
Цагаан сарын үеэр Гадаад харилцааны сайд Япон Улсад айлчлаад ирсэн. Үр дүнд нь бид Японы буцалтгүй тусламжаар 2 төсөл хэрэгжүүлэхээр болов.
🐽 Өгөөд л байвал аваад л байя
Тодруулбал, тус улсын буцалтгүй тусламжаар ¥270 саяыг бохир усны шугам сүлжээний засвар, үйлчилгээний тоног төхөөрөмж, машин механизмд, ¥275 саяыг агаарын бохирдол хэмжих төхөөрөмж нийлүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхээр болжээ.
🔫 Батлан хамгаалах дэмжлэг
Цаашлаад, оны өмнөхөн Япон манайд батлан хамгаалахын тоног төхөөрөмж, технологи шилжүүлэхээр болж батлан хамгаалах салбар дахь түншлэлээ зузаатгах сонирхолтой байгаагаа харуулаад авсан. Дан ганц Монголоор тогтохгүй Филиппин, Бангладеш, Малайз, Фижи тэргүүтэй орнуудын батлан хамгаалах салбарт ч туслалцаа үзүүлж байгаа.
👐 Төдийгөөс өдийг хүртэл
Тус улс ардчилсан замаар алхах сонголт хийсэн Монголыг 1991 оноос эхлэн хөгжлийн албан ёсны тусламждаа хамруулж, 2022 оны байдлаар $3.3 тэрбум давах дүнгээр тусалж, дэмжсэн байдаг.
Эцэст нь… Хамгийн том хандивлагч улсынхаа буянд бид Нарны гүүр, Хөшигийн хөндийн шинэ нисэх, Анагаахын шинэ сургууль, Япон Монголын төв гэхчлэн олон ч бүтээн байгуулалтыг барьж байгуулан ашиглаж байна. Буян нь дэлгэрсэн сайхан гуравдагч хөршийнхөө хөрөнгө оруулалтыг зээл, тусламжтай нь жишин харахад даанч бага юм. Өөрөөр бол тэдний нүдээр бид тусалж дэмжээд байхад гэмгүй ч хамт бизнес хийх чадалтай улс биш гэдэг нь харамсалтай. Бидний ичгэвтэр нүцгэн үнэн энэ ажээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.