
ХААН Банк (KHAN)-ны хувьцааны үнэ өчигдөр буюу 8 сарын 27-нд ₮1,624-т хүрч, түүхэн дээд түвшнээ шинэчиллээ. Энэ өсөлтөөр тус банкны зах зээлийн үнэлгээ ₮3 их наядын босгыг давж, Монголын хөрөнгийн зах зээлд шинэ дээд амжилт тогтоов.
🏦 $KHAN ба түүх
ХААН Банк хөрөнгийн зах зээлд гарсан цагаасаа эхлэн хэд хэдэн түүхэн үзүүлэлтийг бий болгов. 2023 оны IPO-оор нэгж хувьцаагаа ₮959-өөр санал болгож, нийт ₮183.4 тэрбумыг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн буюу олон нийтэд нийт хувьцааныхаа 10%-ийг санал болгосон. Харин хоёрдогч зах зээлийн арилжаа 2023 оны 5 сарын 1-нд эхлэхэд хувьцааны үнэ нь IPO үнээсээ 14.9% өссөнөөр зах зээлийн үнэлгээ нь ₮2.1 их наяд хүрч байлаа. Ингэснээр тэд Монголын ₮2 их наядын зах зээлийн үнэлгээнд хүрсэн анхны ХК болсон юм.
💪 Хүлээлтийн хөшүүрэг
ХААН Банкны улирал тутмын санхүүгийн үзүүлэлт, үйл ажиллагааны тэлэлт болон тогтвортой хөгжилд чиглэсэн бодлого нь хөрөнгө оруулагчдын хүлээлтийг дэмжиж буй. Үүний зэрэгцээ тус банк ногдол ашиг хуваарилалтын тогтвортой жишгийг бий болгосон. Тухайлбал, 2023 онд цэвэр ашгийнхаа 48.5%, 2024 онд 58.5%-ийг ногдол ашигт хуваарилав. Харин 2025 онд ногдол ашгийн хувь нь 58.9% болж дүн нь ₮409 тэрбумд хүрчээ. Ийнхүү ногдол ашгийн хэмжээ өсөж буй нь хувьцаа эзэмшигчдийн өгөөжийн хүлээлтийг дэмжих нэг хүчин зүйл болж, хувьцааны эрэлтийг нэмэгдүүлэх суурь болж байна.
Эцэст нь… ХААН Банкны хөрөнгийн зах зээл дэх замнал ₮2 их наядын босгыг давсан түүхээс ₮3 их наядын шинэ босго руу шилжиж байна. Энэ нь зөвхөн нэг компанийн үнэлгээ өссөн үйл явдал бус, Монголын хөрөнгийн зах зээлийн цар хүрээ тэлж буйн нэг тод жишээ юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.