С.Оюунсүрэн: Бид салбартаа тэргүүлэх цалин хөлсний бодлого барьж байна
Юнител Групп 2024 оны “Тогтвортой байдлын тайлан”-гаа олон нийтэд танилцуулаад байгаа билээ. Энэ удаагийн Lemon Press-н ярилцлагын буланд Юнител Группийн Хүний нөөц хариуцсан дэд захирал С.Оюунсүрэнг урьж, Юнител Группийн хэрэгжүүлж буй хүн төвтэй, засаглал болон хүний нөөцийн бодлогын талаар ярилцлаа. Хүлээн авна уу.
Юнител Групп хүний нөөцийн бодлогоо хэрхэн тодорхойлж, хэрхэн хэрэгжүүлж байгаагаас яриагаа эхлүүлье.
Юнител Групп хүний нөөцийн бодлогоо хүн төвтэй буюу ажилтанд олгох үнэ цэнээр тодорхойлдог. Бид хувьд группийн хүний нөөцийн бодлого бизнесийн зорилтыг хангахаас гадна ажилтнуудынхаа хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагатай уялдаж байх ёстой гэж үздэг. Энэ 2 чиглэл харилцан холбоотой, бие биеэ дэмжиж, синержитэй ажиллах нь чухал. Ажилтнуудад олгож буй үнэ цэн дараах үндсэн чиглэлүүдэд тулгуурлаж байгаа.
Нэгдүгээрт, нэг зорилгын төлөө хамтдаа алхах: Юнител Групп ажилтнуудтайгаа нэг зорилгын төлөө хамтдаа алхахыг эрхэмлэдэг.
Хоёрдугаарт, хамтдаа өсөн дэвжих: "Хамтдаа өсөж, хөгжье" гэх зарчмын дор ажилтан бүр өсөж хөгжих, ур чадвараа баяжуулан тэлэх боломжийг хязгаарлах зүйлгүйгээр ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, салбар салбарын шилдгүүдтэй мөр зэрэгцэн ажиллан, өчигдрөөсөө илүү өнөөдрийг бүтээх боломж баг хамт олны үнэт зүйл болтлоо төлөвшсөн. Өөрөөр хэлбэл хувь хүн дангаараа өсөж, хөгжинө гэхээсээ илүү багаараа хамтдаа өсөж, хөгжих, зорилгоо тодорхойлж, амжилтаа бүтээх юм.
Гуравт, бид ажил, амьдралын тэнцвэрийг эрхэмлэдэг: Манай компани ажилтныхаа ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хүндэтгэдэг. Бид урт цагаар ажиллахыг бус, ажлын цагаар өндөр бүтээмжтэй ажиллахыг дэмждэг. Өндөр бүтээмжтэй, ухаалаг ажиллахын тулд ажилтан өдөр тутамдаа компанийн зарчим, процессыг дагахаас илүүтэй хамгийн зөв бүтэц, оновчтой үйл ажиллагаагаар хэрхэн ажиллах вэ гэдгийг тодорхойлж хамтдаа сайжруулалт хийгээд явдаг. Энэ нь бие биеийнхээ амьдралдаа гаргах цагийг нь хүндлэх зарчимтай холбогдож байгаа юм. Ийм ч учраас бид байгууллагын арга хэмжээ, олон нийтийг хамарсан арга хэмжээгээ ажлын өдрүүдэд зохион байгуулж, ажилтны хувийн амьдралд саад болохгүй байхыг хичээдэг.
Дөрөвдүгээрт, бид компанийнхаа соёлыг хамтдаа бүтээдэг: Компанийн соёл бол тухайн компани юуг эрхэмлэдэг, ямар үнэт зүйлтэй компани вэ гэдэг илэрхийлэл. Бид соёлоо тухайн баг зорилгодоо хүрэхийн тулд бусадтайгаа үр дүнтэй ажилладаг, өөрчлөлтийг хурдан мэдэрдэг, шинэ нөхцөл байдлыг эергээр хүлээн авч, уян хатан ханддаг, хурдан дасан зохицдог, багт хэрэгтэй ур чадварт тасралтгүй суралдаг, хөгжих хүсэл эрмэлзэлтэй, сурч хөгжих арга техникийг эзэмшсэн, сурсан мэдсэнээ бусдадаа байнга хуваалцдаг, аливаад эерэг, нээлттэй ханддаг, багийнхаа зорилго, зорилтын төлөө ачаа үүрэхэд ямагт бэлэн байдаг, багийнхаа төлөө хойш суулгүй үргэлж өөрийгөө дайчилдаг, ёс зүйтэй, шударга зөв үйлдэлтэй гэхчлэн 6 үндсэн чиглэлээр тодорхойлон амжилттай хэрэгжүүлээд явж байна.
