
Санхүүгийн зохицуулах хорооны шинэ журмаар ТОП-100 ААН олон нийтэд нээлттэй байдлаар бонд гаргах боломжтой болж байгаа билээ. Энэ хүрээнд холбогдох журам болон бондын хөтөлбөрийн талаар Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөнтэй ярилцлаа. Хүлээн авна уу.
Өнгөрсөн 4-р сард СЗХ ТОП-100 аж ахуй нэгжийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог нэмэх чухал журам баталж, компанийн бондуудын эхлэл болж өнгөрсөн мягмар гарагт Шунхлай ХХК бондоо гаргасан. Энэ журмын талаар танилцуулна уу.
Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран “ТОП-100 ААН-ийг хөрөнгийн зах зээлд татан оролцуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд ялангуяа дотоодын бондын зах зээл дээр өрийн хэрэгсэл гаргах тохиолдолд тодорхой хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх нөхцөлийг журамд тусгаж өгсөн.
Журмын дагуу ТОП-100 ААН ₮5 тэрбум хүртэлх үнийн дүнтэй, 1 жилийн хугацаатай буюу олон улсад “Commercial paper” гэж нэрлэгддэг богино хугацааны санхүүжилтийн хэрэгслийг нээлттэй болон хаалттай хэлбэрээр гаргах боломжтой болсон. Хэрэв нээлттэй хэлбэрээр бонд гаргавал барьцаа, баталгаагүйгээр гаргах бөгөөд СЗХ шийдвэрийг нь 1–10 хоногийн дотор хурдан гаргахаар зохицуулж өгсөн. Ингэснээр цаг хугацаа, өртгийг асар их бууруулж байгаа юм.
Мөн өнгөрсөн хаврын чуулганаар батлагдсан “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-д оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу шинэ бүтээгдэхүүн гаргах боломж бүрдсэн. Өмнө нь томоохон ААН, компанийн гарсан бондын хувьд барьцаагүйгээр гаргасан нь компанийн хувьд том давуу тал болсон. Үүнтэй холбоотойгоор яагаад зөвхөн ТОП ААН-үүдийг сонгож, ₮5 тэрбумын хязгаар тогтоосон бэ гэсэн асуулт төрж байгаа байх.
Журмын хэрэгжилтийн хугацааны тухайд МҮХАҮТ болон СЗХ-ны байгуулсан санамж бичиг тодорхой хугацаатай ч, хуулийн хүрээнд баталсан журмын хувьд захиргааны хэм хэмжээний актын шинжтэй учраас хугацаагүй мөрдөгдөнө. Гэхдээ бодлогын болон зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдвөл журамд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой. Одоогоор хугацаагүй хэрэгжиж байгаа.
Та яриандаа ТОП-100 ААН-д ямар нэгэн барьцаагүй бонд гаргах боломж олгож байгаа нь хөрөнгийн зах зээлд оролцох оролцоог нь нэмэх чухал хөшүүрэг болно гэлээ. Өмнө нь компаниудад барьцаагүй бонд гаргах боломж хэр байсан бэ? Мөн ₮5 тэрбумын үнийн тааз тогтоосны учир юу байв?
Олон улсын жишгээр бол барьцаагүй бонд гаргахын тулд зээлжих зэрэглэл тогтоолгосон байх шаардлагатай. Манайд 2021 оноос эхлэн дотоодын зээлжих чадварын үнэлгээ тогтоох компаниуд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд одоогоор 4 орчим компани зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна. Зарим ААН аль хэдийнээ зэрэглэл тогтоолгож, түүндээ үндэслэн бонд гаргаж байна. Гэвч нийт компаниудын хувьд зэрэглэл тогтоолгоогүй тохиолдолд МҮХАҮТ, Засгийн газар хамтран жил бүр тодорхойлдог ТОП-100 ААН-ийг үндэслэн уг боломжийг олгож байгаа юм. Зохицуулагч байгууллагын зүгээс хамгийн чухал дэмжлэг бол богино хугацаанд шийдвэр гаргах, барьцааны шаардлагыг бууруулах, ингэснээр компаниудын бонд гаргах зардлыг бууруулахад тус дэм болно гэж харж байна.
Мөн түрүүн хэлсэнчлэн барьцаа баталгаагүй гарч байгаа ч зах зээлд жишиг тогтоох том давуу талыг авчирна. Үнийн дүнг ₮5 тэрбумаар тогтоосон шалтгаан нь хэтэрхий том дүн тогтоогоод өгчихвөл зарим компаниудад эрсдэлтэй. Өөрөөр бол зах зээлд эрсдэлтэй бүтээгдэхүүн гаргана гэсэн үг. Тиймээс компаниуд ижил нөхцөлд шударга өрсөлдөх боломжийг хангах үүднээс одоогоор ₮5 тэрбумын дээд хязгаар тогтоосон.
