Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхээр зорьж буй Lemon Press Opinions-н ээлжит дугаарыг хүргэж байна. Энэ удаад бид Ашид Ассет Менежментийн Сангийн менежер Б.Батгаригийн “Эрсдэлийг удирдах буюу Хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх нь” хэмээх нийтлэлийг хүргэж байна.
Хүн бүр санхүүдээ санаа тавьж, тэр хэрээр хадгаламж, хувьцаа, бонд гэх мэтээр хөрөнгө оруулалтын олон хэлбэрийг туршиж, алдаж бас онож, ямартай ч ирээдүйд зориулж хөрөнгөө өсгөхийг зорьдог болжээ. Хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэхийн хэрээр хөрөнгийн зах зээл дээр хурдан хугацаанд “БАЯЖУУЛАХ” олон төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгсэл шил даран гарч байна. Хэдий сонголт нэмэгдэж, зах зээл өсөж буй ч хөрөнгөө тогтмол өсгөх алтан дүрэм бол “Хөрөнгөө алдахгүй байх” явдал билээ. Тэгвэл хөрөнгийн зах зээлийн эрсдэлийг хэмжиж бас удирдаж сурснаар хөрөнгөө алдах биш харин өсгөх боломжтой болно. Эрсдэлийг удирдаж, хөрөнгө оруулалтаасаа өгөөж хүртэх арга хэлбэрийг бид “Хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх” гэж нэрлэдэг.
Хөрөнгө оруулалтын багц бүрдүүлснээр олон төрлийн өгөөжтэй, өөр өөр төрлийн эрсдэлтэй хэрэгслүүдэд хөрөнгөө тараан байршуулж, нэг бүтээгдэхүүнээс хамаарах хамаарлыг багасгаж, болзошгүй эрсдэлээс хөрөнгөө хамгаалдаг учраас хөрөнгө оруулалтын зөвлөхүүд багц үүсгэх эсвэл багцад хөрөнгө оруулахыг санал болгодог. Гэхдээ тэнцвэртэй, сайн төрөлжүүлсэн хөрөнгө оруулалтын багц аливаа хөрөнгө оруулагчийн санхүүгийн зорилгодоо хүрэх, эрсдэлийг удирдах амин чухал арга зам бөгөөд ухаалгаар хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх нь хэдэн хувьцаа эсвэл бонд сонгохоос илүү адал явдалтай, хүндхэн аялал байдаг билээ. Тиймээс туршлагатай хөрөнгө оруулагч эсвэл дөнгөж эхэлж байгаа эсэхээс үл хамааран амжилттай хөрөнгө оруулалтын багцыг бий болгох алхмуудыг хэрэгжүүлэхийг зөвлөе. 👇
Хөрөнгө оруулалтын багцыг бүрдүүлэх хамгийн эхний алхам бол санхүүгийн зорилгоо тодорхойлох явдал юм. Зорилгоо тодорхойлсноор хүрэх үр дүн, хугацаа тодорхой болж, хөрөнгө оруулалтын стратеги бий болгох эхлэл болох юм. Ингэснээр та хөрөнгө оруулалтаа буцаан татах хүртэл хэр удаан хугацаанд хөрөнгө оруулалтаа барих вэ гэдгийг тодорхойлж, түүнд нийцсэн хугацаанд өгөөжөө хүртэх боломжтой хөрөнгө оруулалтын хэрэгсэл сонгох хэрэгтэй гэсэн үг юм.
Жишээлбэл, хэрэв та одоогоос 30 жилийн дараа тэтгэвэрт гарахаар мөнгө хуримтлуулж байгаа бол хувьцаа оновчтой сонголт байх бол 2 жилийн дараа шинэ орон сууц худалдаж авахаар төлөвлөж буй бол та дунд хугацаат өрийн хэрэгсэлд хөрөнгө оруулах нь илүү тохиромжтой гэх мэт.
2. Эрсдэл даах чадвараа тодорхойл
Зорилгодоо хүрэхийн тулд хэзээ мөнгө хэрэгтэйг та мэдэж байгаа тул эрсдэл даах чадвар буюу зорилгодоо хүрэхийн тулд богино хугацаанд хэр их алдахад бэлэн байгаагаа тодорхойлж чадна.
Хөрөнгө оруулалт хийх хугацаа урт байх тусам та илүү эрсдэл даах чадвартай болдог. Учир нь танд богино хугацааны алдагдлыг нөхөх цаг их байдаг. Нөгөөтээгүүр богино хугацааны зорилтууд нь ерөнхийдөө илүү консерватив буюу эрсдэл багатай хөрөнгө оруулалтын стратеги шаарддаг.
Жишээлбэл, хэрэв та 30 жилийн дараа тэтгэвэрт гарахын тулд мөнгө хуримтлуулахдаа хэтэрхий бага эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийвэл хүссэн үр дүндээ хүрэхгүй байх магадлалтай. Харин хэрэв та 5 жилийн дараа тэтгэвэрт гарахаар төлөвлөж байгаа бол хэт их эрсдэл хүлээх нь хэрэв алдагдал бий болбол нөхөх хугацаа бага байгаа тул мөнгөө алдах эрсдэлтэй нүүр тулах магадлалтай.
