
Гадаа хүйтэн, гэрт харанхуй, зэврүүн өдрүүд үргэлжилсээр. Сүүлийн 2 өдөр хэдэн айл лаатай хонов доо. Эрчим хүчний асуудал хурцдаж, олон ч мэдээлэл гарлаа. Тоймлож базъя.
😵💫 Ээлжилсэн тасралтын цаана
7 сарын өмнө ДЦС III-т осол гарсан бол одоо 43 жил шинэчлэл хийгээгүй ДЦС IV-т гэмтэл гараад буй. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 69 зуух залгаатай ажиллаж байгаагийн 4 нь гэмтсэн гэнэ. Уг нь $90 саяар 1.6 жилийн хугацаанд шинэ зуух ашиглалтад оруулах ТЭЗҮ гаргаж. Гэвч одоог болтол ашиглалтын хугацаа нь дууссан хэдийгээ зүтгүүлсээр.
🌗 20 жилийн үйл явдал
ДЦС IV-н гэмтэл анх удаагийнх биш. Өмнө нь 2006, 2015, 2018 онуудад ч бас энэ станц тэг зогсолт хийж байв. Яаралтай шинэчлэл хийхгүй бол өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээ л гэхэд 2024 онд 2015 оныхоос 47% нэмэгдсэн. Энэ жилийн эрчим хүчний хэрэглээний өвлийн оргил ачаалал өнгөрсөн Даваа гарагт дээд цэгт буюу 1,803 МВт хүрэв.
🫣 Арга ядсан амлалтууд
Энэ бүх нөхцөл байдлын дараа салбарын сайд Б.Чойжилсүрэн 10 аймгийн дулааны станцын тендерийг дахин зарлаж, хавраас үргэлжлүүлнэ, 2027 оноос эрчим хүч хүндрэлд орохгүй гэж ам гарав. Гэхдээ анхны ам биш тул найдвар төрүүлэхгүй л байна. Шадар сайд Т.Доржханд өнгөрсөн онд манай улс эрчим хүчийг 100% өөрсдөө үйлдвэрлэж, цаашлаад хөрш хоёр орондоо экспортолдог болно гэж байсан сан. Одоо тэрбээр өөрийн дэргэд "Эрчим хүчний экспортыг дэмжих" хэлтэс байгуулжээ.
Эцэст нь та бүгдээс нэг зүйл асууя. Энэ улсын асуудал хэзээ цэгцрэх бол, авлига нь хэзээ зогсох бол, цэвэр агаараар амьсгалах, дулаан гэрэлтэй орчинд амьдрах, амар тайван аж төрөх энгийн хэрэгцээ хэзээ хангагдах вэ? Хамгийн чухал нь саруул ухаант Монгол хүн та Монгол Улсынхаа ирээдүйг гэрэлтэнэ гэдэгт итгэж байна уу?
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.