Мэдээж, зах зээл цаашид хөгжиж, компаниуд санхүүгийн чадавхаа үнэлүүлж, зээлжих зэрэглэл тогтоолгох соёл төлөвшвөл, нийтлэг дээд хязгаар тогтоох шаардлагагүй болно.
Хөтөлбөрийн хүрээнд бонд гаргаж буй компаниуд өгөөжөө хэрхэн тогтоож байгаа вэ?
Өгөөж буюу тухайн бондын хүү ямар байх вэ гэдгийг онолын хувьд төгрөгийн суурь хүү дээр тухайн компанийн зээлжих зэрэглэлээс хамаарах эрсдэлийн нэмэгдэл (risk premium)-ийг нэмж тодорхойлдог. Мөн хугацаанаас шалтгаалж ялгаатай буюу богино хугацаатай бол харьцангуй бага, урт хугацаатай бол харьцангуй өндөр хүүтэй байна. Иймээс компаниуд бондын хүүгээ өөрсдөө тогтоон санал болгож байгаа.
Нэмж хэлэхэд, Засгийн газар энэ оноос эхлэн дотоодын зах зээл дээр 4 төрлийн хугацаатай үнэт цаас гаргаж эхэлсэн. Энэ нь тухайн хугацааны төгрөгийн суурь хүүг илүү тодорхой харах боломжийг бүрдүүлсэн. Тиймээс компаниудын санал болгож буй өгөөж нь энэ суурь хүү дээр өөрийнх нь зээлжих зэрэглэлээр нэмэгдэж тогтоогдож байгаа гэсэн үг. Ингэснээр хөрөнгө оруулагчид ижил зэрэглэлтэй компаниудын бүтээгдэхүүнийг хооронд нь харьцуулж үзэх боломжтой болж, хөрөнгө оруулах шийдвэрээ илүү бодитой гаргах нөхцөл бүрдэж байна.
СЗХ-ноос уг журам батлагдсан нь хэрэгжиж эхэлсэн нь зах зээлд ямар үр нөлөө үзүүлэх хүлээлттэй байгаа вэ?
ТОП-100 ААН-ийн 10–20 хүрэхгүй компани хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцоотой байгаа нь чамлалттай үзүүлэлт. Журмын хэрэгжилтийн үр дүнд илүү олон компани бонд гаргаж, хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцоно гэх хүлээлттэй байна.
СЗХ-ноос хийсэн судалгаагаар компаниудын хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээлэл муу, мэдлэг дутмаг байсан нь оролцоог сааруулдаг гол шалтгаан гэж дүгнэсэн. Мөн хөрөнгийн зах зээлд банкны салбар давамгай оролцоотой байгаа нь компаниудын санхүүжилтийн үндсэн эх үүсвэр болж, үнэт цаас гаргах сонирхол харьцангуй бага байна. Тиймээс энэ сул талыг нөхөхөөр журам, зохицуулалтыг өөрчилж, илүү таатай болгосон.
Үүний хамгийн чухал зорилго нь:
Монголын хөрөнгийн зах зээлийн томоохон онцлог нь жижиг хөрөнгө оруулагчдын оролцоо өндөр байдаг. Иймээс ТОП-100 ААН-үүдийн гаргах бонд нь чанартай, хөрвөх чадвартай, хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцсэн байх нь маш чухал. Энэ нь цаашлаад зах зээлийг өргөжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хамгийн гол нь санхүүгийн чанартай хэрэгсэл, бүтээгдэхүүнүүдийг төрөлжүүлэх боломж бүрдэнэ гэж харж буй.
СЗХ-ны зүгээс бондын зах зээлд ямар бодлого, чиглэлийг онцолж хэрэгжүүлж байгаа вэ?
Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх суурь зах зээлийг бондын зах зээл гэж үзэн бид бондын төрөлжилтөд анхаарч, зах зээлд гаргахаар ажиллаж байгаа. Нэгдүгээрт, хугацааны ангиллаар ялгасан бондын бүтээгдэхүүнүүд буюу хамгийн ойрын жишээ нь ТОП-100 ААН-ийн богино хугацаатай буюу CP хэлбэрээр гаргаж буй бондууд.
Хоёрдугаарт, олон улсын санхүүгийн байгууллагын бонд гаргах нөхцөлийг идэвхтэй дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк (АХБ), Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) зэрэг байгууллагууд манай дотоодын зах зээлд төгрөг болон ам.доллароор үнэт цаас чөлөөтэй гаргах боломжтой байна. Саяхан Fitch Ratings-с Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B+ / Тогтвортой төлөвт хэвээр үлдээсэн ч томоохон ОУ-ын байгууллагууд бонд гаргах суурь нөхцөл, итгэлийг нэмэгдүүлж буй. Энэ нь зах зээлд эрсдэл багатай, хөрвөх чадвар өндөртэй бүтээгдэхүүн гарах чухал алхам.
