
Сэргээгдэх эрчим хүчээр дэлхийд тэргүүлэгч Хятадын салхи, нарны тоног төхөөрөмжийн салбар 2026 онд алдагдал, захиалгын уналт, ёроолгүй үнийн дайнд өртөх төлөвтэй байна.
Татаасгүй бол ашиггүй
Хятадын эрх баригчид 2009 оноос салхи, 2011 оноос нарны цахилгааныг нүүрснээс өндөр, тогтмол үнээр худалдан авах татаасын бодлого хэрэгжүүлснээр сэргээгдэх эрчим хүчний салбар нь тэсрэлттэй хөгжсөн. Харин 2021 онд татаасаа зогсоож, 2025 оны 6-р сараас эхлэн шинэ станцуудын цахилгааныг зах зээлийн үнээр борлуулах болсноор худалдах үнэ нь буурч, орлого нь тодорхойгүй болсон тул шинэ станц барих сонирхол хумигдсан юм.
💔 Гинжин урвал
Асуудал зөвхөн татаасанд биш төвийн сүлжээ салхи, нарны эрчим хүчийг шингээж чадахгүйд хүрсэн. Угтаа нүүрсний станцуудыг шил дараалан унтраана хэмээн сүржин мэдэгдэл гаргаж байсан ч , энэ оны эхний хагаст тус улс 30 ГВт шинэ нүүрсний станц ашиглалтад оруулж, ердөө 2.7 ГВт-ыг хаасан. Үр дүнд нь үйлдвэрлэсэн салхи, нарны цахилгааны ¼ нь сүлжээнд нийлүүлэгдэж чадалгүй хаягдаж буй.
Эцэст нь… Хятад сэргээгдэх эрчим хүчний салбарыг төрийн татаасаар тэргүүлэх түвшинд хүргэж чадсан ч нүүрснээс салах нь тийм ч амар биш байгаа бололтой. 2025 онд Хятадын нүүрсний цахилгаан үйлдвэрлэл буурч, нүүрсний импорт 10% орчим хумигдсан нь нүүрсээр амь зогоодог Монгол зэрэг орнуудын санааг зовоож байсан. Гэлээ гээд тус улс сэргээгдэх эрчим хүчийг бүрэн түшиглэх нь цаг хугацааны асуудал тул бид ч нүүрснээс гадна гол зогоох өөр эх үүсвэртэй болохгүй бол горьгүй.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.