
Ерөнхий сайд Н.Учрал 2030 он хүртэл 100 мянган айлыг орон сууцжуулах хөтөлбөр зарлалаа. Үүнд төрийн 40 мянган орон сууцыг урьдчилгаагүй, хувийн хэвшлийн 60 мянган орон сууцыг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор төлөвлөжээ. Харин 2027 онд 16 мянган айлыг ипотекийн 6%-ийн зээлд хамруулах зорилт тавьсан байна.
💰 Санхүүжилт: ₮2.1-₮2.4 их наядын хэрэгцээ
Нэг зээлд ₮129-₮150 сая ногдоно гэж тооцвол 2027 онд 16 мянган айлыг хамруулахад ₮2.1-₮2.4 их наяд шаардлагатай. Энэ нь батлагдсан төсөв бус, зээлийн хэмжээнд тулгуурласан тооцоо юм. Эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх нь гол сорилт болно.
👀 Нийлүүлэлт: Дэд бүтцийн хязгаар
Жил бүр олон мянган байр барихаас гадна дулаан, цахилгаан, ус, замын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Дэд бүтэц бэлэн бус бол барилгын төлөвлөгөө хэрэгжилтээс хоцрох эрсдэлтэй.
💥 Түрээс: Зах зээлд нөлөөлөх нь
Хоёр өрөө байрны сарын дундаж түрээс ₮1.9 сая байхад төрийн хөтөлбөрийн түрээс ₮700 мянга байна. Хангалттай байр ашиглалтад орвол ижил байршлын түрээс буурах боломжтой ч нөлөө нь байрны байршил, чанараас хамаарна гэсэн үг.
Эцэст нь… Хөтөлбөр урьдчилгааны саадыг бууруулж, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой ч бодит үр дүн нь санхүүжилтийн эх үүсвэр, дэд бүтцийн бэлэн байдал, иргэдийн төлбөрийн чадвараас шалтгаална. Амжилтыг баригдсан байрны тоогоор бус, иргэд санхүүгийн дарамтгүйгээр орон сууцтай болж чадаж буй эсэхээр хэмжих нь зүйтэй.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.