
Юнител Групп саяхан ирэх 20 жилийн стратегиа шинэ өнгө төрх, шинэ брэндингтэйгээр олон нийтэд танилцуулсан билээ. Үүнтэй холбоотойгоор бид тус группийн Гүйцэтгэх захирлаар 2022 оноос хойш ажиллаж буй Д.Жамъяншаравын манлайлал, карьерын замналыг хүргэхээр бэлтгэлээ. Тухлан уншина уу.

Тэрбээр Юнител Группт 2010 онд Санхүү хариуцсан дэд захирлаар томилогдон ажилласнаас хойш карьерынхаа сүүлийн 16 жилийн замналаа тус групптэй хамт бүтээж яваа нэгэн юм. Мөн Юнител Группийн өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх 5 дахь Гүйцэтгэх захирал билээ.



Юуны өмнө манлайлагч хүн байгууллагаа хаашаа хүргэх гэж байгаа, ямар зорилго руу явж байгаа гэдгээ маш тодорхой мэддэг байх ёстой. Түүний дараа тэр зорилгод хүрэх арга зам, стратеги нь зөв байна уу, үгүй юу гэдгийг хянаж, ойлгож ажиллах хэрэгтэй. Энэ 2 тодорхой болсны дараа хамгийн чухал зүйл нь хэрэгжилт. Өөрөөр хэлбэл зорилгоо бодит ажил болгохын тулд хүмүүсээ 1 чиглэлд төвлөрүүлж, зорилгыг нь ойлгуулж, өдөр тутам чиглүүлж ажиллах нь удирдлагын үндсэн үүрэг гэж хардаг.
Компанийн түвшинд тодорхой бүтэц, зарчим зайлшгүй байх ёстой. Харин хувь хүний түвшинд авч үзвэл багийн гишүүн бүр өөр өөрийн онцлогтой байдаг. Хүн бүрийн давуу тал, ур чадвар, хийж чаддаг зүйл өөр. Мөн нөгөө талдаа сул тал ч бий.
Миний хувьд хүмүүсийн сул талыг засах гэж хичээхээс илүү давуу тал дээр нь ажиллахыг чухалчилдаг.
Өөрөөр хэлбэл тухайн хүний хамгийн сайн хийж чаддаг зүйл дээр нь тохирсон үүрэг, орчныг бүрдүүлж өгвөл илүү үр дүн гардаг гэж хардаг. Зарим хүн “Энэ хүний дутагдалтай талыг нь сайжруулчихвал болно” гэж боддог ч бодит байдал дээр хүнийг өөрчилнө, засна гэдэг маш хэцүү. Тиймээс давуу тал дээр нь төвлөрвөл сул тал нь аяндаа бүдгэрээд ирдэг.
Манлайлал гэдэг ганцаараа явах тухай биш, 1 зорилгын төлөө хамт явж буй багийг чиглүүлэх асуудал гэж хардаг. Багт үүрэггүй хүн гэж байдаггүй. Харин удирдагчийн хамгийн чухал үүрэг нь “Яагаад энэ зорилго, энэ ажил чухал вэ” гэдгийг багийнхандаа маш сайн ойлгуулж чаддаг байх ёстой. Мэдээж 1 өдөр гэнэт гарч ирээд л манлайлна гэж байхгүй шүү дээ. Энэ бол өдөр бүрийн тасралтгүй, тууштай хийгддэг ажил.
Жинхэнэ манлайлал гэдэг тууштай байдал дээр тогтдог. Өдөр тутмын жижиг үйлдэл, чиглүүлэг бүр нь эцэстээ багийн үр дүнг бий болгодог. Тэгж байж баг нь сайн ажиллаж, манлайлал нь бодит үр дүн болж чадах болов уу.

