Lead With булангийн ээлжит дугаарт Монголоос цахиурын хөндийд хүрэхээр тэмүүлж буй erxes Inc-н үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, технологийн энтрепренер А.Мэнд-Орших оролцож өөрийн манлайллын туршлага, удирдах арга барилаас хуваалцлаа.
Түүний хувьд АНУ-д оюутан байхдаа зорьсон зүйлээ заавал сургуулиас биш өөрийн биеэр хийж үзэн суралцаж болох юм байна хэмээн бодож, сургуулиа орхин Монголдоо ирж байв. Тэр үед буюу 2009 онд өөрийн улаан дэвтэрт буулгаж байсан хүн төвтэй, нийгэмд ээлтэй бизнесийг босгох санаа нь өдгөө зөвхөн Монголд төдийгүй ОУ-д танигдсан маркетингийн технологийн (MarTech) erxes брэнд болтлоо хөгжөөд байна.
Боловсрол:
Карьер:
Таны манлайлах арга барил, философи юу вэ?
1. Би хүнд итгэл хүлээлгэж, боломж олгох дуртай хүн. Ялангуяа алдах боломжийг мөн олгож чаддаг. Энэ боломжийг алдаж, бас онож олж авдаг хүн гэж бий.
2. Миний аливаа зүйлийн эхлэлийг тавих чадвар илүү сайн. Энэ нь баг удирдахад хүмүүсийнхээ чаддаг зүйлийг нь итгэл дүүрэн хийх тэр боломжийг бүрдүүлэхэд хамгийн их хэрэг болдог. Харин багийнхан маань миний эхлүүлсэн зүйлийг яг ажил болгож, дэмжиж босгож ирэхэд илүү төвлөрдөг.
3. Баг болж ажиллаж байгаа хүмүүсийнхээ мөрөөдөл зорилгыг сонсоод миний мөрөөдөлтэй хэрхэн нийцэж сайн баг болж ажиллах хэрэгтэйг ойлгуулж чаддаг. Гэхдээ энэ хугацаанд том зүйлийн төлөө олон жижиг юмыг золиослох хэрэг гардаг гэдгийг санах хэрэгтэй.
Манлайлагч хүнд байх ёстой 1 чанар?
Минийхээр Монголд, монгол залууст том мөрөөдөл, том зорилго хамгийн их дутагдаж байна гэж боддог. Гэтэл энэ бол аливаа зүйлийг эхлүүлсэн, удирдаж байгаа хүний хувьд байх ёстой чухал чанаруудын нэг. Яг үүнтэй холбоотойгоор миний хувьд нэг том зорилго тавьчихсан үүндээ хүрэхийн тулд жижиг жижиг алхмуудаар тэмүүлж байна.
Таны хэзээ ч мартдаггүй манлайллын түүх?
Миний амьдралын хамгийн эмзэг, чухал үед эргэлтийн цэгийг тодорхойлж, энтрепренер галыг асааж өгсөн Б.Бүүвэй гэж хүн бий. Түүний хувьд Харвардын Бизнесийн Сургуулиас MBA зэрэг хүртсэн анхны монгол хүмүүсийн нэг. Өмнө хэлсэнчлэн би АНУ-д суралцаж байхдаа “Бизнес хийж үзээгүй байж бизнесээр сурна гэдэг утгагүй хэрэг байна” гээд сургуулиа орхих шийдвэрийг гаргаад байсан үедээ Бостонд танилцсан юм. Б.Бүүвэй ах надад, миний карьерт хамгийн их нөлөөлсөн Даниел Пинк, Гай Кавасаки, Малкольм Гладвелл, Сет Годин гэж 4 зохиолчийн номыг уншихыг санал болгож байсан юм. Сургуулиа хаяад эх орондоо ирж өөрийн бизнесийг эхлүүлэхээр шийдсэн тухайн үеийн надад түүний санал болгосон энэ номууд болоод “Чи өөртөө л итгэлтэй байвал яваад бодсоноо бүтээ, хий (make it happen)” гэж хэлсэн түүний үг өнөөдрийн намайг бий болоход хамгийн их нөлөөлсөн учир энэ түүхийг л онцолмоор байна.
Таны карьераас бидний мэдэх ёстой 3 чухал зүйл?
1. 2011 оны сүүл 2012 оны эхэн үеэс эхлүүлсэн Цахиурын хөндийг зорих том мөрөөдлийг тээн багийнхантайгаа алхаж эхэлсэн үйлдэл маань. АНУ-аас ирээд шууд л технологийн компани байгуулна гэж бодож байгаагүй. Анх компаниудад маркетинг, сошиал медиа маркетинг үйлчилгээ үзүүлэх бизнес санааг эхлүүлээд агентлагийн загвараар ажиллаж байсан. Үүнийхээ хажуугаар технологийн төслөө урагшлуулж байсан. Тухайн үед монгол инженерүүд Цахиурын хөндийд гарч, ажиллаж, үнэлэгдэж чадаж байсан ч багаараа, компани байдлаар гарч чадахгүй байсан. Тийм ч утгаараа бидний хийх зүйл бол угаасаа Цахиурын хөндийд л гарах ёстой юм байна гэх том зорилгыг тавьсан. Ингээд эхний бүтээгдэхүүнүүдээ хийж үзээд, үүгээрээ Y Combinator, Techstars-д 2012 оноос анхны материалаа илгээж эхэлсэн байдаг.
