
Энэ долоо хоногт Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулагдлаа. Тэгвэл өнөөдөр эхний шатанд хөрөнгө оруулагчдын сонирхлыг тодорхойлох зорилгоор олон улсын нээлттэй санал авах хүсэлтийг зарлаад байна.
🔭 Ордын тойм
Бортээг нь Таван толгойн 6 бүлэг ордын нэг хэсэг бөгөөд 2020 оны ТЭЗҮ-ээр тус орд нь 424 сая тн нүүрсний нөөцтэйгөөс 95%-ийг сул коксжих, 5%-ийг эрчим хүчний нүүрс эзэлж буйг баталжээ. Түүнчлэн энэ оны эхний улиралд багтан дахин ТЭЗҮ боловсруулах төлөвлөгөөтэй байна. Мөн энэхүү орд нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбайд багтдаг ба компанийн эзэмшилд Тавантолгойн нүүрсний бусад бүлэг орд болох Цанхи, Бортолгой, Ончхараат зэрэг хэсгүүд ордог аж.
🧮 Тоо бодъё
Өнгөрсөн онд Монголын экспортолсон нүүрсний хэмжээ мөн үеэс 14.4% өсөж 95.8 сая тн-д хүрчээ. Ингэснээр сүүлийн 8 жилд экспортолсон нүүрсний хэмжээ 412.3 сая тн болсон аж. Энэ нь Бортээгийн ордын нийт нүүрсний нөөцтэй дүйх буюу уг орд эдийн засгийн эргэлтэд орвол Монголын 8 жилийн нүүрсний экспорттой тэнцэх нөөцтэй орд ашиглалтад орох нь.
Эцэст нь… Бортээгийн ордын дийлэн хэсгийг сул коксжих эзэлж буй нь сайны дохио төдийгүй сул коксжих нүүрс нь эрчим хүчний нүүрстэй харьцуулахад өндөр үнэтэй, эрэлт ихтэй байдаг аж. Төрөөс Бортээгээс бодит орлого олж ирснээр байгалийн баялгаас ард иргэдийн хүртэх үр өгөөж нэмэгдэж, баялгийн сан арвижин, нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд том тус хүргэнэ гэж үзэж байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.