Юнител Группийг өнгөрсөн 20 жилийн хугацаанд 5 Гүйцэтгэх захирал удирдан, чиглүүлж ирсэн. Товчхондоо би 5 дахь Гүйцэтгэх захирал нь гэсэн үг. Өөрийн түүх гэхээс илүү Юнител Групп ирэх 20 жилийн босгон дээрээ ирээд буй энэ цаг үед олон нийтэд ч шинэ өнгө төрхөө танилцуулсан тухайгаа яривал илүү сонирхолтой байх болов уу.
Бидний ирэх 20 жилийн зорилго бол илүү өөр өнгө төрхтэйгөөр, илүү зоримог, илүү шийдэмгий зах зээл дээр ажиллах явдал.
Шинэ өнгө төрхөө танилцуулж байгаа нь ч үүнтэй холбоотой. Энэ бол зүгээр логогоо сольж байгаа асуудал бус харин ирэх 20 жилийнхээ чиглэлийг илэрхийлж байгаа хэрэг. Бид стратегиа 3 жилийн өмнөөс хамт олноороо ярилцаж, жил гаруйн хугацаанд боловсруулж, тодорхойлсон. Үндсэндээ бид ирэх жилүүдэд 4 чиглэлд төвлөрч ажиллана.
Эхний 2 чиглэлийн хувьд, бид зах зээл дэх байр сууриа улам бататгаж өснө. Харин сүүлийн 2 нь харьцангуй шинэ учраас хийх ажил их бий. Гаднын шилдэг туршлага, шинэ технологийг Монголд нутагшуулж, түүндээ тулгуурласан өөрсдийн шийдлүүдийг хөгжүүлэх нь бидний гол зорилго.
Лого шинэчилсэн тухайд эхэндээ хүмүүст содон санагдах нь мэдээж. Дассан зүйл өөрчлөгдөхөөр янз бүрийн мэдрэмж төрдөг. Гэхдээ бид энэ өөрчлөлтийг зоригтой хийсэн. Учир нь бидний ирээдүйн бизнесийн чиглэл өөрөө илүү технологид суурилсан, шинэ шийдэл рүү чиглэсэн, илүү сорилттой орчинд өрсөлдөх шаардлагатай тулгарна.
Тиймээс ирэх 20 жилийн Юнителийн өнгө төрхийг бид илүү зоримог, илүү дайчин, илүү харизмтай байгаасай гэж хүсэж байна. Шинэ брэндинг ч тэр мэдрэмжийг илэрхийлнэ гэж найдаж байгаа.

1️⃣ Карьерын эхний үе буюу их сургуулиа төгсөөд 2003 онд М-Си-Эс Электроникст ажилд орж, түүнээс хойш 2010 он хүртэл санхүү хариуцсан захирал хүртлээ өсөж, дэвшин ажилласан. Тэр үеийн дурсамж гэвэл маш их ачаалалтай ажилладаг байсан тэр ч хэрээрээ маш их сурсан он жилүүд байсан. Тасралтгүй сурч, хөгжиж явсан үе. Олон охин компанийн санхүүгийн тайланд шинжилгээ хийнэ, ТУЗ-ийн хурлын материал бэлдэх гээд маш өндөр хариуцлагатай орчин байсан.
Тэр үеэс хамгийн тод үлдсэн дурсамж нь 1 удаа бүх тайлангаа шөнөжин бэлдээд яг дуусаж байтал компьютер гацаад бүх зүйлээ дахин эхнээс нь хийх болсон. Тэгээд ганцаараа үлдэж, компьютероо өөрөө форматлаад, бүх программаа дахин суулгаж, тайлангаа шөнөжин хийгээд өглөө 7-д дуусгаад халтихан гэртээ орж усанд орчхоод шууд хуралдаа орж байв. Тухайн үед маш өндөр ачаалалтай ажилладаг байсан ч яг тэр дундаас тууштай байдал, хариуцлага, олон талын ур чадвар ямар хэрэгтэйг ойлгосон.