Юнител Группийн 10 жилийн өмнөх компанийн соёл одоогийнхоос хэр өөрчлөгдсөн гэж харж байгаа вэ? Мөн бусад томоохон групп, компаниудаас ялгарах онцлог.
Юнител Групп байгуулагдсан цагаасаа хойш байгууллагын соёлыг компанийн амжилтын гол хөдөлгөгч хүч гэж үзэж ирсэн. Тухайн үед ч, одоо ч бид компанийн соёлыг удирдлагаас илүүтэйгээр бизнесийг чиглүүлж авч явдаг гол зарчим гэж хардаг. Өөрөөр хэлбэл, зөв соёлтой бол зөв удирдлага, зөв өсөлт бий болно. Энэ философи маань өнөөдөр ч хадгалагдсаар байгаа.
Гэхдээ мэдээж цаг үеийн өөрчлөлт, ажилтнуудын хүлээлт, технологийн хөгжлийг дагаад бидний байгууллагын соёл тасралтгүй шинэчлэгдэж, баяжиж байгаа. Ингэхдээ бид нэг дор том өөрчлөлт хийхээсээ илүү, өдөр тутмын жижиг сайжруулалтуудаар соёлоо шинэчилж явдаг. Бид энэ процессыг "байнгын инновац" гэж нэрлэдэг.
Инновац гэдэг нь зөвхөн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах тухай биш, харин өдөр тутмын ажлын арга барилдаа бүтээлчээр хандаж, шинэ санаачилгуудыг гаргах тухай ойлголт юм. Иймээс ч бид ажилтнуудаа бодитой дэмжихэд ихээхэн анхаарч, өсөж, хөгжих боломжийг нь аль болох хүртээмжтэй, нээлттэй байлгаснаар ажилтнууд өөрсдөө бүтээлчээр сэтгэж, ажлаа сайжруулах хандлага, хүсэлтэй болдог.
Мөн бидний нэг онцлог бол харилцааны соёлыг өндөр түвшинд барьж буй явдал. Харилцан хүндэтгэлтэй, бүтээлч хамтын ажиллагаа бий болгохыг бүх түвшинд анхаардаг. Найрсаг харилцаа гэхээр хэт найзуудын уур амьсгалтай биш, ажлын зөв харилцаатай орчныг бий болгохыг хэлж байгаа юм.
Сүүлийн асуултад хариулахад, бидний бусад компаниудаас ялгарах онцлог нь корпорейт хэдий ч маш нээлттэй, өөрийн онцлогт нийцсэн уян хатан соёлтой нь хамгийн том ялгарал болов уу. Түүнчлэн ажилтны өсөлт, хөгжлийг 1-рт тавьсан бодлогоор буюу дүрэм журмаар хязгаарлах биш, санаачилга, боломж дээр тулгуурлан ажиллаж, инновацыг өдөр тутмын ажилд хамгийн их урамшуулдаг зэрэг зүйлсийг нэрлэж болно. Тэгэхээр бидний зорилго бол ажилтнууддаа хамгийн өндөр бүтээмжтэй, өсөх орчныг бүрдүүлэх. Энэ нь зөвхөн ажилтны бүтээмжээс гадна компанийн урт хугацааны хөгжилд ч хөтөлж байдаг.
Юнител Группт ажиллахын давуу талуудыг нэрлэнэ үү? Мөн эргээд ямар үнэ цэнтэй, ур чадвартай хүнийг ажилд авахыг илүүд үздэг вэ? Юнителийн ажилтны цалин хангамж өндөр гэх яриа бас сонсогддог?
Юнител Группийн нэг хэсэг болохын давуу талууд мэдээж маш олон байгаа. Бид саяхан 2024 оны Тогтвортой байдлын тайлангаа олон нийтэд танилцуулсан. Тус тайлангаас бидний ажилтнууддаа чиглэсэн ажлуудыг харах боломжтой.
Бид цалин хөлсний бодлогоороо салбартаа тэргүүлэгч байхыг зорьдог. Ялангуяа мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт дундаж цалингийн түвшингээс ахиц цалин хөлс санал болгож, байнга сайжруулж явдаг.
