
Lemon Press-н 3 дахь жилдээ эрхлэн хүргэж буй LP Transcript 2026 бэлэн боллоо. Энэ оны LP Transcript-н эхний дугаараар Монос Хүнс ХК (MFC)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүргэж байна. Бид энэхүү контентоор олон нийтэд нээлттэй компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын процессыг ойлгомжтой, энгийнээр хүргэхийн тулд сэтгэл зүрхээ шингээн бэлтгэж ирсэн билээ. Болгооно уу.
📅 2026 оны 4 сарын 15
⏲ 14:00 минут
📍 Монос Хүнс ХК-ийн төв оффис, танхим болон цахим хосолсон хурал.
Монос Хүнс ХК-ийн 2026 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг ТУЗ-ийн хараат бус гишүүн Н.Улаанхүү даргалж, хурлыг нээлээ.
Ажлын өдөр цаг заваа зохицуулаад ирсэн та бүхэнд бүгдээрэнд нь баярлалаа. 2026 оны 3 сарын 4-ний өдөр ТУЗ-ийн 26.11 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн хурлыг 4 сарын 15-ны өдөр буюу өнөөдөр компанийн байранд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байгаа. Юуны өмнө хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын ирцийн мэдээллийг хүргэнэ үү хэмээн Тооллогын комиссын дарга П.Энхбаярыг урья. Өнөөдөр Тооллогын комиссоор ажиллах гишүүдэд Тооллогын комиссын даргаар Санхүүгийн менежер П.Энхбаяр, мөн Тооллогын комиссын гишүүдээр Экспорт бизнес хөгжлийн албаны дарга Ц.Дөлгөөнмайдар, Санхүүгийн менежер М.Тамир нар ажиллаж байна.
Нийт хувьцаа эзэмшигчдэдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монос Хүнс ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал маань Компанийн тухай хуулийн 67-р зүйлийн 3.1, 68.4 дэх хэсгийг тус тус үндэслэн компанийн энгийн хувьцааны 408,850,428 ширхэг хувьцаанаас 311,517,902 ширхэг хувьцаа буюу 76.2%-ийг эзэмшиж байгаа, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд урьдчилан бүртгүүлж, санал хураалтад оролцсон, хурлын үеэр зайнаас болон биеэр хүрэлцэн ирсэн байх бол хурлыг хүчин төгөлдөр тооцсугай. Хурлыг үргэлжлүүлэн вэбсайт нээлттэй ажиллаж байгаа тул ирцийг ч гэсэн үргэлжлүүлэн бүртгэсээр байгаа.
Ийнхүү хурал маань 76.2%-ийн ирцтэй буюу хурал эхлэх хүчин төгөлдөр ирцэд хүрсэн тул өнөөдрийн хурлаа албан ёсоор эхэлцгээе. Өөрийн хуримтлалаасаа хувьцаанд хөрөнгө оруулалт хийж, оруулсан хөрөнгө оруулалтдаа мөн хариуцлагатай хандаад хувьцаа эзэмшигчдийн хуралд биечилж ирээд компанийн удирдлага, ТУЗ-ийн гишүүдээс санхүүгийн болон ирээдүйд хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар мэдээлэл авах хамгийн том боломж бол жилд 1 удаа зохиогддог энэхүү хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал байгаа. Энэ хуралдаа цаг заваа гаргаад ирсэн хариуцлагатай хувьцаа эзэмшигч нартаа бүгдэд нь дахин талархал илэрхийлье.
2025 он бол Монос Хүнс компани санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд томоохон үр дүн гаргасан онцлох жил байлаа. 2025 онд борлуулалтын орлого маань 26%, цэвэр ашиг маань 92% өсөж ₮7.8 тэрбумд хүрсэн санхүүгийн үзүүлэлттэй ажилласны зэрэгцээ ирээдүйн борлуулалт болон зардлын үр ашгийг дээшлүүлэх, нэгж хүнд ногдох борлуулалтын орлогоо нэмэгдүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлэхүйц MFC East Log төслөө эхлүүлсэн гэх мэт томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн томоохон жил байлаа. Компанийн өсөлт, хөгжил, үйл ажиллагаагаа тэлж буй байдлыг харгалзаж үзэхэд ч анх 3,900 орчим хувьцаа эзэмшигчтэйгээр 2019 онд IPO хийж байсан бол одоо 17,120 хувьцаа эзэмшигчтэй болж, хувьцаа эзэмшигчдийн маань тоо 4.7 дахин нэмэгдсэн байна. Энэ бол компанийн нээлттэй байдал, хувьцаа эзэмшигчдэдээ мэдээллээ ил тод хүргэдэг гэх мэт олон үзүүлэлтүүд нөлөөлж хувьцаа эзэмшигчдийн тоо ингэж өндөр хувиар өсөж байгаа байх аа гэж бодож байна.
Мөн давхар хэлэхэд Монос Хүнс компани маань хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд дотроо хараат бус гишүүдийнхээ тоогоороо тэргүүлдэг, нээлттэй ил тод байдал, засаглалаараа тэргүүлдэг ийм үлгэр жишээ компаниудын нэг байгаа. Хурлаа эхлэхээсээ өмнө хурлын дэгээ танилцуулаад хурлаа цааш нь үргэлжлүүлээд явцгаая.
За ийнхүү хурлын дэгийг батлах эсэх дээр гараа өргөөд санал хураая. Энэ дэгээрээ явахаар тогтлоо. За одоо хурлын дэгийн дагуу компанийн 2025 оны санхүү, үйл ажиллагааны тайланг танилцуулна уу хэмээн компанийн Гүйцэтгэх захирал А.Отгондарь захирлыг урья.

Хүрэлцэн ирсэн хувьцаа эзэмшигч та бүхэндээ баярлалаа. Энэ бол Улаанбаатар хот дахь манай баруун үйлдвэрийн бүс байгаа. Хувьцаа эзэмшигчдийгээ нэлээн хол газар ирүүлж, хуралдаж байгаадаа хүлцэл өчье. Гэхдээ хувьцаа эзэмшигчдийн хувьд бидэнд итгэж хөрөнгө оруулалт хийсэн тиймээс тэр хөрөнгө оруулалт нь үр өгөөжтэй байна уу, үйлдвэр нь ажиллаж байна уу, юу хийгээд байна гэдгийг харах, аудитлах боломж гэж харж байна. Тийм учраас хувьцаа эзэмшигчид маань маш хариуцлагатайгаар заалаа дүүргээд хуралдаа оролцож байгаад тун талархалтай байна. Юун түрүүнд би компанийнхаа танилцуулгын өмнө яг энэ хуралд ТУЗ-ийг төлөөлөөд ирсэн баг бүрэлдэхүүнээ бас танилцуулъя гэж бодож байна.
Бусад гишүүд маань зайнаас бас оролцож байгаа. Бид хурлаа танхим болон цахим хосолсон буюу хүртээмжтэй байлгах үүднээс энэ хол газар зорьж ирж чадаагүй хүмүүстээ цахимаар дамжуулан хурлаа хийж байгаа. Манай бусад ТУЗ-ийн гишүүд болоод хувьцаа эзэмшигчид маань хуралдаа идэвхтэй оролцож байгаа гэж найдаж байна.
За одоо Монос Хүнс ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцуулъя. Өнөөдрийн танилцуулга маань манай компанийн бизнесийн философи, удирдлагын баг, бүтээгдэхүүний сагс, хувьцааны үзүүлэлтүүд, компанийн 2025 оны хамгийн чухал үзүүлэлт болох санхүүгийн үзүүлэлтүүд, хуурай, шингэн үйлдвэрлэл тэргүүтэй зүйлсийг танилцуулна.
