
Монгол Улсын ирэх оны төсвийн тоолуур аль хэдийн гүйж эхэлсэн ч төсвийн хэлэлцүүлэг эхний шатандаа гацлаа. УИХ дахь Ардчилсан намын бүлэг 3 хоногийн завсарлага авснаар Төсвийн хүрээний мэдэгдэл болон төсвийн багц хуулийн хэлэлцүүлэг зогсов.
🏃 Хөдөлдөг тааз
Энэ удаагийн маргаан ерөнхий тоон дүнд бус хуулийн дараалал, зарчим дээр өрнөж байна. Хүчин төгөлдөр үйлчилж буй баримт бичгээр төсвийн орлогын дээд хязгаар ₮36 их наяд байхад ЗГ ₮43 их наядын төсөв өргөн барьж, хязгаарлах ёстой таазаа төсөвтэйгөө хамт нэмэхээр оруулж ирсэн нь Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах хэмжээнд хүрлээ. Үндсэндээ төсвийг хазаарлах ёстой бодлогын тааз нь ЗГ-ынхаа амбицыг дагаж нүүдэг баримт бичиг болон хувираад байна.
💰💔 Төсвийн саатал: Хоног бүрд ямар өртөг төлөх вэ?
Төсөв батлах эцсийн хугацаа жил бүрийн 11 сарын 15-нд байх ёстой. Маргаан сунжрах тусам УИХ-ын нягтлан шалгах хяналтын цаг багасна. ДНБ-ий ⅓-ээс илүү хувийг эргэлдүүлэх ₮43 их наядын төсвийг нухацтай шүүхийн оронд хугацаанд шахагдан нүдээ аниад баталбал таатай зүйл болохгүй нь мэдээж.
Эцэст нь… 2017-2024 онд төсвийг хэлэлцсэн дундаж хугацаа 40 хоног байсан. Сүүлд өргөн барих хугацааг нэг сараар урагшлуулж, хэлэлцэх хугацааг 45-аас 75 хоног болгож сунгасан ч 2025 оны бадрангуй төсөв хоригт орж, хүчин төгөлдөр болтлоо 105 хоногийг элээсэн. Харин одоо төсвийн хэлэлцүүлгээс завсарлага авахаас илүүтэй засаж, танаж, хянаж, хэлэлцэхэд анхаарах нь чухал байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.