Юнител Групп нь олон олон бизнес домэйнуудтай бөгөөд жишээ нь хүний өдөр тутамд хэрэгтэй бүх үйлчилгээг нэг дор багтаасан аппликейшн хөгжүүлэгч Toki багийн хувьд стартап сэтгэлгээгээр ажиллах гэх мэтчилэн нийт ажилтнуудын хувьд нийтлэг ур чадвар, туршлага биш олон олон ур чадвар, туршлагаар өөрийгөө хөгжүүлэх, хөрвөж ажиллах боломж байдаг.
Мөн ажилтан бүрд 360° градусын үнэлгээний системийг нэвтрүүлж, ажилтны хөгжлийг илүү системтэй үнэлэхийн сацуу соёлд нийцсэн зөв хандлага, зан үйлтэй, өндөр гүйцэтгэлтэй ажилтан маань сайн цалин хөлс авах бодлогыг хэрэгжүүлж байна.
2024 онд эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрийг ажилтнууддаа хэрэгжүүллээ. Манай хотын нөхцөл байдлыг харахад, Улаанбаатарын агаарын бохирдол, цаг агаараас үүдэлтэй улирлын томуу гээд эрүүл мэндийн асуудал их гардаг. Гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн асуудал тулгарахад эрүүл мэндийн үйлчилгээний ихээхэн төлбөр гардаг шүү дээ. Ажилтнууд маань эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар төлөвлөөгүй санхүүгийн ачааллаас хөнгөрөх боломж бүрдлээ.
Мөн санхүүгийн яаралтай хэрэгцээ үүсэх тохиолдолд ажилтнууддаа хүүгүй богино хугацааны зээлийн үйлчилгээг санал болгож буй. Жишээлбэл, 2 сар хүртэл хугацаанд хүүгүй зээл авч, өөрт тулгарсан санхүүгийн яаралтай хэрэгцээндээ зарцуулаад дараа нь буцааж төлөх боломжтой байдаг. Энэ санхүүгийн дэмжлэг бол олон залуу гэр бүлд маш хэрэгтэй зүйл болж өгдөг.
Мөн манай Групп уян хатан ажлын цагийн бодлоготой. Ингэснээр ажилтан ямар нэгэн шалтгаанаар оффист ирж ажиллах боломжгүй тохиолдолд гэрээсээ, кофе шопоос гэх мэтчилэн өөрийн боломжит байршлаас ажиллах боломжтой.
Шинэ ажилтны хувьд бид юуны өмнө тухайн ажилтны хандлагыг чухалчилдаг. Мэргэжлийн ур чадвар чухал ч, хамгийн түрүүнд хүний хандлага зөв байх ёстой. Өөрийгөө хөгжүүлэх, сайжруулах чин хүсэлтэй, эерэг, зөв хандлагатай хүн байх нь бидний хамгийн гол шалгуур.
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл чадварлаг талентуудын дутагдалд ороод байгаа. Зах зээлийн хомсдолын шууд болон шууд бус нөлөөгөөр компаниуд ч мэргэжлийн ур чадвараас илүүтэй хандлагыг онцгойлон харж байна. Энэ хандлага ажлын байран дээр хэр бодит шалгуур болдог вэ?
Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр жинхэнэ ур чадвартай, өндөр түвшний мэргэжилтнүүд ховордож байна. Өндөр ур чадвартай байсан ч хандлага зөв биш хүн багаас тасарч, амжилт гаргахгүй байх нь элбэг. Манай байгууллагын хувьд хувь хүний ур чадвараас илүүтэй багаар амжилттай ажиллах чадвар хамгийн чухал шалгуур. Өөрийн мэдлэг, туршлагаа багийнхантайгаа хуваалцаж, хамтдаа хөгжиж чаддаг байх нь бидний үнэт зүйлтэй ч нийцэж байгаа юм.
Мөн Ковидоос хойш Монголын хөдөлмөрийн зах зээлд маш том өөрчлөлт орсон. Жил бүр гадагшаа суралцах, амьдрах зорилготой гарч буй монголчуудын тоо 2 дахин нэмэгдэж, 80-100 мянгад хүрсэн. Үүнийг дагаад хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэлт багасаж, компанийн хувьд ажилтнуудаа тогтоон барих, хөгжүүлэх шаардлага улам нэмэгдсэн.