Монос Хүнс ХК-ийн философи бол Монос Группийн охин компани гэх утгаараа Монос Группийн алсын хараа болох “Монгол оюун санааг дэлхийд таниулна” буюу бид нар инновац шингэсэн дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд таниулна гэдэг ийм том алсын хараатай том малгайн доор бол Монос Хүнс компани маань байдаг. Гэвч Монос Хүнс ХК маань хүнсний салбарт, тэр тусмаа эрүүл хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа учраас өөрсдийнхөө философийг тусдаа тодорхойлсон байгаа. “Эх дэлхийг хайрлаж, эрүүл амьдралыг хамтдаа бүтээнэ гэсэн ийм алсын хараатай ажилладаг”. Манай компани шилэн тунгалаг явдаг учраас хувьцаа эзэмшигчид та бүхэн маань өөрсдөө манай байгаль орчин, нийгэм, засаглалын бодлого үнэхээр эх дэлхийд ээлтэй байна уу, үгүй юү гэдэг мэдээллийг хангалттай сайн авч чадаж байгаа болов уу гэж найдаж байна. Чадахгүй байгаа бол өнөөдөр та бүхэн маш нээлттэйгээр асууж бас тодруулах боломжтой.
За Монос Хүнс ХК-ийн эрхэм зорилго бол хүрээлэн буй орчин, оролцогч талуудаа хүндэлсэн эрүүл амьдралын хэв маягийг дэлгэрүүлэгч, үнэ цэн бүтээгч, хамт олон байна гэж өөрсдийнхөө эрхэм зорилгыг тодорхойлоод бүх үйл ажиллагаа яг энэ хязгаарын хүрээнд явдаг. Өөрөөр хэлбэл манай бизнесийн философи бол, бид нарын давахгүй эл хязгаарыг тодорхойлж, томьёолж өгсөн ийм философи байгаа юм. Үнэт зүйлийн хувьд эерэг соёл, инновацлаг бүтээгдэхүүн, оролцогч талууд буюу оролцогч талууд гэдэгт бид бизнесээ 360 харж итгэж хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигчид та бүхэн, мөн энэ үнэт баялгийг бүтээж байгаа манай ажилтнууд, харилцагч, хамтрагч түншүүд гээд бүгдийг оруулж нэрлэсэн томьёолол юм шүү.

Одоо компанийн Гүйцэтгэх захирлын удирдлагын багаа танилцуулъя.
Үргэлжлүүлээд манай компани 12 алба, нэгжтэй. Тэдгээр алба нэгжийн хүрээнд удирдаж ажилладаг баг бүрэлдэхүүнийг энд дэлгэрэнгүй харуулсан байна.

Харин одоо Монос Хүнс компанийн бүтээгдэхүүний сагсыг танилцуулах болно. Бид 75 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хуурай болоод шингэн үндэсний үйлдвэртээ үйлдвэрлэж байгаа. Шингэн үндэсний үйлдвэртээ 35 нэр төрөл, хуурай үндэсний үйлдвэр дээр 40 нэр төрлийг нь үйлдвэрлэж байна. Брэндүүдээ бол манай хөрөнгө оруулагчид тайлбарлалтгүй сайн мэддэг болсон байх гэж бодоод алгасъя.
За бусад нь та бүхний сайн мэддэг бүтээгдэхүүнүүд байгаа учраас хуурай үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг харуулъя. “Энхжин цай” маань 7 нэр төрөлтэй. “Энхжин цай”-н дээр бид нар ерөнхийдөө сав баглаа боодлын шинэчлэлт сайжруулалтыг хийж байгаа. Хэрэглэгчдийн хэрэглээний чиг хандлага нэлээн их өөрчлөгддөг, бас зарим талаар уйдамтгай байдаг. Тиймээс бид хаяг, шошгын сайжруулалтыг хийх шаардлага байгаа. Тэр утгаараа олон зүйлийн огтлолцол дээр бид “Энхжин цай”-ныхаа сав баглаа боодлыг сайжруулаад шинэчилж байгаа. Тун удахгүй шинэ сав баглаа боодолтойгоо худалдаанд гарна.
Мөн “Увдист” бүтээгдэхүүн, “Berryvit” хүүхдийн ааруултай болон үзэмтэй үрлүүд, “100 наслаарай” цай, “Эко уусдаг цай” гэсэн ийм бүтээгдэхүүнүүд хуурай хүнс дээр үйлдвэрлэдэг. “Эко уусдаг цай” бол Монголын анхны уусдаг цай. Ер нь л Монос Хүнс компанийн нэлээн их бүтээгдэхүүн дандаа Монголд анхдагч технологийг нутагшуулсан, инновац шингэсэн бүтээгдэхүүн байдаг. Бид хүнсний зах зээл дээр үйл ажиллагаа явуулахдаа эрүүл мэндийн хүнсний үйлдвэр гэдэг категорид явдаг. Тийм учраас бидний хөрөнгө оруулалт, та бүхний энэ хөрөнгө оруулалт хэр оновчтой вэ, хэр итгэлтэй байж болох вэ гэдгийг танилцуулах үүднээс бид нар дэлхийн эрүүл хүнсний зах зээлийн өөрчлөлтийн талаарх слайдыг бэлдэж танилцуулж байгаа юм.
Дэлхийн эрүүл мэндийн хүнсний зах зээлийн төлөв
2026-2035 оны трендийг харахад, нийт хүнсний зах зээлийн өсөлтийг дунджаар 5.5% гэж үзэж байгаа. Энэ дотроо ерөнхийдөө Ковидын дараах хэрэглээний хандлагын нөлөө маш өндөр байсан. Эрүүл хүнсний зах зээл бол 10.1% буюу 2 дахин өсөлттэй байгаа. Тэгэхээр эрүүл хүнсний зах зээл дээр Монголдоо анхалж үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт хийж байгаа нь бол хамгийн тийм оновчтой ухаалаг алхам байсан юм болов уу. Дэлхийн тренд хүртэл ийм байна гэдгийг эндээс харж болохоор байна.
Ирээдүйн эрүүл мэнд судалгааны үр дүнгээс харахад ч хэрэглэгчдийн 82% нь өөрийнхөө эрүүл мэндийг хянаж, удирдахад ямар нэгэн байдлаар усаа зөв сонгох, өдөр тутмынхаа хүнсийг зөв сонгох чиглэлд анхаардаг болсон буюу эрүүл мэндийн дагнасан хүнсний хэрэглээтэй болсон гэх олон улсын судалгаа байгаа. 2025 оноос цааш юу болж байна вэ гэхээр, дэлхийн том корпорацууд эрүүл хүнсний категори руу хэрхэн орох вэ гэдэг судалгаануудыг идэвхтэй хийж байна. Тухайлбал та бүхний мэддэг дэлхийн брэнд Pepsico компани Poppi гээд пробиотиктой хийжүүлсэн ундаа үйлдвэрлэдэг компанийг $1.9 тэрбумаар худалдан авч, эрүүл хүнсний зах зээл рүү орсон байдаг.
Мөн пробиотик таргууд нь Монголд их зарагддаг Danone гээд олон улсын брэнд байдаг. Danone Их Британийн Huel гэх компанийг мөн €1 тэрбумаар худалдан авсан. Үүнээс харахад дэлхийн томоохон компаниуд өөрсдийнхөө сагсыг эрүүл хүнсний категориор тэлэх чиглэл рүү маш их анхаарч байгаа.
