.
Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж буйгаар сулруулах магадлал бас бий. Хятад ойрын саруудад Тэг Ковид бодлогодоо томоохон өөрчлөлт хийнэ гэж Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн ерөнхий тархвар судлаач асан Зөн Гуан мэдэгджээ. Тэрээр Хятад Ковид-19-ийн эсрэг тэмцэлд Хятад нээлттэй байх нөхцөл бүрэлдэж байна, шинэ вакцин, вирусын эсрэг эмийн судалгаанд ахиц дэвшил гаргасныг дурджээ. Түүнчлэн эх сурвалжийн мэдээлснээр Хятад удахгүй ирж буй аялагчдад тавих хорио цээрийн дэглэмийг улам богиносгож магадгүй гэж мэдэгдэв.
Бээжин Тайваний аливаа салан тусгаарлах үйл ажиллагааг таслан зогсооно гэдгээ ХХ их хурлын илтгэлд илэрхийлсэн мөн намын дүрэмд бататган оруулаад амжив. Бээжингийн зүгээс ардчилсан сонгуулийн системийг ашиглан ил далд байдлаар Тайваний эрх баригч Ардчилсан дэвшилт намд ЭЗ, цэрэг дипломатын шахалт үзүүлэх, сөрөг хүчин Гоминдан намд дэмжлэг үзүүлэх зэргээр 2024 оны Тайваний сонгуульд нөлөөлөх цаашлаад бусад байдлаар оролцох болов уу гэж харж байна. Мөн 2027 он ХАЧА-ийн 100 жилийн ой тул үүнээс өмнө Бээжин Тайваний асуудлыг ямар нэг байдлаар шийдвэрлэх сонирхол байх магадлалтай.
ХХ их хурлын илтгэл дэх Тайваньтай холбогдолтой түлхүүр үгс, гол агуулгууд
Тайвань 13, Тайваний тусгаар тогтнол 4 удаа давтагдсан
ХКН-ын хурлаас өмнө Вашингтон 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2022 оны Үндэсний аюулгүй байдлын стратегиа олон нийтэд хүргэсэн. Тус стратегид,
Америк бүс нутаг, дэлхийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэд чухал ач холбогдолтой, олон улсын анхаарал татсан асуудал болох Тайваний хоолойг дамнан энх тайван, тогтвортой байдлыг хадгалах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн аль нэг талаас статус квог өөрчлөхийг эсэргүүцэж, Тайваний тусгаар тогтнолыг дэмжихгүй. Бид Тайваний харилцааны тухай хууль, хамтарсан гурван мэдэгдэл, зургаан баталгааг баримталсан нэг Хятад бодлогод үнэнч хэвээр байна. Мөн бид Тайваний харилцааны тухай хуулийн дагуу Тайваний өөрийгөө хамгаалах үйл ажиллагааг дэмжиж, Тайваний эсрэг аливаа хүч, шахалт үзүүлэхийг эсэргүүцэх чадавхыг хадгалах болно” гэжээ.
ХХ их хурлын сүүлийн өдөр буюу 2022 оны 10-р сарын 22-нд ХКН-ын дүрэмд өөрчлөлт оруулсан ба нийт 50 нэмэлт өөрчлөлт оржээ. Үүнээс үндсэн дүрэмд 37, хавсралт хэсэгт 13 өөрчлөлт орсны дотор Тайваний тусгаар тогтнолыг эсэргүүцэн, хязгаарлана гэдэг үг нэмж орсон.
1. 2022 оны 10 сард болсон намын ХХ их хурлаар 69 настай Ши Жиньпин Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Цэргийн төв зөвлөлийн даргаар 3 дахь бүрэн эрхийн хугацаагаа өөрийн итгэлт ойрын хүмүүстэйгээ хамт удирдлагын багаа бүрдүүлэн эхлүүлэв. ХКН-ын удирдлагын багт (албан бус) бусад “фракц” буюу Коммунист залуучуудын эвлэл, Жян Зэминий Шанхайн бүлгийн нөлөө ихээхэн суларсан. Цаашид Ши Жиньпиний итгэлт ойрын хүмүүс ялангуяа хүчирхэг Фужян болон Жэжяны бүлэглэлийн хүрээнд томоохон фракц доторх өрсөлдөөн өрнөх магадлалтай гэж судлаачид үзэж байна.
2. УТТ-ны Байнгын хороонд Ши Жиньпиний залгамжлагч болохуйц залуу хүн орж ирээгүй нь Ши Жиньпинийг 4 дэхээ улирах магадлалыг нэмэгдүүлж байна. УТТ-ноос буух албан бус шалгуур болох 68 насны хязгаарлалт хэдий ч өдгөө 69 настай Ши Жиньпин, мөн 72 настай Жан Ёушя, 69 настай Ван И нар хэтэрсэн ч УТТ-нд байгаа нь энэ хязгаарлалт цаашид үйлчлэхгүй болохыг илтгэж байна.
3. УТТ-ны гишүүдээс харахад ТӨҮГ (ялангуяа Хятадын нэр хүндийг өндөрт өргөж байгаа төслүүд болон сансар агаарын орон зайн аж үйлдвэрийн салбарын), их сургуулийн захиргаа, засгийн газрын судалгааны төвүүдэд карьераа ахиулсан технократууд улс төрд хүч түрэн орж ирэх хандлага ажиглагдаж байна.
4. ХХ их хурлын илтгэлдээ Ши Жиньпин улс төр, эдийн засаг, цэрэг арми, технологи, соёл, нийгмийн аюулгүй байдлыг онцолсон. Эдгээрээс аюулгүй байдлын асуудлыг өмнөх их хурлын илтгэлтэй харьцуулахад илүүтэй онцолсон нь гадаад геополитикийн хямрал, дотоод эдийн засаг, нийгмийн хүндрэлээс үүдэлтэй гэж үзэж байна.
5. Цэргийн төв зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн нь Ардын чөлөөлөх арми (ХАЧА) Тайваний хоолойд гэнэтийн үед бэлэн байгааг харуулж байна. Их хурлаас “Тайваний тусгаар тогтнолыг эсэргүүцэх, хязгаарлах’ гэсэн заалтыг Намын дүрэмд нэмж оруулсан юм.
6. Нам үзэл суртлын хяналтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ уналтад орсон ЭЗ-ийг нэн даруй идэвхжүүлэхийн тулд ХХ их хурлын дараа “Тэг Ковид” бодлогыг зөөлрүүлэх болов уу гэж шинжээчид таамаглаж байсан ч намын их хурлын үеэр уг бодлогоо зөв байсан хэмээн нотолсон нь хатуу хөл хорио хязгаарлалт сулрах болоогүйг илтгэж байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.