Юнителийн хувьд ч хүний нөөцийн бодлогоо стратегийн түвшинд шинэчилж, ажилтнуудаа богино хугацаанд ур чадвараа хөгжүүлэх, багаар ажиллах систем рүү шилжүүлсэн. Үр дүнд нь, ажилчдын ажлаас гарах байдал буюу “Turnover rate” 50% буурсан. Мөн Монгол хүний үнэ цэн, эх орондоо тухтай сайхан амьдрах, эх орондоо баялаг бүтээх боломжийг хангах үүднээс цалин хөлсний бодлогоо чиглүүлж байна.
Юнителийн хувьд тулгамдаж буй сорилтууд юу байна вэ?
Компани хөдөлмөрийн зах зээлийн сорилтуудыг 2 том чиглэлд хуваан харж байгаа. Эхнээс нь яривал, бизнесийн орчин, технологийн хөгжил маш хурдацтай өөрчлөгдөж байна.
Тиймээс манай байгууллага ажилтнуудынхаа ур чадварыг шинэчлэх (re-skill), сайжруулах (up-skill) чиглэлд бодлогын түвшинд анхаарч, тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бол зөвхөн манай компанид ч биш, Монголын бүх бизнесийн байгууллагуудын өмнө тулгамдаж буй шинэ үеийн томоохон сорилт.Цаашлаад, нарийн мэргэшсэн мэргэжилтнүүдийн хомсдол мөн том сорилт болж буй. Улмаар бид ажилтнуудынхаа ур чадварыг "T-shaped skills" загвараар хөгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, хөндлөн чиглэлд тухайн ажилтны өргөн хүрээний ерөнхий мэдлэгийг хөгжүүлж, босоо чиглэлд тухайн ажилтны нарийн мэргэшсэн, гүн гүнзгий ур чадварыг хөгжүүлэхийг эрмэлздэг. Ингэснээр ажилтнууд олон чиглэлд өргөн мэдлэгтэй бөгөөд хариуцсан ажлаа гүнзгий түвшинд ойлгодог, бүтээмж өндөртэй мэргэжилтнүүд болон төлөвших юм.
Компанид сорилт болж буй эдгээр асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар яриагаа үргэлжлүүлье.
Манай компанийн зүгээс ажилтнуудын хөгжлийг дэмжих зорилгоор "Talent Development" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Уг сургалт, хөгжлийн хөтөлбөр нь дэлхий дахинд түгээмэл хэрэглэгддэг 70:20:10 зарчимд суурилж байна.
Түүнчлэн дотоод сургалтын хувьд, манай компанийн давуу тал болох М-Си-Эс Академийн мэргэжлийн болон ерөнхий мэргэжлийн сургалтуудад ажилтан бүр хамрагддаг. Ажилтан өөрийн хөгжүүлэх шаардлагатай ур чадвар, мэдлэгээ тодорхойлсны үндсэн дээр дотоодын болон олон улсын төрөл бүрийн сургалт, workshop-уудад хамрагддаг. Эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ бид ажилтнуудыг зөвхөн удирдлагаар чиглүүлэх бус, өөрсдөө хөгжлийн хэрэгцээнд тулгуурлан суралцахыг чухалчилдаг.
Юнител Групп хүний нөөцийн чиглэлд олон бодлого хэрэгжүүлж байгаа юм байна. Үр дүнгээ хэрхэн хэмжиж байгаа вэ?
Уян хатан цагийн бодлого баримтлахаас гадна бид сүүлийн 4 жил “Дистрибьютед оффис”-ын бодлогыг хэрэгжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, ажилтан өөрийн оршин суугаа газартайгаа ойрхон байрлах салбар оффист очиж ажиллах боломжтой гэсэн үг. Энэ бодлогын үр дүнг үнэлж харахад, ажилтны сэтгэл ханамжийн хувь мэдэгдэхүйц ахисан. Жишээ нь, уян хатан ажлын цаг нэвтрүүлснээс хойших хугацаанд ажилтнуудын бүтээмжийн үзүүлэлт тогтвортой өссөн, ажлын гүйцэтгэлийн чанар дээшилсэн гэдэг нь тодорхой үзүүлэлтүүдээр батлагдсан.
2024 оны байгууллагын соёлын судалгааны үр дүнгээс хуваалцахад өмнөх жилүүдтэй харьцуулахад ажилтны сэтгэл ханамжийн үнэлгээнд маш сайн үзүүлэлттэй гарч, томоохон үсрэлт хийсэн жил болсон. Энэ нь бидний ажилтандаа зориулж хэрэгжүүлсэн уян хатан ажлын орчин, бодлогын үр дүн шууд илэрч байгааг харуулж байгаа юм.
Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд баярлалаа.
Баярлалаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.