Монос Хүнс ХК-ийн сүүлийн 5 жилийн дүр зургийн хувьд, бид борлуулалт, цэвэр ашиг, хүү татвар, элэгдлийн өмнөх ашгийг та бүхэнд танилцуулж байна. Сүүлийн 5 жилд борлуулалт жилд дунджаар 32%-иар өссөн. 2025 онд ₮48.2 тэрбумын борлуулалттай ажилласан нь өмнөх оноос 27%-иар өссөн үзүүлэлт. 2021–2022 онд 50%-ийн өсөлт гарсан нь MFC 1.0 төслийн үр өгөөж байв. Харин 2024–2025 оны өсөлт MFC 2.0 төслийн үр өгөөж гэж харж болно. Борлуулалтын өсөлтийн трендээ бол хадгалаад явж байна.
Санхүүгийн балансын үзүүлэлтээр хөрөнгө, өр төлбөр ₮60.9 тэрбум дээр тэнцсэн. Эргэлтийн хөрөнгө ₮16.9 тэрбум болж, 2024 оноос ₮3 тэрбумаар буурсан. Эргэлтийн бус хөрөнгө үндсэн хөрөнгийн өсөлт дагаж өссөн. Богино хугацаат өр төлбөр ₮10.5 тэрбумаар буурч, урт хугацаат өр төлбөр ₮1.2 тэрбумаар өссөн. Ашигт ажиллагаа сайжирсан. Цэвэр ашгийн түвшин 16.1%-д хүрсэн байна. Мишээлийг цэвэрлэж харвал 11% болж, өмнөх оноос 0.3 нэгж хувиар өссөн.
Үйлдвэрлэлийн бизнес дээр бид шингэн хүнсээ литрээр, хуурай хүнсээ тонноор танилцуулж байгаа. Хуурай хүнсний хувьд 330 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өмнөх оноос 7% өссөн бол шингэн хүнс дээр 12 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өмнөх оноосоо 13% тус тус өсжээ.
Хувьцааны ханшийн хувьд 2024 оны хаалтын ханш ₮89. 2025 онд дундаж ханш ₮82, доод ханш ₮76.6, дээд ханш ₮97, жилийн эцсийн хаалтын ханш ₮84 байсан. Мэдээж хувьцаа эзэмшигчдэд ханш яагаад өсөхгүй байгаа вэ гэх асуулт нэлээдгүй байдаг. Үүн дээр бид анализ хийж, манай хөрөнгийн зах зээлийн идэвх, хөдөлгөөн хэр байгааг нэлээдгүй ажигласан.
Манай хөрөнгийн зах зээл бүхэлдээ уналттай, улайссан, идэвхгүй төлөвд байгаа бол бид харьцангуй бага дээр барьсан гэж үзэж байна. Үүнд компанийн ашигт ажиллагаа нөлөөлсөн гэж үзэж буй. P/E харьцаа 4.6, P/B харьцаа 1.2 болсон нь өмнөх онуудаас сайжирсан үзүүлэлт. Хараат бус ҮЦК, андейрратерууд МХБ-ийн I ангиллын хувьцаанууд дээр хараат бусаар маш их анализ хийж, зөвлөмжүүдийг өгч буй. Миний ажигласнаар 2-3 шинжээчид Монос Хүнс ХК-ийн хувьцааг авах зөвлөмж өгсөн байсан.
Хүний нөөц
Одоо компанийн хамгийн үнэт баялаг болсон хамт олныхоо талаар танилцуулъя. Өдгөө бид 267 ажилтантай ажиллаж байна. Үүнээс эрэгтэй 157, эмэгтэй 110 ажилтан. Нийт удирдах ажилтан 17, үүнээс 10 нь эмэгтэй. Манайд ялгаатай хөгжилтэй 7 ажилтан ажилладаг. Бид ажлын байрны шинжилгээ хийж, ажилтнуудаа өөрсдийнх нь чадварт тохирсон ажилд хуваарилдаг. ХАБ-ын алба ажилтнуудынхаа ажлын орчныг бүрдүүлэхэд их анхаарч ажилладаг.
Компани 3 олон улсын стандартыг жил бүр баталгаажуулдаг. Хүнсний аюулгүй байдлын иж бүрэн тогтолцоо ISO 22000, байгаль орчин нийгмийн засаглалын иж бүрэн тогтолцоо ISO 14001, чанарын ISO 9001:2015 стандартуудыг баталгаажуулсан. Лаборатори маань ISO 17025 стандартыг хангасан улсын итгэмжлэгдсэн лаборатори юм. Энэ жил ISO 22000 стандартыг 1 шат ахиулан баталгаажуулсан. Энэ менежментийн өөрчлөлтөд хөл нийлүүлэн алхахын тул маш их сургалт ордог. Улмаар өнгөрсөн онд 267 ажилтан нийт 1,450 цагийн сургалтад хамрагдсан байна.
2025 оны онцлох үйл явдал бол үйлдвэр дээрээ шилэн галерей байгуулж, бүх хүнд үйлдвэрлэлийг биечлэн үзэх боломж олгосон явдал юм. “MFC Tour” хөтөлбөрийн хүрээнд 300 гаруй зочин манай үйлдвэртэй танилцсан. Мөн 3 дахь эмнэлгийнхээ хүүхдийн тасгийг тохижуулан хүлээлгэж өгсөн. Компани маань мөн шилдэг татвар төлөгчөөр шалгарсан. “Эх дэлхийгээ хайрлая” төслийн хүрээнд нэг булгийн эхийг хашаажуулан хамгаалсан. МҮХАҮТ-ын шилдэг үйлдвэрлэгч, хүнсний салбарын 100 шилдэг үйлдвэрийн нэгээр шалгарсан.
Экспортын хувьд Төв Азийн зах зээл рүү Монос Группийн 3 үйлдвэр хамтран ажиллаж байна. Австралийн Life Cycle компанитай гэрээ байгуулж, өтгөн барагшун, чацарганы цэвэр тосыг экспортлохоор бэлтгэж байна. Энэ хүрээнд олон улсын лаборториудад хөндлөнгийн болон дотоодын захиалгаар стандартаа баталгаажуулсан. Мөн Америкийн FDA-д бүртгүүлж чадсан.
БОНЗ
Бид байгаль орчны хувьд Экос усны хуванцар хэрэглээг 30% бууруулж, 2025 оны дүнгээр 160 тонн хуванцрыг байгальд хаягдахаас сэргийлж чадсан. Нийт хог хаягдлын 28%-ийг дахин боловсруулах чиглэл бүрийн компаниудад нийлүүлж ажиллаж байгаа. Мөн усны нийт хэрэглээ үйл ажиллагаа, бүтээмж өсөж байгаатай холбоотойгоор, саарал усны хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор 4%-иар буурсан. Саарал усны хэмжээ 17% нэмэгдсэн байна. Саарал усаа бид Баянгол цэцэрлэгт хүрээлэнд ирэх 5-р сараас анхны нийлүүлэлт хийгдэхээр байна. Эрчим хүчний хэрэглээг 15%-иар буурсан. Мөн бид Баянгол цэцэрлэгт хүрээлэнд MFC төгөл байгуулахаар ажиллаж байгаа. Эхний ээлжид 450 мод тариад ургуулж байна.