2️⃣ Дараагийн үе нь 2010 онд Юнителд Санхүү хариуцсан дэд захирлаар орсон үе. 2 жилийн дараа бизнес хариуцсан захирал болох санал авсан нь миний хувьд маш том өөрчлөлт байсан. Учир нь санхүүгийн хүн дүрэм, тооцоо, хяналт дээр төвлөрдөг бол бизнесийн хүн бизнесийн өсөлт, эрсдэл, зах зээлийн өрсөлдөөн дээр ажилладаг 2 өөр ертөнц л дөө. Тэр өөрчлөлтөөс ойлгож авсан зүйл нь хүн өөрийгөө зөвхөн 1 чиглэлд хязгаарлахгүй, шинэ зүйлээс айхгүйгээр өөрийгөө сорьж чаддаг байх хэрэгтэй.
3️⃣ Цаашлаад, 2022 онд Юнител Группийн Гүйцэтгэх захирлаар ажиллах санал авсан нь миний хувьд карьерын маань хамгийн чухал үеүдийн нэг байсан. Олон жил хуримтлуулсан туршлага, янз бүрийн чиглэлд ажилласан ойлголт, ачаалал дааж сурсан гэхчлэн өмнө нь сурсан бүхий л зүйлс маань тэр үед хэрэг болсон гэж боддог.
Эцэст нь карьер гэдэг ганцхан албан тушаал ахих тухай биш гэдгийг онцолж хэлмээр байна. Том зургаараа хүн өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, харин боломж ирэх үед боломжоо атгаж чадахуйц, түүнийг дагалдах хариуцлагыг дааж авч явахад бэлэн байх тухай юм шүү.
Карьерын замналд сургууль, ажлын гараа, аав ээж, хамт олон гээд олон зүйл их, бага хэмжээгээр нөлөөлдөг болов уу. Гэхдээ энэ бүхнээс хамгийн чухал нь хувь хүн өөрөө гэж боддог. Өөрийн гаргаж байгаа шийдвэр, юуг үнэ цэнтэй гэж харж байгаа, өөрийгөө хэрхэн хөгжүүлж байгаа гэхчлэн зөвхөн өөрөөс шалтгаалах олон зүйлс карьерын тан дараагийн боломжуудыг тодорхойлж байдаг.
Тиймээс хүн өөрийгөө таньж, өөрийн гэсэн үнэт зүйлтэй, тууштай байснаар хүсээд байсан боломж нь гарч ирэх үед бэлтгэлтэй байна. Карьер ч гэлтгүй амьдрал дээр тохиох олон зүйлсийн хариулт эцсийн дүндээ хувь хүн, өөрөө л байдаг.
Харин миний карьерт бодитоор том нөлөө үзүүлсэн хүн гэвэл тухайн үеийн Гүйцэтгэх захирал Р.Ганболд гэж хэлмээр байна. Намайг санхүүгийн чиглэлээс бизнесийн чиг үүргийг хариуцан ажиллаач хэмээн санал тавьсан хүн л дээ. Зүгээр 1 санал тавиад орхиогүй, араас нь байнга зөвлөж, чиглүүлж, хөгжүүлж явсан нь өнөөдрийн миний замналд маш том нөлөө болсон гэж боддог.
Эргээд бодоход, ажлаа мэддэг чаддаг байхаас гадна тэр их итгэлийг хөсөрдүүлэхгүй байхыг хичээсэн. Хувьдаа ч хүний итгэлийг алдахгүй байхыг хамгийн чухалчилдаг. Хүн бүрд байх ёстой чанар ч гэж хардаг.


Анх ажлын гараагаа эхэлж байх үед суралцах гэдэг ойлголт маань ур чадвараа сайжруулчих юм сан, 1 сургалтад суучих юм сан, 1 сертификат авчих юм сан гэдэгт төвлөрдөг байлаа. Харин одоо бол суралцах ойлголт маань нэлээд өөрчлөгдөж, хамгийн том сургууль бол ажлын байр гэж харах болсон.
