Ерөнхий сайдад хүргүүлэх шаардлагад 11 хэвлэл мэдээллийн байгууллага нэмэгдэж 26 боллоо

Хараат бус, мэргэжлийн редакцууд нэгдэж, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг олон нийтэд нээлттэй, ил тод, шууд ярилцлагад орох шаардлага хүргүүлж байна. Тус шаардлагад дахин 11 редакц нэмэгдэж, нийт 26 хэвлэл мэдээллийн байгууллага нэгдлээ.
Үүнд:
Иргэдийн мэдэх эрхийг хангахын тулд хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагууд мэргэжлийн үүргээ биелүүлж, баталгаат мэдээллийг хэвлэн нийтлэх ёстой. Монгол Улс чөлөөт хэвлэл мэдээллийг эрх зүйгээрээ баталгаажуулсан орон болохынхоо хувьд нийтийн албан тушаалтнууд сэтгүүл зүйн мэргэжлийн редакцуудад ил тод, шуурхай мэдээлэл өгөх үүрэгтэй.
Харамсалтай нь, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэргэжлийн үүргээ биелүүлэх боломж олголгүйгээр мэдээллийг хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулалттай байж болзошгүй байдлаар түгээсэн нь иргэдийн мэдэх эрхийг хангаагүй үйлдэл боллоо.
Л.Оюун-Эрдэнийн хувьд, 2021 оны 1 сарын 27-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш 4 удаа ярилцлага өгчээ.
- 2023 оны 2 сарын 20-нд МҮОНРТ-ийн “Онцлох зочин” нэвтрүүлэг,
- 2024 оны 3 сарын 28-нд сэтгүүлч Б.Ганчимэгийн “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэг,
- 2024 оны 6 сарын 10-нд реппер Б.Гантулгатай хийсэн ярилцлага,
- 2025 оны 3 сарын 10-ны Өдрийн сонины сэтгүүлч Э.Энэрэлд өгсөн ярилцлага.
Дээрх нэвтрүүлгүүд нь урьдаас бичиж бэлтгэсэн, эвлүүлсэн, шууд дамжуулалтын бус, олон нийтийн мэдэхийг хүссэн асуултад хариулаагүй гэх нийтлэг шинжтэй байгаа юм.
Өмнөх Ерөнхий сайд нар олон нийтэд мэдээлэл өгдөг, сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулдаг жишигтэй байсан. Харин одоо бол олон нийт байнга эвлүүлэгтэй нэвтрүүлэг үзэж, асуухыг хүссэн асуултдаа хариулт авч чадахгүй өнгөрч байна.
Иймд хараат бус, мэргэжлийн редакцууд нэгдэж, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг олон нийтэд нээлттэй, ил тод, шууд ярилцлагад орохыг шаардаж байна. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газраас “Ерөнхий сайд олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэл өгөх журам”-ыг санаачлан, одоогийн болон дараа дараагийн Засгийн газраар мөрдүүлж ажиллахыг шаардаж байна.
Эх сурвалж: Редакцуудын нэгдэл
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.