Засаглал
Засаглалын хувьд кодексийн үнэлгээ 98%-тай үнэлэгдсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 45%, хараат бус гишүүдийн эзлэх хувь 55% байна. Ер нь бол ТУЗ-ийн 55%-ийг хараат бус гишүүдээр бүрдүүлэх нь Монгол Улсын ХК-иудын засаглал дунд маш бахархам том үзүүлэлт төдийгүй жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл ТУЗ-д том байр суурьтай гэж үзэж байна. 2025 оны бүртгэлээр авлига, хээл хахуулийн зөрчил 0 байсан. Компанийн 59%-ийг эмэгтэй удирдах ажилтан бүрдүүлж байна.
Ногдол ашгийн бодлого
Манай компани ногдол ашгийн бодлогоороо жил бүр ногдол ашиг хуваарилдаг. Бид ХК болсноос хойш хөрөнгө оруулалт маш өндөр байсан буюу MFC 2.0 төсөлтэй холбоотойгоор 1 жил ногдол ашиг хуваарилаагүй. Бусад бүх жилд ногдол ашиг хуваарилж ирсэн.
Компанийн хувьд маш их сургалтуудыг хийж байгаа. За үйлдвэрлэлийн компанийн хувьд ХАБ, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах бол хамгийн чухал байдаг. 2025 онд 4 осол бүртгэгдсэн. Тэгэхдээ энэ ослууд тийм том хэмжээний биш байсан тул зөв удирдлагаар хангаж, ирэх онуудад хөдөлмөрийн аюулгүй байдлаа илүү сайжруулах процессын сайжруулалтыг хийж чадсан байна.
За компани улсад төлсөн татвар ₮7.9 тэрбумд хүрсэн. Бид хэд нэг анализ хийгээд харсан нь манай үйлдвэр дээр Монгол Улсын Ерөнхийлөгч айлчилж Хүнсний хувьсгал хөтөлбөрийн хүрээнд манай компани ЗГ-ын хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрлэлийн үргэлжлэл тэлэлтийг хийж байсан. MFC 2.0 төслийн өмнө болон дараа гээд харахад бидний улсад төлж байгаа татвар 2.5 дахин өссөн байна. Мөн компанийн татварын шатлал ахисан байгаа. Цэвэр ашгийнхаа 27%-ийг бол ногдол ашгаар хуваарилсан байна. Үүнтэй холбоотой ТУЗ-ийн шийдвэрүүд болон мэдээллүүд энэний дараа танилцуулагдахаар байгаа.
Бид үндэсний үйлдвэрлэгч учраас дотоодын компаниудаа худалдан авалтын бодлогоороо бас дэмжиж ажиллах хэрэгцээ, шаардлагатай байдаг. Энэхүү гинжин хэлхээг харвал бидний дотоод худалдан авалт бол ₮4.9 тэрбумд хүрсэн байгаа. Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зарцуулах усны хэмжээ 1 литр болсон. Энэ нь өмнөх оноосоо 16%-иар буурсан үзүүлэлт юм. Мөн компани нийт саарал усныхаа 28%-ийг дахин ашиглаж чадаж байгаа бөгөөд үлдэгдэл усыг ашиглах шийдлээ олчихсон, төртэй холбоотой тодорхой шийдвэрүүд байгаа учраас бага зэргийн хүлээгдэлтэй байна.
Ингээд Монос Хүнс ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны үр дүнг бүх чиглэлээр хураангуй байдлаар танилцуулахыг зорилоо. Та бүхэн тодруулах зүйл байвал дараагийн хэсэг дээр асуулт хариултуудаа өгөөрэй. Баярлалаа.
Саяын танилцуулсан материалтай холбоотой асууж, тодруулах зүйлүүд байгаа бол бодож байгаад, дараа нь асуулт хариултын цагаараа тодруулаарай. Миний бие Аудит, эрсдэлийн хороонд байдаг. Аудит, эрсдэлийн хороон дээр аудитын байгууллагаа сонгон шалгаруулах асуудлууд яригдаад ТУЗ-д танилцуулж, аудитын байгууллагаа сонгодог билээ. Монос Хүнс компанийн хувьд бол Монгол Улсдаа танигдсан чанар, үйлчилгээгээрээ тэргүүлэх аудитын компаниудыг сонгоод хөндлөнгийн аудитаа хийлгэж баталгаажуулан хувьцаа эзэмшигчдэдээ танилцуулж байя гэдэг. Энэ бодлогын хүрээнд бид тэргүүлэх компаниудад үнийн санал, үйлчилгээ үзүүлэх саналаа тавиад 2025 оны санхүүгийн тайландаа аудит хийлгэх байгууллагаараа Онч Аудит компанийг сонгон шалгаруулсан байгаа. Онч Аудит компани маань бол та бүхэн мэдэх байх Delliote компанитай хамтран ажилладаг, Монгол дахь партнераар нь ажилладаг байсан компани. За одоо хөндлөнгийн аудитын тайлангийн дүгнэлтийг танилцуулаач ээ хэмээн Онч Аудит компанийн Партнер Б.Уранбилигийгээ урья.

За бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргэе. Манай Онч Аудит компани 2 дахь жилдээ Монос Хүнс ХК-ийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитораар ажиллаж байна. Н.Улаанхүү захирал маань ерөнхийд нь танилцууллаа манай компани нийт 22 жилийн туршлагатай үндэсний хамгийн том аудитын компани. 22 жилийн маань 10 жилд нь Deloitte гээд дэлхийн 4 том аудитын фирмийн гишүүн компаниар ажилласан олон улсын туршлагатай, үндэсний томоохон аудитын компани байгаа. Манай компани Onch & Company гээд брэндийн доор үйл ажиллагаагаа явуулдаг, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн бүхий л үйлчилгээг үзүүлдэг ийм компани байгаа.
Бид 2025 оны 9 сарын 30-нд аудитын гэрээгээ байгуулаад завсрын аудит болон жилийн эцсийн аудитаа гүйцэтгээд 3 сарын 3-нд яг хөндлөнгийн аудитын дүгнэлтээ гаргасан байгаа. Цар хүрээний тухайд Монос Хүнс ХК-ийн удирдлагын бэлтгэсэн санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу бэлтгэсэн тайланд аудитын олон улсын стандартын дагуу аудит хийж гүйцэтгэсэн. Бусад мэдээлэл дээр заавал тайлбар оруулдаг юм. Саяын А.Отгондарь захирлын танилцуулсан тайлан нь жилийн тайлан гэсэн хаягтайгаар явдаг. Жилийн тайлан дээр хэрвээ бид нар уншиж танилцаад дараа нь ямар нэгэн мэдээлэл зөрүүтэй ч юм уу бид нарын аудит хийсэн тайлангаас зөрөөтэй асуудал гарах юм бол бас буцаж мэдээлэх үүрэгтэй байдаг. Мэдээж харилцагч хүлээн зөвшөөрөхөөс өмнө, аливаа аудитын ажил авахаасаа өмнө бид нар хөндлөнгийн гэх утгаараа хараат бус байдлаа нэг бүрчлэн сайн шалгадаг. Тэгээд манай Онч Аудит компани Монос Хүнс ХК-ийн аудитын багт орж ажилласан бүх гишүүд маань хараат бус байдлаа хадгалж ажлаа гүйцэтгэсэн байгаа. Аудитын залруулгын тухайд нийт цэвэр ашгийг ₮643.7 саяар өсгөх цэвэр хөрөнгийг ₮38.7 саяар өсгөх ийм залруулгууд ороод саяын санхүүгийн тайлан маань энэ залруулгуудыг авсны дараах байдлаар батлагдаж гарсан гэсэн үг. Тайлангийн дүгнэлтийн тухайд санхүүгийн тайлан гэдэг маань зөвхөн 4 тайлангаасаа гадна холбогдох нягтлан бодох бүртгэлийн бодлого болон тодруулгууд агуулсан бүрэн гүйцэт тайлан байдаг. Тэгээд нийт 45 хуудастай тайланд бид нар аудит хийгээд дүгнэлтээ хүргүүлсэн байгаа. Та бүхэн дэлгэрэнгүй тайлантай Монос Хүнс ХК-ийн вэбсайтаар танилцах боломжтой. Хөрөнгийн биржийн вэбсайт дээр мөн ил тавигдсан байгаа. Аудитын үр дүнд компанийн бэлтгэсэн санхүүгийн тайлан нь санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу бүх материаллаг зүйлсийнхээ хувьд үнэн шударгаар илэрхийлэгдсэн байна гэсэн дүгнэлт өгсөн байгаа.
