Хуучирсан мэдээ/ 6 сарын 12, 2024

Apple анхны хиймэл оюун ухаант үйлдлийн системээ танилцууллаа

Apple (AAPL)-н уламжлал болсон Worldwide Developer Conference (WWDC) урд шөнө болж өнгөрлөө. 2 үг: гал, гал.

Хүлээлт дуусгавар боллоо

Удаан хугацаанд хүлээлгэсний эцэст Apple өөрсдийн AI болох Apple Intelligence-г танилцууллаа. Ингэхдээ олон хүний таамаглаж байсан шиг Siri AI-тай хоршиж ажиллан, нэг ёсондоо хэрэглэгчдийн хувийн туслах мэт ажиллах гэнэ. 

  • Apple-н AI юу хийж чадах вэ гэхээр iMessage дээр нэгэн хэвд цутгасан эможи ашигладаг цаг улиран одож Genmoji-н тусламжтайгаар хэрэглэгч AI-р бодож санасан зүйлээ төгс илэрхийлэх эможиг бүтээх, имэйлээ AI-р засуулж, ахин бичүүлэх зэрэг олон боломж нээгдэж байна. Хамгийн гоё нь Photos дээр Photoshop шиг функц нэмэгдэх гэнэ ээ.
  • Apple x ChatGPT: Siri AI-н чадлаас хэтэрсэн даалгавар гарч ирвэл GPT-4o-г ашиглах боломжтой болж байгаа юм байна. Хэрэглэгч ChatGPT хэрэглэдэггүй байсан ч Apple-н төхөөрөмжүүд дээр ашиглахад үнэгүй төдийгүй бүртгэл үүсгэх шаардлагагүй аж. Энэ өөрчлөлт орвол Apple-ийн бүх утсыг “Ban” хийнэ хэмээн Маск мөн жиргэв. Маск, Алтман хоёрын улс төр цаашид хэрхэх нь сонирхолтой.

iOS 18 = Улам хөөрхөн болсон Apple-н гэр бүл

iOS 18 AI-р түрэгдэж урьд хожид харагдаагүй хэрэглэгчийн туршлагыг ахиулсан шийдлүүдтэй болоод буй. Тухайлбал, Control Center-г хүссэнээрээ өөрчлөхийн сацуу апп-уудын өнгийг улаан, ногоон хүссэн өнгөөр өөрчлөх, утсан дээрээ байлгахаас ичдэг зарим апп-ийг нуух, түгжих боломжтой болгоод буй. 

  • Ухаалаг: Саяхнаас iPhone хэрэглэгчид утсаа ойртуулаад л утасны дугаар, хувийн мэдээлэл, зураг, бичлэг хуваалцах боломжтой болсон доо. Тэгвэл Apple Wallet ч яг ийм замаар хэрэглэгч хооронд гүйлгээ хийх боломжтой болсон байна.
  • macOS Sequoia: MacBook-н тухайдiPhone Mirroring апп-ийн тусламжтай iPad, iPhone гээд бүхий л төхөөрөмжөө удирдах боломжтой болж.
  • Толгой байхад л болно: AirPods Pro-р дуудлага авахдаа хэрэглэгч толгойгоо дохиж, сэгсрээд л дуудлага авч, тасалж болох нь ээ.

Эцэст нь… Дэлхий урагшилсаар. Мань мэт бахь байдгаараа.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.