
“Инвескор Проперти” ХХК-ийн хэрэгжүүлсэн IC Tower барилга, байгууламж нь Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-н "EDGE Advanced" түвшний шаардлагад нийцсэнээр байгаль орчинд ээлтэй, тогтвортой менежментийг хэрэгжүүлэгч ногоон барилга, байгууламжаар шалгарлаа.
Дэлхийн банк, IFC-с дэлхийн 150 гаруй улсад нэвтрүүлээд буй EDGE (Excellence in Design for Greater Efficiencies) систем нь эрчим хүч, усны хэрэглээ болон ашигласан барилгын материал гэсэн үндсэн 3 үзүүлэлттэй ногоон барилга, байгууламжийн үнэлгээний жишиг аргачлал бөгөөд тухайн улс орны норм, стандартад заасан үзүүлэлтээс 20%-иас доошгүй үр ашигтай байх шаардлага тавьдаг.
Харин IC Tower барилга, байгууламжийн хувьд барилгын материалын нүүрстөрөгчийн биет үзүүлэлт 29% бага, эрчим хүчний хэмнэлт 41%, усны хэрэглээ 35% хэмнэлтийн суурь үзүүлэлттэйгээр стандарт шаардлагаас давж “EDGE Advanced” үнэлгээний түвшнийг хангасан Монголын анхны оффис, үйлчилгээний ногоон барилга, байгууламж боллоо.

Түүнчлэн ногоон барилгын стандарт шаардлагад
нийцэхүйц цонх ханын харьцаа, эрчим хүчний хэмнэлттэй халаалтын системийг
нэвтрүүлсэн бөгөөд усны хэрэглээг хэмнэх орчин үеийн шийдэл бүхий автомат тоноглолыг
суурилуулжээ. Барилгын материалын шийдлийн хувьд 3 давхар шиллэгээ бүхий хөнгөн
цагаан цонх, нүүрстөрөгчийн биет үзүүлэлтийг бага байлгахад нөлөөлдөг, барилгын
урт хугацааны бат бөх байдлыг хангах, дулаан болон агаарын алдагдлыг
багасгадаг бүрэн цутгамал бетон болон арматур хийцийг сонгосон нь агааржуулалт,
халаалт хөргөлтийн системийн хэрэглээг бууруулж эргээд эрчим хүчний хэмнэлтийг бий
болгожээ.
Төслийн
хөгжүүлэгч бөгөөд хөрөнгийн менежер болох “Инвескор Проперти” ХХК нь тус
салбарт 2017 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд менежмент хийж
байгаа болон шинээр хөгжүүлж буй төслүүддээ
ногоон барилгын стандарт, шаардлагыг бүрэн хангасан барилга байгууламжийн
шийдэл, тогтвортой менежментийг үе шаттайгаар нэвтрүүлэн хэрэгжүүлэхээр зорин
ажиллаж буй.
Ногоон барилга, байгууламж болсноороо байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх чухал алхам болохоос гадна хэрэглээний зөв дадлыг төлөвшүүлж, эрүүл, аюулгүй орчин бий болгодог нь иргэдийн амьдралын чанарт шууд эерэгээр нөлөөлөх юм. Ногоон барилга нь зөвхөн байгаль орчны төдийгүй нийгэм, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжиж, ногоон сэргэлтийн бодлогыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Түүнчлэн IC Tower ногоон барилгын гэрчилгээ авсан нь тус барилгад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид болон шинэ талбай худалдан авахаар сонирхож буй харилцагчид банкнуудын хөнгөлөлттэй ногоон зээлд хамрагдах боломжтой болж байна.
🔗 Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Эх сурвалж: “Инвескор Проперти” ХХК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.