За мэдээж дүгнэлтээ өгөхийн тулд бид нар бүх холбогдолтой, аудитын, олон улсын стандартаар шаардсан горимуудаа хийж гүйцэтгээд хангалттай болон зохистой аудитын нотолгоо олж авсныхаа үндсэн дээр саяын дүгнэлтийг өгч байгаа. Олон нийтийн компанийн хувьд аудитын олон улсын стандартаараа аудитын гол асуудлыг заавал аудитын тайландаа оруулах, аль болох ил тод байдлыг хангах үүднээс санхүүгийн тайлан уншиж хэрэглэж байгаа бүх хэрэглэгчдэд санхүүгийн жилийн тухайд аудиторууд ямар асуудал дээр гол тулгуурлаж ажилласан юм бэ гэдэг дээр тусгайлан аудитын гол асуудлыг тайлагнахыг шаарддаг. Энэ хүрээнд 2025 оны аудитын тухайд мэдээж 2024 онд MFC 2.0 төсөл маань ашиглалтад ороод 2025 онд үйлдвэрлэл бүрэн ажиллаж эхэлсэн. Тийм болохоор бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон борлуулалт нь 2024 онтой харьцуулахад огцом өссөн байгаа учраас борлуулалтын орлого нь удирдлагын гүйцэтгэлийг үнэлэх нэг гол үзүүлэлт байдаг учраас би борлуулалтын орлогын аудит дээр голчлон анхаарч ажилласан. Гүйцэтгэсэн горимуудаа бас аудиторын тайлан дээр дэлгэрэнгүй толилуулсан байгаа. Аудитын үр дүнд аудиталсан санхүүгийн тайланд эргэлтийн хөрөнгө ₮16.4 тэрбум, эргэлтийн бус хөрөнгө бол ₮44.4 тэрбум, нийт хөрөнгө ₮60.9 тэрбум гэж тусгагдсан байгаа. Нийт хөрөнгө ямар эх үүсвэрүүдээс санхүүжигдсэн байна вэ гэхээр мэдээж эздийн өмч ₮29.6 тэрбум, нийт өр төлбөр ₮31.2 тэрбум байгаа. За орлого үр дүнгийн тухайд гэвэл нийт ашиг ₮25.2 тэрбум тайлант жилийн цэвэр ашиг ₮7.7 тэрбум байгаа. Түрүүн А.Отгондарь захирал танилцуулгадаа дурдсаны дагуу ₮7.7 тэрбум дотор ₮2.6 тэрбумын хуучин үйлдвэрийн барилгыг борлуулсантай холбоотой ашиг багтаж буй. Анхаарал хандуулсанд баярлалаа.

Сайн байцгаана уу? Юуны түрүүнд өнөөдөр хүрэлцэн ирж цугласан нийт хувьцаа эзэмшигчдээ баярлалаа. Мөн онлайнаар үзэж байгаа хувьцаа эзэмшигч нартаа бас баярлалаа гэж хэлмээр байна. За би 2 зүйлийг танилцуулна. Эхнийх нь, ТУЗ-ийн 2025 оны ажлын тайлан үргэлжлээд санхүү, үйл ажиллагаанд өгөх дүгнэлтээ бас яриад явна. ТУЗ-ийн бүрэлдэхүүн дээр нийт 11 гишүүн байдаг. Энэ 11 гишүүнээс 6 нь ердийн гишүүн, 5 нь хараат бус гишүүн байдаг. Ердийн гишүүн Баттогтох маань өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж Компанийн тухай хуульд зааснаар хараат бус гишүүний шаардлагыг хангасан ТУЗ-ийн гишүүн сонгон шалгаруулах ажил эхэлсэн байдаг. Улмаар ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хорооноос нээлттэйгээр зарласан зарын дагуу нийт 63 анкет ирснээс Нэр дэвшүүлэх хороо 3 удаа хуралдан ТУЗ-д саналаа хүргүүлж, 2025 оны 11 сарын 12-ны өдөр ТУЗ-ийн ээлжит хурлаар ТУЗ-ийн гишүүнийг түр орлох этгээдээр Б.Бат-Үүл гишүүнийг томилон, тогтоолыг баталгаажуулж, зохицуулагч байгууллагад мэдэгдэн ажиллаж байна. За ТУЗ нь 2025 онд 4 ээлжит хурал, 5 ээлжит бус хурлыг танхимаар 4 удаа, цахимаар 3 эчнээ, санал хураалтаар 2 удаа тус тус зохион байгуулж эдгээр хурлуудаар нийт 35 асуудлыг хэлэлцэн 27 тогтоол баталсан. Чиг үүргийнхээ хүрээнд Гүйцэтгэх захиралд болон багийн ажилтнуудад 40 үүрэг даалгавар, зөвлөмжийг өгч хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна аа.
2025 оны ТУЗ-ийн онцлох шийдвэрүүд байгаа. Бас нэлээн их буюу 40-өөд үүрэг даалгавар байсан. Тэгэхдээ энэ дундаас онцлох шийдвэрүүд нь 2025 оны 2 сарын 19-нд ээлжит хурлаар компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, хөндлөнгийн аудит, ногдол ашиг хуваарилах асуудал хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг товыг хэлэлцсэн. Мөн шүгэл үлээх журмыг хэлэлцэн холбогдох тогтоол шийдвэрийг гаргасан байгаа.
2025 оны 8 сарын 7-ны ээлжит хурлаар компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс Нийслэлийн зүүн талд агуулах барих “MFC East Log” төслийг хэрэгжүүлэхийг зөвшөөрч зардлыг шийдвэрлэсэн тогтоолыг баталсан. За тогтоолын хэрэгжилтийн дагуу агуулахын барилга баригдаж өнөөдрийн байдлаар 82%-ийн явцтай явагдаж байна. Мөн энэ хурлаар ТУЗ-ийн дэргэдэх хороодын бие даасан журмыг баталсан. 2025 оны 11 сарын 12-ны ээлжит хурлаар ТУЗ-ийн гишүүн Б.Бат-Үүлийг сонгуульт хугацаа хүртэл түр нөхөн томилсон. Мөн 2026 оны бизнес төлөвлөгөөг баталсан.