Тэгэхээр эрсдэл даах чадвар гэдэг нь санхүүгийн зорилгодоо хүрэх үр дүн, хугацаа болон тэр хүртэлх зах зээлийн ханшийн өөрчлөлтөд та хэр таатай байх хоорондын тэнцвэр юм. Өөрийн эрсдэл даах чадварыг таньж мэдэн, түүнд нийцүүлж хөрөнгө оруулалт хийснээр зах зээлийн шуурган дунд бүтэн нойртой унтаж, санаа амар хөрөнгө оруулж чадах юм.
3. Хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх
Бүх өндгөө нэг сагсанд хийхээс сэргийлж, алдагдлыг хязгаарлахын зэрэгцээ хөрөнгийн өсөлтийг бий болгохын тулд хөрөнгөө хувьцаа, бонд, ХБҮЦ, хадгаламж зэрэг хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд хуваарилах хэрэгтэй.
Жишээлбэл, хэрэв та эрсдэл даах чадвар сайтай, 30 жилийн хугацаатай хөрөнгө оруулалт хийж буй бол 90%-ийг хувьцаанд, 10%-ийг өрийн хэрэгсэл рүү хуваарилж болно. Дунд зэргийн эрсдэл даах чадвартай бол 60% хувьцаа, 40% өрийн хэрэгсэл бүхий багц бий болгож болно.
Хөрөнгөө хэрхэн төрөлжүүлэхээ шийдсэний дараа та эдгээр хөрөнгийн ангилал дотор нь мөн адил хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх боломжтой. Жишээлбэл, та 90%-ийн хувьцаагаа том болон дунд хэмжээний компанийн хувьцаанд хувааж, дараа нь банк, санхүү, эрүүл мэнд, аж үйлдвэр, технологи зэрэг үйл ажиллагааны чиглэлээр нь хувьцаагаа төрөлжүүлж болно.
4. Тогтмол хяналт тавьж, тэнцвэржүүлэх
Та "худалдан авах" товчийг дарж багцаа бүрдүүлсэн бол цаашид хөрөнгө оруулалтын багцаа байнга анхаарч, хянаж байх хэрэгтэй. Учир нь зах зээл үргэлж ханшийн хөдөлгөөн дунд өрнөж буй бөгөөд тэдгээрийн үр дүнд таны багцын зохистой харьцаа ч мөн адил өөрчлөгдөж байдаг. Тиймээс хөрөнгө оруулалтын багцаа тогтмол хянаж, шаардлагатай үед өөрчлөлт хийх нь чухал.
Түүнчлэн таны амьдралын нөхцөл байдал өөрчлөгдөж, хөрөнгө оруулалтын зорилго, стратеги, эрсдэл даах чадвар өөрчлөгдвөл та хөрөнгө оруулалтын багцдаа өөрчлөлт хийх шаардлагатай болж магадгүй. Гэрлэх эсвэл салах, эцэг эх болох, шинэ бизнес эхлүүлэх, өв залгамжлах эсвэл тэтгэвэрт гарах дөхөх зэрэг нь одоогийн хөрөнгө оруулалтын стратегиа эргэн харах шаардлагатай амьдралын үйл явдлууд юм.
Дүгнээд харвал, хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх нь өөрийн хөрөнгө оруулалтын зорилго, эрсдэл даах чадвараа үнэлэх, түүнд нийцүүлж хөрөнгөө хуваарилж, багцаа бий болгох, үүсгэсэн багцаа тогтмол хянаж, шаардлагатай бол тэнцвэржүүлэх, өөрчлөлт хийх зэрэг цогц үйл ажиллагаа юм. Хэдийгээр төвөгтэй сонсогдож буй ч хөрөнгө оруулалтын багцаа бүрдүүлж байнга санаа тавьж, анхаарал хандуулснаар гэрийн ургамал шиг цэцэглүүлж чадвал амьдралд тань өнгө нэмэх нь гарцаагүй.
Зарим хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө оруулалтын багц бүрдүүлээд, нэг бүрчлэн шинжлэн харьцуулж сонголт хийх цаг зав аль эсвэл мэргэжлийн чадамж байхгүй тул багц бүрдүүлэх нь бараг л боломжгүй мэт зүйл болж хувирдаг. Тийм учир дээрх төрлийн хөрөнгө оруулагчдыг нэгтгэн, тэдний өмнөөс хөрөнгө оруулалт хийдэг тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн “Хөрөнгө оруулалтын сан” гэх хөрөнгө оруулалтын хэрэгсэл бий болсон.
Манай улсад хөрөнгө оруулалтын сан гэх ойлголт шинэ тутам хэдий ч олон улсын хөрөнгийн зах зээлд хамтын хөрөнгө оруулалтын сан хөгжөөд хэдэн зууныг үдэж байна. Хөрөнгө оруулалтын сангуудыг нээлттэй, хаалттай, хамтын, хувийн гэх мэт олон янзаар ангилдаг. Эдгээр хөрөнгө оруулалтын сангуудаас та өөрийн хөрөнгө оруулалтын зорилгод нийцэж буй санд хөрөнгө оруулах замаар хөрөнгө оруулалтын багцтай болох боломжтой.
Аль ч тохиолдолд хөрөнгө оруулалтын багцыг бий болгох, удирдах нь байнга үргэлжилдэг процесс гэдгийг санаарай. Тэвчээртэй байж, өөрчлөгдөж буй нөхцөл байдалд дасан зохицож, мэдээлэлтэй шийдвэр гаргаж чадвал таны ирээдүй танд талархах болно!
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.