Гуравдугаарт, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн чухал шаардлагын нэг болох тогтвортой байдлын шалгуурт нийцсэн бондуудыг хөгжүүлэх чиглэлд ахиц гарч байна. Тухайлбал, 2022-2023 оныг бараг л ногоон бондын жил байсан гэж хэлж болохоор байлаа. Араас нь нийгмийн бонд гэхэд саяхан ХААН Банк (KHAN) жендерийн бонд гаргаад байна. Мөн дотоодод Sustainability-linked bond буюу тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан шинэ төрлийн бүтээгдэхүүн удахгүй зах зээлд гарахаар зэхэж байна.
Харж байгаачлан бондын зах зээлд бүтээгдэхүүний сагс төрөлжиж, хөрөнгө оруулагчдад ногоон, нийгмийн болон тогтвортой байдлын зорилттой уялдсан гэхчлэн олон төрлийн сонголт бий болж, хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх боломж нээгдэж байна. Цаашид СЗХ илүү нээлттэй, олон нийтэд зориулсан бондын бүтээгдэхүүн бий болгохыг дэмжиж ажиллана.
Нөгөө талд ТОП-100 ААН уг журмыг хэрхэн хүлээж авсан бэ?
ТОП-100 ААН-үүдийн хувьд шаардлагатай санхүүжилтээ банкны зээл байдлаар шийдэх боломж өндөр мөн нийтлэгээрээ хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээлэл сул байгаа нь мэдээж хөрөнгийн зах зээл рүү хандах сэдлийг бууруулж байгаа нь үнэн. Тиймээс бид компаниудыг нээлттэй зах зээлд гарч хөрөнгө оруулагчидтай ойртуулах, өөрсдийгөө сурталчлах, итгэлцэл бий болгох суурийг бий болгохоор ажиллаж буй. Энэ жишгээр бизнесээ өргөжүүлж, амжилттай санхүүжилт татаад явж байгаа олон компаниуд байгаа шүү дээ.
ТОП-100 ААН-үүдийн бондын хөтөлбөр зөвхөн санхүүжилт татах арга хэрэгсэл биш, харин компанийн нэр хүндийг бэхжүүлж, хөрөнгийн зах зээлд тогтвортой, стратегийн байр суурь эзлэх боломжийг бүрдүүлнэ.
Компаниудын хөрөнгийн зах зээлийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор бид өнгөрсөн хавар бусад байгууллагуудтай хамтран 7 хоног бүр нээлттэй өдөрлөг зохион байгуулж, андройдерууд болон биржүүдтэй уулзах боломжоор ханган ажилласан.
Компанийн бондуудаас гадна СЗХ-ны ирээдүйд хийхээр төлөвлөсөн ажлын төлөвлөгөөнөөс уншигчдад маань сонирхуулбал?
СЗХ бондын зах зээлийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн ажлуудыг цогцоор нь харж ажиллаж байгаа. Сүүлийн 4-5 жил энэ зах зээлийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлснээр үр дүнд нь биржийн болон биржийн бус зах зээлд ₮4-₮5 их наядын санхүүжилт амжилттай татан төвлөрсөн байна. Одоогийн байдлаар зах зээлд Засгийн газрын үнэт цаас, аймаг, нийслэлийн бондууд, ногоон бонд, нийгмийн бонд, жендер бонд зэрэг олон улсын стандарттай нийцсэн бүтээгдэхүүнүүд, мөн доллар болон төгрөгийн үнэт цаас, дижитал бондууд гэхчлэн эрчимтэй төрөлжиж байгааг дуулгахад таатай байна.
Цаашид зах зээлийн хөгжлийг хурдасгах томоохон алхмуудын нэг нь блокчэйн технологи, крипто төлбөр, стэбл койн (stable coin) зэрэг шинэ дижитал хэрэгслийг нэвтрүүлэх явдал. Сэндбокс зохицуулалтын орчинд биржийн бус зах зээл дээр блокчэйн арилжааг амжилттай туршиж, одоо зах зээлд гарах асуудал хүлээгдэж буй. Ирээдүйд бондын болон биржийн бус зах зээлд эдгээр шийдлүүд нэвтэрснээр дижитал технологийн тусламжтайгаар хил дамнасан гүйлгээ, арилжааг илүү хялбар болгоно гэдэгт итгэлтэй байна.
Цаг гарган ярилцлсанд баярлалаа.
Баярлалаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.