ТУЗ-ийн дэргэдэх хороодын хурал байгаа. Манай ТУЗ дэргэдээ 4 хороотой. Цалин урамшууллын хороо, Нэр дэвшүүлэх хороо, Стратеги, бизнес хөгжлийн хороо, Аудит, эрсдэлийн хороо. 2025 оны 25.18 тоот ТУЗ-ийн тогтоолоор эдгээр хороодын чиг үүрэг эрх мэдлийг зохицуулан журмыг батлан мөрдөн ажиллаж байна. 2025 онд,
Мөн энэ хүрээнд дүгнэлт, шийдвэр, зөвлөмжийг гарган ажилласан. ТУЗ нь тайлант хугацаанд компанийн засаглал, удирдлагын хяналтыг сайжруулж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах бодлого тууштай хэрэгжүүлж байна. Энэ дээр та бүхэнд ТУЗ-ийн дүгнэлтийг товч хэлбэрээр бас танилцаж болно. За Монос Хүнс ХК-ийн 2025 оны санхүү, үйл ажиллагаанд өгсөн ТУЗ-ийн дүгнэлт,
“Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Монос Хүнс ХК эрүүл мэндийн хүнсний үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч үндэсний үйлдвэрлэлийн хувьд 17 мянган хувьцаа эзэмшигчдийнхээ итгэл, дэмжлэгт тулгуурлан 2025 онд хариуцлагатай засаглал тогтвортой өсөлтийн бодлогыг тууштай хэрэгжүүлж ажиллалаа. ТУЗ нь энэхүү дүгнэлтийг компанийн 2025 оны жилийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан, санхүүгийн хөндлөнгийн аудит, дүгнэлт, ТУЗ-ийн дэргэдэх хороодын сал санал зөвлөмжид үндэслэн гаргав.
Үйл ажиллагаа стратегийн хэрэгжилтийн үнэлгээ. 2025 он Монос Хүнс ХК үйлдвэрлэл логистик зах зээлийн чиглэлд тэлэлт, шилжилтийг хийж түүний үр өгөөжийг гаргаж эхэлсэн онцлог жил байлаа. MFC 2.0 буюу одоо энэ барилга нэгдсэн үйлдвэрийн төсөл хэрэгжиж эхэлснээр хуурай болон шингэн хүнсний үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж эрэлтээс хамаарсан бүтээгдэхүүний тасалдал буурч, бүтээмж нэмэгдсэн байгаа. “MFC East Log” зүүн бүсийн агуулах логистикийн төслийг эхлүүлсэн нь Монгол Улсын замын түгжрэлийн хүндрэлтэй нөхцөлд түгээлтийн цэг, хамралт нэгж, цэгийн түгээлтэд зарцуулах дундаж хугацаа, туулах зам, зардлыг дунд хугацаанд бууруулах түгээлтийг үр ашгийг нэмэгдүүлэх суурь нөхцөл бүрдүүлсэн нь оновчтой шийдвэр гэж үзэн ТУЗ дэмжсэн юм.
Компанийн дунд урт хугацааны өсөлтийн стратегийн чухал чиглэл болох экспортын ажиллагаанд 2025 онд бодит ахиц гарсан. Үүнд Америк болон Австралийн зах зээлд LifeCycle компанитай хамтын ажиллагаа эхлүүлж өтгөн Барагшуун, чацарганы цэвэр тос зэрэг бүтээгдэхүүнийг олон улсын FDA стандартын дагуу баталгаажуулсан нь экспортын нэг том алхам болж байна. Бид хэрэглэгчийн хэрэглэгчдийн хэрэглээний зан төлөв өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагыг урьдчилан тодорхойлж дэвшилтэт техник технологийн инновацыг тасралтгүй нэвтрүүлснээр бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, үйлдвэрлэлийн стандартыг тогтмол сайжруулж байна. За мөн санхүүгийн гүйцэтгэлийн үнэлгээ МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй Монос Хүнс ХК-ийн хувьцаа эзэмшигчид 4 мянгаас 17 мянга болж 4.3 дахин өссөн. Компанийн сүүлийн 5 жилийн дунджаар борлуулалт жил бүр дунджаар 32%, цэвэр ашигт 51%-ийн өсөлттэй, ашигт ажиллагаа хөрөнгийн өгөөж нэмэгдэхийн зэрэгцээ үнэ ашгийн харьцаа P/E 4.4 болжээ.
2025 оны гүйцэтгэлээр компанийн борлуулалтын орлого 27%-иар өсөж нийт орлого ₮48 тэрбумд хүрсэн нь хөрөнгө оруулалт тэлэлтийг дагасан мөнгөн урсгалын зардал өндөр байсан хэдий ч цэвэр ашиг ₮7.7 тэрбумд хүрч ашигт ажиллагааны түвшин сайжирсан нь MFC 2 төслийн өгөөж гарч, бүтээмжид нөлөөлсөн санхүүгийн сахилга бат удирдлага үр дүнтэй байсныг харуулж байна.
ТУЗ 2025 оны санхүүгийн үр дүнд үндэслэн нэгж хувьцаанд ₮4.5-ын ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн нь компанийн мөнгөн урсгал, ирээдүйн хөрөнгө оруулалтын хэрэгцээ болон хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг тэнцвэржүүлэх зарчимд нийцсэн гэж үзэж байна. За мөн засаглал эрсдэлийн удирдлага бидний стратегийн зорилго нь зөвхөн богино хугацаанд борлуулалтын өсөлтөд төвлөрөх бус урт хугацааны тогтвортой хөгжил хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгэм, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх, засаглал, эрсдэлийн удирдлага, инновац, хүний нөөцийн хөгжлийг цогцоор нь бодлогын түвшинд удирдахыг зорьж байгаа.
2025 онд компанийн хэмжээнд нийт 68 эрсдэлийг тодорхойлон ангилж стратегийн хариу арга хэмжээг төлөвлөн эрсдэлийн удирдлагыг хотын баруун бүсэд үйлдвэрийн үйл ажиллагаа төвлөрснөөр ажилтны гарах урсгал нэмэгдэх бодит эрсдэлтэй тулгарсан ч ажлын орчныг сайжруулах, удирдлага зохион байгуулалт, хүний нөөц, цалин урамшууллын оновчтой бодлогыг хэрэгжүүлснээр үйлдвэрийн салбарын ажиллах хүчний дутмаг он жилүүдийг компанийн ажлаас гаралтын индекс 26.7% болж буурсан нь сайшаалтай юм.
Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу байгаль орчны нөлөөллийг бууруулах үйл ажиллагааг тогтвортой авч хэрэгжүүлэн биелэлтийг НБОГ-аас хараат бусаар 6 гишүүн тус бүр үнэлж дүгнэдэг. 2025 оны дүгнэлтээр 8 бүлэг үзүүлэлтээр ТУЗ-ийн хараат бус гишүүд маань 95 онооны үнэлгээтэй гэж дүгнэгджээ. Хүнсний аюулгүй байдлын ISO 9001, Чанарын удирдлагын тогтолцоо ISO 14001 байгаль орчны удирдлагын тогтолцоо зэрэг нэгдсэн удирдлагын тогтолцоог хэвшүүлж тасралтгүй үйл ажиллагааны тэргүүний шаардлага болох бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг олон улсын хөндлөнгийн аудитын SGS компаниар дахин амжилттай баталгаажууллаа. ТУЗ нь тайлант хугацаанд идэвхтэй оролцон ажиллаж, стратеги, хөрөнгө оруулалт, засаглалын гол шийдвэрүүдийг хуулийн хүрээнд ил тод хариуцлагатайгаар гаргаж дүгнэсэн билээ.
Компанийн удирдлага хамт олон стратегийн зорилтоо бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх чиглэлд үр дүнтэй ажилласан гэж үзэн ТУЗ Монос Хүнс ХК-ийн 2025 оны үйл ажиллагааг маш сайн гэж дүгнэж байна.
