Газрын ховор элемент (ГХЭ)-ийн Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлэгч МНРИК ХХК анхныхаа БОНЗ-ын тайлангаа гаргалаа. Ямар учиртай төсөл вэ? Тайлангийн онцлох зүйл юу байв?
Төслийн учир начир
Халзан бүрэгтэй төслийн хувьд металлын үйлдвэрлэл, EV, салхин турбин зэрэгт ордог эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий 4 элементийн нөөцтэй. Цаашид уурхайд түшиглэн гидрометаллургийн үйлдвэр барьж ГХЭ-ийн нийлмэл исэл үйлдвэрлэн экспортлохоор төлөвлөж байгаа аж.
БОНЗ-ын хүрээнд юу хийв?
МНРИК ХХК нь эрчим хүчний болон усны менежмент, хүлэмжийн хийн ялгаруулалт, хөрсний бохирдол, аюулгүй байдал, ил тод байдал зэрэг БОНЗ-ын үндсэн чиглэлийг баримтлан үйл ажиллагаагаа явуулж буй. Иймдээ ч ОУ-ын жишгийг даган Монголын уул уурхайн компаниудын тэр бүр гаргаад байдаггүй тайланг хайгуулын үедээ гаргасан биз ээ.
Нөлөөлөл
Уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчид тухайн орон нутгийнхаа ажил эрхлэлт, эдийн засаг, ЖДҮ-ийг дэмжин ажилладаг. Энэ ч утгаараа Халзан бүрэгтэй төслийн 2023 оны хайгуулын өрөмдлөгийн ажил нь богино хугацаанд өрнөсөн ч Ховд аймгийн бизнес эрхлэгч, ЖДҮ-ээс ₮391 саяын худалдан авалт хийсэн байна. Хайгуулын шатнаас олборлолт руу шилжих үед энэ тоо нэлээд нэмэгдэх нь дээ.
Цаашид юу болох вэ?
Компани өдгөө өнгөрсөн онд хийсэн геологи хайгуулын ажлын үр дүндээ үндэслэн төслийн Урьдчилсан техник, эдийн засгийн үнэлгээг бэлтгэж, технологи сонголтын туршилтуудыг хийж байна. Үргэлжлэн уг төслийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхлэх аж. ГХЭ-ийн олборлолт эхэлчихвэл эрдэс баялгийн экспортын нүүрс, зэсээс хэт хамааралтай байдал буурахаар байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.