2. Ер нь ямар ч зүйл хийсэн эхлээд өгөх ёстой юм байна гэдгийг би маш сайн ойлгосон. Энэ санааны хүрээнд Erxes open-source маркетингийн платформыг эхлүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, “өгөх” гэсэн суурь технологиор хөгжүүлсэн гэсэн үг. Эх код гэдэг бол үнэ цэнтэй зүйл. Гэхдээ хэн ч ороод бидний бичсэн кодыг ашиглах боломжийг олгох нь асар том зориг, хариуцлагатай үйлдэл юм. Энэ бол миний карьераа эхлүүлснээс хойш 4-5 төсөл дээр алдаж, оносны дараа ойлгож, эхлүүлсэн том төсөл юм.
3. Монголд ажиллаж амьдарч байсан гаднын мэргэжилтнүүд, сайн дурын ажилтнууд,, багийнхантайгаа хамтран 60 гаруй бүрэлдэхүүнтэйгээр Монголд анхны TED болох TEDxUlaanbaatar-г 2012 онд мөн санаачлан зохион байгуулж байлаа.
Ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд хийсэн хамгийн сайн хөрөнгө оруулалт тань юу байсан бэ?
Хэрхэн үргэлжлүүлэн суралцаж, өсөн дэвжиж байна вэ?
Суралцах гэдэг нь заавал ямар нэгэн ном уншаад, подкаст сонсоод, эсвэл ямар нэгэн эрдмийн зэрэг хамгаалахаар илэрхийлэгдэхгүй. Хүн эрүүл мэнд, сэтгэл санаа гээд өөрийгөө бүрдүүлж байгаа бүх зүйлийг орхигдуулахгүй бүх талын мэдлэгийг байнга байх хэрэгтэй.
Бүхий л хугацаанд хийж байгаа ажил, эхлүүлсэн төслүүд маань бүгд л эцсийн дүндээ алдаатай, оноотой А.Мэнд-Орших гэдэг хүнийг л бүтээж буй хэрэг. Ер нь өөрийгөө олоогүй, өөрийгөө хайрлажчаддаггүй хүн хэчнээн алдартай онол, философи, амжилтын түүх яриад ямар ч нэмэргүй. Эцэст нь, олон зүйл мэддэг хүнээс өөрийгөө мэддэг хүн нь илүү дээр шүү.
Та хэдэн хүнтэй баг удирддаг вэ?
Яг одоо манай багт 80 орчим хүн байна.
Таныг өнөөдрийн амжилтад хүрэхэд хамгийн их нөлөөлсөн хүн эсвэл үйл явдал?
Миний амьдрал, ажил, карьер гээд бүгдэд нь хамгийн ихээр нөлөөлсөн 4 эмэгтэйг би нэрлэмээр байна.
1. “Хүн шиг байх амархан, Хүн байх хэцүү” гэх суурь философийг багаас минь ойлгуулж, чиглүүлсэн эмээ маань.
2. Аливаад тууштай байх нь ямар давуу тал, үр дүнг бий болгож болдог вэ гэдгийг бодитоор надад үлгэрлэж яваа ээж маань.
3. Аливаа зүйлийн суурийг системтэй зөв тавих нь ямар чухал вэ гэдгийг надад ойлгуулж яваа миний ажлын хамтрагч, эхнэр Б.Наран.
4. Надад амьдралын мөн чанарыг бүхэлд нь зааж, мэдрүүлсэн миний охин. Охинтой болсныхоо дараа эхнэр, ээж, эмээгээ илүү сайн ойлгодог болсон шүү.
Таны ажлын ноу хау?
Карьераа амжилттай удирдахад анхаарах зүйл?
Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Гэхдээ хэн ч байсан үнэн байгаасай гэж хүсэж, өөрөө ч үүний тулд хичээн ажиллаж, амьдардаг хүн. Үнэний замаар явах жаахан удаан ч гарцаагүй сайн үр дагавар авч ирдэг. Энэ уг нь хүн төрөлхтний амьдралын суурь дүрэм ч одоо хамгийн чухлаар хөндөгдөх нийгмийн сэдэв болоод байна.
Та хаанаас мэдээлэл авдаг вэ?
Morning Brew newsletter, Twitter
Санал болгох ном?
Даниел Пинк–н Drive гээд номыг санал болгомоор байна. Манай компанийн соёл түүний номуудаас эхлэлтэй, одоо хүртэл хэрэгжүүлсээр байгаа.
Санал болгох подкаст?
Сонсдоггүй.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.