Тухайлбал, хариуцаж байгаа ажлаа сайн хийхийн тулд хүн тасралтгүй суралцаж байдаг. Жишээ нь шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх гэж байгаа бол эхлээд тэр салбараа судална, уншина, ойлгоно. Дараа нь түүнийгээ нэгтгэж дүгнэнэ, анализ хийнэ. Тэгээд Монголын зах зээл, хэрэглэгчдийн онцлогт тохируулж шийдэл боловсруулна.
Эцэст нь тэр санаагаа бодит ажил болгоно, зах зээлд гаргана, хүмүүст ойлгуулна. Энэ бүх процессын алхам бүр өөрөө суралцах явц байдаг.Зарим залуучууд “Би 1 ч сургалтад суусангүй, шинэ юм сураагүй” гэж бодох нь олонтоо. Гэтэл бодит байдал дээр өдөр тутмын ажлаа чанартай хийж буй хүн алхам тутамдаа, ямар нэгэн юм сурч л байдаг. Хажуугийн сайн гэсэн хүмүүсээсээ суралцана, гаднаас мэдээлэл уншина, өөрийн дутуу зүйлээ ойлгож бодно, боловсруулна. Харин тэр хуримтлал нь 3-4 жилийн дараа маш том ялгарал үүсгэж эхэлдэг.
Тэгэхээр суралцах гэдгийг зөвхөн танхимын сургалтаар хязгаарлах нь том эндүүрэл. Харин өдөр бүр ажлаа илүү сайн хийхийн төлөө өөрийгөө хөгжүүлж байгаа тэр процесс өөрөө хамгийн том суралцахуй.

Миний ажлаа хөнгөвчилдөг хамгийн чухал арга бол фокус. Өдөр тутам маш олон ажил зэрэг орж ирдэг учраас бүгдийг нь нэг дор хийх гэж оролдоод байвал үр дүн гаргах хэцүү. Тиймээс хамгийн түрүүнд ач холбогдлоор нь эрэмбэлж, хамгийн чухал зүйл дээрээ төвлөрөхийг хичээдэг.
Бүх ажил заавал өнөөдөр дуусгах яаралтай эсвэл бүх анхаарал, энергиэ зарцуулахуйц чухал байдаггүй.
Тиймээс 1 ажлаа эхэлсэн бол аль болох чанартай, үр дүнтэй хийхийн тулд түүнд л бүрэн фокуслах хэрэгтэй. Надад бол олон зүйл зэрэг хийхээс илүү хамгийн чухал зүйлээ зөв хийх нь илүү үр дүнтэй санагддаг.
Нөгөө талдаа хүмүүстээ итгэж, ажил даалгаж өгөх буюу “delegation” хийх нь ажлаа хөнгөвчлөх маш үр дүнтэй арга. Гэхдээ “delegation” гэдгийг энийг хий гээд үүрэгдэх бус яаж хийх вэ, юуг нь анхаарах вэ гэдэг дээр нь эхлээд зөв чиглэл өгч, ойлголтоо нэгтгэж байж ажил даалгах хэрэгтэй. Тэгж чадвал хүмүүс ч илүү бие дааж ажиллана, ажлын чанар ч илүү сайжирдаг.
Эсрэгээрээ зөвхөн үүрэг өгөөд орхичихвол дараа нь ойлголтын зөрүү, хугацаа алдах гэхчлэн эрсдэл их гардаг. Тиймээс эхэндээ сайн чиглүүлж, дараа нь итгээд хариуцуулах нь ажлыг илүү ухаалгаар, хөнгөн авч явахад хамгийн их тусалдаг гэж боддог.
Ажлын цаг гэдэг ер нь их харьцангуй ойлголт. Ямар түвшний хариуцлага үүрч байгаагаас шалтгаалаад ажлын хэмжээ, бодож явах зүйл нь өөр болчихдог. Карьерын эхэн үед бол ачаалал хамгийн өндөр байсан үе. Манай групп өөрөө олон чиглэлд ажилладаг. Тэр бүр нь хоорондоо уялдаа холбоотой явдаг учраас 1 асуудлыг олон талаас нь бодож, зэрэг удирдах шаардлага гардаг.
