Хамгийн өндөр үнэлгээтэй спортын багуудын нэг Los Angeles Lakers баг саяхныг хүртэл $7.1 тэрбумаар үнэлэгдэж байв. Гэхдээ одоо хэд юм бэ гэж асуувал $10 тэрбум гэнэ дээ.
🫨 Дуулиант мэдээ
Одоогийн Lakers-н эзэмшигч Buss-н гэр бүл дийлэнх хувиа TWG Global-д $10 тэрбумаар худалдахаар тохирсныг ESPN-н Shams Charania өнгөрсөн Лхагва гарагт мэдээллээ. Ийм том дүнтэй наймаа өмнө нь мэргэжлийн спортын түүхэд байгаагүй бөгөөд багийн удирдлагаар ажиллаж буй Jeanie Buss наймааны дараа ч ажлаа үргэлжлүүлэх сурагтай.
🟣 Lakers-н өв
Америкийн сагсан бөмбөгт Lakers-н эзлэх байр суурь асар их. Учир нь тус багт Kareem Abdul-Jabbar, Jerry West, Magic Johnson, Kobe Bryant, LeBron James гээд олон домогт сагсчид хүчин зүтгэж, 17 удаа NBA-д аварга авчээ. Бизнес талаас нь харвал Lakers-г 46 жилийн өмнө Jerry Buss $67.5 саяар худалдаж авсан ба бусад багуудаас түрүүлж шоу бизнесийг спорттой хослуулах боломжтойг гярхай харсан ажээ. Тиймдээ ч спортайнмент салбарыг шинэ түвшинд утгаар нь гаргаж чадав.
💰 Том наймаанууд
Сүүлийн жилүүдэд спортын багуудын эрэлт зах зээл дээр огцом өсөөд байна. Тухайлбал, өнгөрсөн 3 сард Lakers-н ривал Boston Celtics $6.1 тэрбумаар, 2023 онд NFL-н Washington Commanders $6.05 тэрбумаар, 2022 онд Английн PL-н Chelsea F.C. $5.2 тэрбумаар тус тус зарагджээ. Дэлхий даяаршихын хэрээр спортын багуудын ашиг орлого, үнэлгээ өсөх нь хорвоогийн жам болж буй гэлтэй.
Эцэст нь… Спортын баг урт хугацаандаа ямар ашигтай байж болохыг Lakers-н үнэлгээ 46 жилийн дотор 148 дахин нэмэгдэж $10 тэрбумд хүрснээс харж болно. Магадгүй манай спортын багуудад ч энэ кейс олон жилийн дараа тохиохыг үгүйсгэхгүй. Гол нь тууштай. 💪🏼
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.