Компанийн өнөөгийн амжилт удирдлагын хамт олны нэмэгдэл, нэгдмэл зорилго, үнэт зүйлс, тууштай хөдөлмөр, мөн хувьцаа эзэмшигч, харилцагч, түнш байгууллагуудын итгэл, дэмжлэг бодит илэрхийлэл юм аа. Бид цаашид ч эрүүл мэндийн хүнсний салбар дахь манлайлагч байр сууриа бататган инновац, хариуцлагатай засаглал, тогтвортой хөгжлийн зарим зарчимд тулгуурлан үнэ цэнийг бүтээсээр байх болно. Монос Хүнс ХК-ийн ТУЗ. Баярлалаа.
За ингээд ТУЗ-ийн дүгнэлтийг уншиж танилцуулсан ТУЗ-ийн дарга Х.Анандад баярлалаа. За хурал маань яг цагтаа эхэлж, цагийн хуваарийн дагуу сайхан явж байна. ТУЗ-ийн дүгнэлтийг 15 цаг гэхэд танилцаж дуусна гэсний дагуу 15:4 минутад танилцуулж дууссан. Дэгийнхээ дагуу одоо 2026 оны төсвийн саналыг танилцуулах ёстой байгаа. ТУЗ маань хувьцаа эзэмшигчдийнхээ баталсан төсвийн хүрээнд цалин урамшуулал бусад хурал зохион байгуулах зардлуудаа гаргаад явдаг. 2025 оны төсөв бол ₮322.7 саяар батлагдаад явсан. Одоо 2026 оны төсөв дээр ТУЗ-ийн цалингийн болон НДШ-ийг ₮265 сая байсныг нь ₮348 сая болгож нэмэгдүүлэх, ХЭХ-ын зардлыг ₮40 сая байсныг ₮30 сая болгох, ТУЗ-ийн хурлын зардлыг ₮12 саяд хэвээр үлдээх мөн сургалт болон бусад зардлыг ₮5 саяад хэвээр байлгахаар төлөвлөсөн байгаа. ТУЗ-ийн цалинд өөрчлөлт орж байгаа гол шалтгаан нь энгийн гишүүдийн өмнөх цалин хараат бус гишүүд нь ₮1.5 сая, ердийн гишүүдийнх ₮1 саяын цалинтай байсан. Ер нь бол үүнийг бол ижил болгох нь зөв буюу адилхан материалаа уншиж, судлах танилцуулах гээд цаг заваа гаргах гээд бүгдээрээ л ижил цаг хугацаа, үр дүн, хичээл зүтгэл зарцуулж байгаа учраас энийг ижил болгоё гэдэг үүднээсээ ердийн гишүүдийн цалинг нь ₮1.5 болгон нэмэгдүүлэх, за мөн ТУЗ-ийн ажлын албаны зардлыг тодорхой хувиар нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор ийм өөрчлөлт гарч байгаа. Хараат бус гишүүдийн цалин урамшуулал болон бусад асуудал дээр өөрчлөлт ороогүй. Бусад зардлууд нь ерөнхийдөө хэвээрээ учраас ₮395 сая болгож нэмэгдүүлэхээр 2026 оны төсвийг батлах саналаа оруулж байгаа юм байна.
Энэ асуудал санал хураалтын хуудсаар та бүхэн дээр санал хураагдахаар очно. За тэр үед энэ төсвийн батлах эсэх талаар та бүхэн ТУЗ-ийн саналын хуудас дээрээ бөглөснөөрөө энэ төсөв батлагдах эсэх нь шийдэгдэнэ. Дараагийн хурлын дэгийн дагуу танилцуулах асуудал нь ногдол ашиг хуваарилах эсэх талаарх ТУЗ-ийн тогтоолыг танилцуулна. Үүнийг миний бие танилцуулахаар дэг дээр тусгагдсан байгаа.
Монос Хүнс ХК-ийн ТУЗ-ийн 2026 оны 2 сарын 16-ны 26.01 тогтоолоор ногдол ашиг хуваарилах тухай шийдвэр гарсан. За ногдол ашиг хуваарилах эсэх шийдвэрийг санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн дотор гаргаж хувьцаа эзэмшигчдэд танилцуулахаар хуульд заагдсан байдаг. Би энэ тогтоолыг уншиж танилцуулъя.
Компанийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2, 46.5 дахь заалт болон 47-р зүйлийн 47.1, 76-р зүйлийн 76.1.12 заалт болон Монос хүнс ХК-ийн 11-р зүйлийн 11.5, 11.6 заалтыг тус тус үндэслэн тогтоох нь, Монос Хүнс ХК-ийн 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгагдсан цэвэр ашгаас ₮1.8 тэрбумыг мөнгөн хэлбэрээр тооцож нэгж хувьцаа нь ₮4.5-ын ногдол ашиг хуваарилахыг зөвшөөрсүгэй. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит тооцоонд орох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрөөрээр тогтоосугай. Ногдол ашгийг 4 сарын 30-ны дотор хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар заасан байгаа. Тэгэхдээ хэдийгээр тогтоол дээр 4 сарын 30-ны дотор Үнэт цаасны төвлөрсөн халамжийн төвөөр дамжуулан олгох тухай шийдвэр гарсан ч энийг бол ХЭХ-аасаа өмнө амжуулаад хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулбал зүгээр хэмээн, үүн дээр хичээж ажиллая гэж компанийн удирдлагуудаас шийдвэр гарган ажилласны хүрээнд өнөөдөр та бүхний дансанд ногдол ашгийн мөнгө шилжиж орсон хэмээн Гүйцэтгэх захирал А.Отгондарь хэлсэн. Та бүхэн одоо шалгаад үзээрэй. Өнөөдөр 17,120 хүний дансанд гүйлгээ хийнэ гэхээр нэлээн л юм болж, гүйлгээ маань хийгдсэн байх аа гэж бодож байна. За одоо хурлын дэгийн дагуу танилцуулагдсан асуудлуудаар санал хураалт явуулах, санал хураалтад хэрхэн оролцох, хуудсыг хэрхэн бөглөх талаар манай Тооллогын комиссын дарга П.Энхбаяр танилцуулна.

Дахин энэ өдрийн мэндийг хүргэе. Вэбсайтдаа бүртгүүлэхдээ энэ QR кодыг утсаараа уншуулан нэвтэрч орж болно. Эсвэл камер нь уншдаггүй хүн байвал энэ линкийг бичээд орж болно. Meeting.MonosFoods.mn shareholder регистр 10 гэдэг линкээр нэвтэрч орно. Дараагийн 2-р алхам буюу хурлын хэлэлцэх асуудлын тайлантайгаа танилцаад санал хураалтад саналаа өгнө. Санал хураалтыг Монос Хүнс ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан ТУЗ-өөс өгсөн дүгнэлтийг зөвшөөрч байвал зөвшөөрч байна гэж дарна, татгалзаж байвал татгалзаж байна гээд дарна, түдгэлзсэн бол түдгэлзсэнээ дарна. За 2 дахь асуулт нь Монос Хүнс ХК-ийн ТУЗ-ийн 2026 оны төсвийг баталж байвал зөвшөөрч байгааг дарна. Татгалзаж байвал татгалзсанаа дарна. Түдгэлзэж байвал түдгэлзсэнээ дарснаар таны санал хураалтыг бид хүлээн авна. За тэгээд нэмэлтээр асуух асуулт байвал хойд талын асуулт дээр бичээд бид нар руу илгээж болно. Одоо санал хураалтын явц бол эхэлчихсэн байгаа тэгэхээр энд байгаа хувьцаа эзэмшигчид болон онлайнаар оролцож байгаа хүмүүс маань тухайн линкээр ороод саналуудаа өгөх нь байна. Санал хураах явц үргэлжилж байх хооронд хэдүүлээ асуулт, хариуцлалтын үйл ажиллагаагаа явуулъя. Эхний ээлжид яг биечлэн хүрэлцэн ирсэн хувьцаа эзэмшигчдийгээ хүндэтгээд цахимаар бас асуултууд ирсэн байгаа гэсэн. Тэгэхээр энэ танхимд байгаа хүмүүс хувьцаа эзэмшигчдийн хэлсэн асуултууд байвал холбогдох хүмүүст нь хариулаад явцгаая аа. Асуулттай хүмүүс байвал гараа өргөөд, асуултаа тавиад явцгаая. Асууж тодруулах зүйл байвал хувьцаа эзэмшигчид минь гараа өргөөрэй. Аль эсвэл хүмүүс асуултаа бэлдэж байх хооронд онлайнаар ирсэн зарим асуултууд А.Отгондарь захирал дээр ирсэн асуултад хариулъя.
