Хэдхэн жилийн өмнө дотнын хүн чинь сагсан бөмбөгөөр хоолоо олж иднэ гэж хэлсэн бол та тэгж байхаар хичээлээ хий гэж хэлэх байсан нь баараггүй. Гэвч энэ үе ард хоцорч, Монголын сагсан бөмбөгийн хөгжил дараагийн түвшинд хүрчээ. Яаж хөгжсөн бэ гэж үү?
3️⃣0️⃣ Үндэсний дээд лиг
Тэртээ 1994 онд Үндэсний Дээд Лиг эхэлж өдгөө 30 дахь улирал үргэлжилж байна. 2024-2025 оны улиралд NBA-н супер од асан Демаркус Казинс ирсэн, ₮450 саяын гэрээ зурагдсан, томоохон ивээн тэтгэгчид, үнэ цэнтэй тоглогчийн шагналын төлөөх өрсөлдөөн, гал гарсан аваргын өрсөлдөөн зэрэг дурдаад байвал дуусашгүй олон онцгой үйл явдал тохиов.
🚀 Сагсны баг ашигтай
Энэ жил Үндэсний дээд лигийн эрэгтэй баг дунджаар 5 ивээн тэтгэгчтэй оролцсон ба ивээн тэтгэгчдийн дунд Шунхлай групп, АПУ (APU), ХААН Банк (KHAN), Таван Богд гэх мэт томчууд бий. Ашигтай ажилладаг баг өдрийн од шиг байсан бол одоо шагналын сан, ивээн тэтгэлэг, тасалбарын борлуулалт гэх мэт олон орлогын сувагтай болсноор ашигтай ажиллах боломжтой болсон аж. Жишээлбэл энэ жилийн аварга баг ₮500 саяын шагнал аваад дээр нь ирэх жил $2.5 саяын шагналын сантай EASL-д өрсөлдөх тасалбараа халааслах юм.
⛹🏻♂️ Тамирчдын тухайд
Монголын аль ч лигт байхгүй цалин, тамирчдын солилцоо Үндэсний дээд лигт л бий. Тухайлбал, Сэлэнгэ Бодон багийн А.Базаргүр энэ улиралд 3 жилийн ₮450 саяын гэрээг үзэглэв. Тэрээр энэ улиралд SG Apes багаас ₮120 саяын солилцоогоор ирсэн. Мөн цагтаа NBA-г донсолгож явсан Демаркус Казинс тус багт сарын $1 саяын цалинтай ирсэн хэмээх шуум гараад амжив. Багуудын зардал жил ирэх бүр нэмэгдсээр 2022 оныхоос 5 дахин өсөж ₮1 тэрбумд хүрээд буй. Энэ жил SG Apes багийн тамирчдын дундаж цалин л гэхэд сарын ₮4.4 сая байжээ.
Эцэст нь.. BCL хэсгийн тоглолтууд дуусаж, аваргын төлөөх цуврал маргааш 15 цаг 10 минутаас M bank arena-д үргэлжилнэ. Хасын Хүлэгүүд цувралыг 3:1 болгож тэргүүллээ баталгаажуулах уу эсвэл Бишрэлт Металл цувралыг тэнцүүлж анхны аваргын цомоо өргөхөд нэг алхам ойртох уу гэдгийг харцгаая.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.