Яг хэдэн цаг ажилладаг байсан бэ гэвэл тодорхой тоо хэлэхэд хэцүү. Учир нь CEO түвшний ажил бол оффист сууж байгаа цагаар хэмжихэд хэт өрөөсгөл. Гэртээ байсан ч, замд явж байсан ч, өглөө сэрээд ч ажил бодогдоод эхэлчихдэг. 1 талаараа хувийн цагаасаа золиосолж байгаа хэрэг. Гэхдээ яваандаа “delegation” хийж, хүмүүстээ итгэж, ажлаа системтэй болгож эхлэхээр арай өөр болдог.
Миний ажлын өдөр ихэвчлэн өглөөнөөс эхлээд л уулзалт, ярилцлагаар үргэлжлээд явчихдаг. Заримдаа өглөөний цайны үеэр ч хүмүүстэй уулзаж ярилцана. Ер нь цаг зав бага учраас боломжтой бүх цагийг үр бүтээлтэй ашиглахыг хичээдэг.
Ажил дээр ирээд эхний 1 цагийг ихэвчлэн тухайн өдрийнхөө ажлыг эрэмбэлж, юун дээр фокуслах вэ гэдгээ төлөвлөхөд зарцуулдаг. Түүнээс хойш ихэнх цаг нь хүмүүстэй уулзах, асуудал хэлэлцэх, шийдвэр гаргах, санал бодол солилцох ажилд өнгөрдөг. Манай компанийн соёлд ч хурлыг заавал том ширээний ард албан явуулах гэхээсээ илүү хаана ч, хэзээ ч тухтай хэлбэрээр явуулах нь их. Өрөөнд ч бай, коридорт ч бай, кофе ууж байхдаа ч санал солилцох, ярилцах асуудлаа яриад шийдчихдэг.


Миний бодлоор карьер гэдгийг хүмүүс арай өрөөсгөлөөр ойлгоод байдаг юм шиг санагддаг. Карьер бол ажил хийж байгаа зорилгын зөвхөн 1 л хэсэг. Бүх утга учир, бүх зүйл нь биш.
Ер нь хүн яагаад ажил хийдэг вэ? Хувцсаар жишвэл, хувцасны хамгийн эхний үүрэг нь дулаан байлгах. 2-рт, биед эвтэйхэн байх хэрэгтэй. Эвгүй байвал тайлаад л хаячихна. Харин 3-рт, гоё харагдах, өөртөө итгэл байх тэр мэдрэмжийг авах гэж өмсдөг.
Ажил ч гэсэн яг адилхан. 1-рт, санхүүгийн хэрэгцээг хангах ёстой буюу цалин хангамж чухал. 2-рт, ажиллах орчин, хамт олон, байгууллагын соёл нь тухтай, хүнээ дэмждэг байх хэрэгтэй. Өдөр бүр ажилдаа очихдоо дарамттай биш, ажиллахад таатай мэдрэмжтэй байх нь маш чухал. Харин 3-рт, хийж байгаа ажлаасаа сэтгэл ханамж авах хэрэгтэй. Өөрийн хийсэн зүйлээсээ кайф авч, үнэ цэн мэдэрч чаддаг байх нь урт хугацаанд хүнийг сэтгэл зүйн хувьд ч, карьерын хувьд ч авч явдаг зүйл гэж боддог.
Гэтэл дийлэнх нь тэр сэтгэл ханамжаа зөвхөн карьерын өсөлттэй холбож ойлгодог буюу заавал албан тушаал ахиж байж амжилттай яваа мэтээр ойлгох нь өрөөсгөл. Зарим хүн удирдах албан тушаалд очихоос илүүтэйгээр яг хийж байгаа ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэгтээ илүү сэтгэл ханамжтай байдаг. Тухайн хүний хувьд үүнээсээ л өөрийн үнэлэмж, үнэ цэн, кайф мэдэрч буй үнэ цэнтэй замнал нь байхгүй юу.