Асуулт: 2026 оны гол хөрөнгө оруулалтууд юу вэ? Экспортын зорилт ямар байна вэ?
Хариулт: 2026 оны бид бизнес төлөвлөгөөгөөр бид ₮10 тэрбумын хөрөнгө оруулалтыг баталсан. Үүнд үйлдвэрлэлийн автоматжуулалт, гар ажиллагаатай савлах хэсгүүдийг автоматжуулах, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлттэй холбоотой тоног төхөөрөмжийн шинэчлэл багтаж байгаа. Экспортын хувьд энэ бол урт хугацааны ажил. Одоогоор экспортоос их ашиг олоогүй ч борлуулалт хийгдэж байгаа. Урт хугацаанд ашиг олох зорилготойгоор маркетинг, бүтээгдэхүүний сав баглаа боодол, хэрэглэгчдийн соёлд тохирсон хөгжүүлэлт, ажилтнуудаа сургах чиглэлээр их ажиллаж буй.
Асуулт: Экос усны зах зээл дээрх эзлэх хувь хэд вэ?
Хариулт: Бид савласан цэвэр усны категорид багтдаг бөгөөд шүлтлэгжүүлсэн, эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй ус үйлдвэрлэдэг. 2024 онд бид зах зээлийн 15%-ийг эзэлж байсан бол 2025 онд 23%-д хүрсэн. Маркетингийн компанийн судалгаагаар манай зах зээл дээрх байр суурь илүү хүчтэй болсон байна. Манай 4 гол брэндийн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаагаар бүгд 10-аас 9 оноо авч байгаа. Уг судалгаа нь мянгаас дээш хэрэглэгчийг хамарсан судалгаа.
Асуулт: ТОП-20 индексээс хасагдсан гэсэн. Яагаад вэ? I ангилалд хэвээрээ юу?
Хариулт: Тийм, ТОП-20 индексээс гарсан. Гэхдээ Хөрөнгийн биржийн I ангилалд хэвээр багтаж байгаа ТОП-20 индексэд өдрийн дундаж арилжаа зэрэг үзүүлэлтэд их нөлөөлдөг. Хөрөнгийн зах зээлийн нийт арилжаа буурсан нөхцөлд манай арилжаа харьцангуй бага буурсан. Арилжааны идэвх сайжирвал буцаад индекс рүү орох боломжтой.
Асуулт: Өр төлбөр, зээл хэзээ төлөгдөж дуусах вэ? Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өртөгт хөдөлмөрийн зардал, сав баглаа боодол, маркетингийн зардал ямар хувь эзэлдэг вэ?
Тооллогын комиссын тогтоолыг танилцуулъя. Компанийн тухай хуулийн 67-р зүйлийн 67.3 дахь заалт, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал танхимаар болон цахимаар оролцон санал өгсөн хувьцаа эзэмшигчдийн саналын тоог нэгтгэснийг үндэслэн тогтоох нь,
За ингээд санал тооллогыг нэгтгэх төвөгтэй ажлыг гүйцэтгээд дуусгасан Тооллогын багийнхандаа баярлалаа. Ийнхүү тооллогын дүнг эцэслээд, тогтоолуудыг батлах шийдвэрүүд гарсан учраас би ХЭХ-аас гарах тогтоолын төслийг одоо уншиж танилцуулъя.
2026 оны 4 сарын 15-ны өдөр. Дугаар №01.
Компанийн 2025 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайланд өгсөн ТУЗ-ийн дүгнэлтийг батлах тухай Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62-р зүйлийн 62.1.9 дэх заалт Компанийн дүрмийн 6-р зүйлийн 6.6 дахь заалтыг удирдлага болгон Монос хүнс ХК-ийн 2025 оны жилийн эцсийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайланд ТУЗ-д өгсөн өгсөн дүгнэлтийг 2026 оны 4 сарын 15-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцүүлэн, хувьцаа эзэмшигчдийн саналын хуудсыг тоолсон тооллогын комиссын дүнг үндэслэн шийдвэрлэх нь
ХЭХ-ын шийдвэр дугаар 2. ТУЗ-ийн 2026 оны төсвийг батлах тухай Компанийн тухай хуулийн 62-р зүйлийн 62.1.13 дахь заалт Компанийн дүрмийн 6-р зүйлийн 6.6. дахь заалтыг удирдлага болгон ТУЗ-ийн дэргэдэх Цалин урамшууллын хорооноос гаргасан саналыг 2026 оны 4 сарын 15-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцүүлж Тооллогын комиссын дүнг үндэслэн шийдвэрлэх нь.
Хувьцаа эзэмшигчдийн дарга Н.Улаанхүү гэсэн ийм тогтоол гарах нь ээ.
За энэхүү тогтоолууд маань баталгаажаад удахгүй Монголын Хөрөнгийн Бирж болон компанийн сайтуудад байрших болно. Өнөөдрийн хурлын үйл ажиллагаа маань ингээд дуусаж байна. Та бүхэн минь хувьцаа эзэмшиж байгаа компанийнхаа талаар сайн мэдээлэлтэй болсон гэж найдъя. Эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүний зах зээл гэдэг хүнсний үйлдвэрлэл талаас нь бодох юм бол 2 дахин хурдтай өсөж байгаа салбар гэдгийг ойлгож, харсан байх. Компанийн үйл ажиллагаа маань сүүлийн 5 жилийн дунджаас харахад ч жил болгон 32% буюу нэлээн өндөр хурдтайгаар өсөж явж байгаа. Та бүхэн ч гэсэн мэдэх байх хүн болгон л гадаадаас ирэхдээ чемодандаа витамин, эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүн хийгээд л ирдэг. Асар хурдтай өсөж байгаа ийм том зах зээл дээр компани маань амжилттай ажиллаад явж байгаа гэдгийг та бүхэн харсан байх аа. Мөн компанийнхаа үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллийг авч эндээсээ компанийн ирээдүйн хувьцааны үнэ ханш ямар боломжит үнэд хүрч болох талаар мэдээлэл авсан байх. Та бүхэн компанийнхаа үйл ажиллагааг дэмжиж эндээс авсан мэдээллээ бусад хувьцаа эзэмшигчдэдээ дамжуулж, хүмүүст ойлголтоо өгөх, түгээхэд хамтарч ажиллаад яваарай. Өнөөдөр хуралдаа хүрэлцэн ирсэн та бүхэнд бүгдээрэнд нь маш их баярлалаа. За ингээд хурлын үйл ажиллагаа хаасныг мэдэгдье.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.