
Өнөөдөр дэлхийн сая сая видео тоглоомчдын 13 жил хүлээсэн Grand Theft Auto VI (GTA VI) тоглоом нээлтээ хийж байна. Тэгвэл өмнөх цуврал GTA V анх гарснаас хойших 13 жилийн хугацаанд Монголын эдийн засаг, бидний амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг эргэн харцгаая.
⏳ 13 жилийн дотор юу өөрчлөгдөв?
GTA V анх нээлтээ хийсэн 2013 он болон өнөөдрийн Монголын эдийн засгийг харьцуулбал сонирхолтой дүр зураг харагдана. Тухайлбал, 1 кг үхрийн гуяны цул мах ₮9.6 мянгаас ₮34.4 мянга болж 3.6 дахин, $-ын ханш ₮1,675-аас ₮3,604 хүрч 2.2 дахин, 1 м.кв орон сууцны дундаж үнэ ₮2.1 саяас ₮4.9 сая болж 2.3 дахин өсжээ. Харамсалтай нь улс төрчдийн хий хоосон утааг бууруулах, түгжрэлийг арилгах, метро барих гэх мэт амлалтууд бахь байдгаараа үлдэв.
💸 Тоглоомын амжилт
Sensor Tower-н тооцоолсноор, GTA VI 15.9 сая урьдчилсан захиалга авч $1.5 тэрбумын орлого олоод байна. Ингэхдээ захиалгын 87%-ийг $99.99-ийн үнэтэй Ultimate хувилбар эзэлж байгаа аж. Нэг ёсондоо GTA VI албан ёсоор нээлтээ хийхээсээ өмнө GTA V-ийн 13 жилийн хугацаанд олсон $10 тэрбумын орлогын 15.4%-тай тэнцэх мөнгийг олжээ.
Эцэст нь… Өмнөх GTA V гарахад Монголчууд шинэ жилээр мэндчилгээ дэвшүүлдэг Ерөнхийлөгчтэй байлаа. Харин GTA VI гарахад Монгол хөгжил цэцэглэлтийн гараан дээрээ байна гэж хэлэх Ерөнхийлөгчгүй хоцорчээ. За тэгээд дараагийн GTA VII гарахад Монгол маань хөгжил цэцэглэлтийн гараанаасаа хөдөлсөн байх болов уу? 😅
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.