Манай компанийн хувьд ч, сүүлийн жилүүдэд хүмүүсийн бүтээмжийг бодитоор үнэлж, түүнд нь тохирсон цалин хангамж өгөхийг чухалчилж байгаа. Тэгэхээр карьер гэдэг зөвхөн албан тушаалын өсөлт биш. Харин хүн өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч, хийж байгаа ажлаасаа утга учир, сэтгэл ханамж авч чаддаг байх нь илүү чухал гэж хардаг даа.

Миний хувьд, компанийнхаа 20 жилийн түүхэн дэх 5 дахь CEO болон ажиллаж байна. Энэ хугацаанд олон төрлийн хүмүүстэй ажиллаж, олон баг харж явлаа.
Тэгээд эргээд бодоход миний хувьд 2 л зүйлийг гол болгон чухалчилж ирсэн. Эхнийх нь тууштай байдал, дараагийнх нь хамгийн сайн багийн гишүүн байж чаддаг байх.
Ямар ч үүрэгтэй байсан хамаагүй, баг дотроо итгэл дааж, бусадтайгаа нийлж ажилладаг хүн хамгийн үнэ цэнтэй байдаг. Компани гэдэг эцсийн дүндээ 1 л зорилгын төлөө хамт явж байгаа баг шүү дээ. Тэр дотор хүн бүр нэг нэгэндээ ажил, хариуцлага, итгэл өгч байдаг. Тиймээс сайн багийн гишүүн байна гэдэг өөрөө маш том чанар. Мөн чадвар.
Тэр дундаа хүн ажлын байран дээрээ бие биеэсээ суралцана, хариуцлага хүлээж сурна, итгэл дааж сурна. Тэр бүхнийг хамт олон нь харж байгаа. Тэгээд л “энэ хүн илүү том зүйл дааж чадна” гэсэн итгэл аажмаар бий болдог. Эцэст нь энэ бүхэн компанийн соёлтой холбоотой. Багийнхаа арга барилд уусаж, хамтдаа зорилгынхоо төлөө ажиллаж чаддаг хүн л урт хугацаанд амжилттай явдаг гэж боддог.


Манай компанийн хувьд нийтдээ 2,500 гаруй ажилтантай. Харин миний шууд удирдлагад 15 хүн ажилладаг.
Өдөр тутмын мэдээллийг мэдээж сошиал сувгууд, бизнесийн мэдээ, олон улсын эх сурвалжуудыг тогтмол хардаг. Мөн тодорхой асуудал дээр анхдагч эх сурвалж буюу төрийн бодлогын баримт бичиг, салбарын тайлан, судалгаануудыг шууд уншихыг хичээдэг. Мөн хүрээллээсээ мэдээлэл авахыг илүүд үздэг. Ер нь бизнесийн орчин маш хурдан өөрчлөгдөж байгаа учраас мэдээллээс хоцрохгүй байх нь өөрөө ажлын нэг хэсэг болчихсон байна.

Ном бол мэдээж уншина. Гэхдээ сүүлийн үед би илүү Medium унших дуртай болсон. Учир нь өргөн хүрээний, олон талын мэдээллийг илүү хурдан авдаг юм шиг санагддаг юм. Мөн яг тухайн үеийн тренд, шинэ санаа, технологи, бизнесийн өөрчлөлтүүдийг цаг алдалгүй харах боломжтой байдаг.
Подкастыг бол яг сэдвээсээ илүү оролцож байгаа хүмүүсээс нь болж сонсдог. Ямар хүн ярьж байна, ямар туршлага, үзэл бодолтой хүн байна гэдгээсээ их хамаарна. Сүүлийн үед бол эрүүл мэнд, амьдралын хэв маягтай холбоотой подкастууд нэлээн сонсож байгаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.