Шинэ Ерөнхий сайдын сураг дуулдаж, өнөөдөр сонгогдох талаар гол усаараа нэг шуугьж байна. Бид өнгөрсөн 15 жилд 6 ЕС-ын нүүр үзэж, тэд дунджаар 2.6 жил Засгийн газрын тэргүүнээр ажиллажээ.
🕰️ Өнгөрсөн 15 жилд
2010-2025 онд Монгол Улсын ДНБ 11.1 дахин нэмэгдсэн ч инфляцыг хасвал 3.1 дахин л өсжээ. 2009-2012 оны уул уурхайн супер циклийн үед С.Батболд болон Н.Алтанхуяг ЕС-аар ажиллаж байсан. Тухайн үед эдийн засагт дорвитой өсөлт гарсныг хэн хүнгүй мэднэ.
🥸 Хамгийн, хамгийн
Л.Оюун-Эрдэнэ 1990 оноос хойш хамгийн удаан буюу 4.4 жилийн турш ЕС-аар ажилласан нэгэн боллоо. Гэхдээ залуу ЕС дэмжинэ гэсэн уриа, лоозон нь түүнийг хамгийн залуу ЕС гэдгийг илэрхийлэхгүй. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 1995 онд 35 насандаа ЕС-аар сонгогдсон. Хамгийн богино настай ЗГ бол Ж.Эрдэнэбатын үе бөгөөд тэрээр 1.2 жил тус албыг хашжээ. Намаар нь харвал сүүлийн 16 ЕС-ын 9 нь МАН-аас, 7 нь АН-аас сонгогдсон аж.
⏭️ Дараагийн засаг
Өнөөдөр ЕС-д Г.Занданшатарыг томилох асуудал 12 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар орно. Нэр дэвшүүлэхийг нь эрх баригч МАН-ын бага хурлаар гишүүдийн 67% дэмжсэн бөгөөд хурлын үеэр тэрээр экс ЕС-ын бодлогыг үргэлжлүүлж, эдийн засгийн өсөлтөд анхаарна гэсэн. Г.Занданшатар нь УИХ-ын гишүүнээр 4 удаа сонгогдож, УИХ-ын даргаар 5 жил ажиллаж байв.
Эцэст нь… Нэг талдаа төгрөг, экспортын голлох түүхий эдийн ханш зэрэг унаж байгаа бол нөгөө талдаа инфляц, төсвийн зардал ярьсан юм шиг өссөөр байна. Эдийн засгийн ёстой л амаргүй нөхцөлд дараагийн ЕС ажлаа хүлээж авах нь дээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.