
Lead W/ булангийн шинэ дугаарт Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат оролцож, өөрийн манлайллын туршлага, удирдах арга барилаас хуваалцлаа. Хүлээн авна уу.

Тэрбээр ажлын гараагаа Америкийн банкны салбарын луугаруудын нэг болох JPMorgan банкнаас эхлүүлж, карьерынхаа туршид хөрөнгө оруулалт босгох, зах зээлд шинэлэг технологи, систем, санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлэх төслүүд дээр ажилласан туршлагатай нэгэн юм. Түүний манлайллын мантра нь “0-ээс 1”.



Удирдлагын арга барил гэдэг нэг хэвд тогтчихдог хэвшмэл зүйл биш. Туршлага нэмэгдэхийн хэрээр, мөн удирдаж байгаа байгууллагын онцлогоос шалтгаалаад өөрчлөгдөж, хувьсаж байдаг. Миний хувьд карьерынхаа туршид цаасан дээрх төсөл, концепцыг бодит бизнес, систем болгон ажиллаж ирсэн. Өөрөөр бол бодол санаа, төсөөллөөс бизнес, систем бүтээж байгаа шүү дээ. Ийм үед өөрөө ч, баг хамт олондоо ч “Бидний хийж байгаа зүйл ямар өөрчлөлт авчрах вэ, юунд хүрэх вэ” гэдгийг ойлгуулах нэн чухал.
Миний бодлоор удирдагч хүнд байх ёстой хамгийн чухал чанар бол шийдэмгий байдал. Удирдах ажил хийж байгаа хүн заавал шийдвэр гаргана. 10 шийдвэрийнх нь 9 нь зөв, 1 нь буруу байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хамгийн чухал нь шийдвэр гаргахаас зайлсхийхгүй байх.
Тухайн үеийн мэдээлэл, нөхцөл байдал дээр үндэслээд шийдвэр гаргасны дараа гүйцэтгэлээ системтэй явуулж чадвал, алдаа гарсан ч түүнийг засаж залруулах боломж үргэлж байдаг.
Харин шийдэмгий бус байдал тухайн байгууллагад илүү их хохирол учруулдаг гэдгийг өөрийн туршлагаас олон удаа харж байлаа. Тиймээс удирдагч хүн асуудлыг ойлгомжтой болгож, цаг алдалгүй шийдвэр гаргаад урагш алхах чадвартай байх ёстой.
JPMorgan Chase-д ажиллаж байхад Голомт банкнаас хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаагаа хөгжүүлэх зорилгоор үнэт цаасны компани байгуулах санал авч, Монголдоо буцаж ирж байв. Тухайн үе бол Монголын эдийн засаг өсөлттэй, зах зээл нь маш сонирхолтой харагдаж байсан үе л дээ. Нөгөө талаас Америкт үлдэж, удаан хугацаагаар ажиллах сонирхол төдийлөн байгаагүй юм. Ингээд 2012 онд Голомт Секюритиз ҮЦК-ийг 5–6 хүний бүрэлдэхүүнтэй, гутлын 22-т жижиг оффис түрээслээд л цааснаас нь эхэлж байлаа.
Тэр үед Монголын Хөрөнгийн бирж MIT системийг нэвтрүүлж байсан юм. Бид брокерын түвшинд холболт хийж, Nomura securities системийг авч, Монголд анх удаа харилцагчдад зайнаас дотоод, гадаадын бирж дээр арилжааг цахимаар хийх боломж олгосон. Тухайн үед 29 настай залуухан их л эрч хүчтэй, том зорилго тавьж ажилладаг байв. ТУЗ-ийн түвшинд байсан хүмүүс ч мөн томоор сэтгэж, зоригтой ажиллахыг дэмждэг байсанд талархаж явдаг.
Шинэлэг бүхэнд нээлттэй банкны дэмжлэг байсан нь богино хугацаанд 0-ээс эхэлсэн төслийг тухайн үеийн хөрөнгийн бирж дээрх хамгийн өндөр эргэлттэй брокеруудын нэг болгож чадсан.

Голомт Секюритизийн үйл ажиллагаа жигдэрсэний дараа Монполимет групп, EBRD болон МУХБ-ны “Blended finance” санхүүжилттэй Монцемент төсөл дээр ажилласан. 2019 он хүртэл ойролцоогоор $250 сая долларын хөрөнгө оруулалт амжилттай босгож 2 том үйлдвэр, дэд бүтцийн төслийг ашиглалтад оруулахад оролцож байв.
Дараа нь Эрдэнэс Тавантолгой IPO Хонконгийн бирж дээр гаргах бэлтгэл ажил, Хөгжлийн банкны дэргэдэх DBM Asset Management-н Гүйцэтгэх захирлаар ажиллахдаа ADB болон GCF-н санхүүжилттэй хөрөнгө оруулалтын санг байгуулах, Монголын төмөр зам ТӨХК-д дотоодын зах зээлээс босгох бонд, IFC-ийн санхүүжилт татах зэргээр төрийн өмчит компаниудад олон улсаас санхүүжилт босгоход голчлон ажилласан.
Эргээд харахад миний оролцсон ажлуудын ихэнх нь хоосноос бодит бизнес, бодит систем болж хөгжсөн байдаг.
Тиймээс санхүүгийн тогтолцоог би нэг институтийн өнцгөөс бус төр, хувийн хэвшил, банк санхүү, хөрөнгийн зах зээл, бодит үйлдвэрлэл хэрхэн огтлолцож, харилцан холбогддогийг илүү системийн түвшинд харж ойлгох болсон.
Монголын санхүүгийн салбарт ажиллахад тогтмол тулгардаг сорилт бол Засгийн газар ойр ойрхон солигддог явдал. Тэр бүрд нь л гаднын хөрөнгө оруулагчидтай хийж буй хэлцэл, хамтарсан төслүүдийн эрсдэлийн орчин огцом өөрчлөгддөг.
Ийм нөхцөлд бид зөвхөн хэлцэл хийхээс илүү, хөрөнгө оруулагчдын итгэлийг удирдаж шинэ засаг, шинэ нөхцөл үүссэн ч хөрөнгө оруулагчдын итгэлийг алдуулахгүй, төслийг тасалдуулахгүйгээр үргэлжлүүлэх шаардлагатай болдог юм.
Миний хувьд ийм нөхцөлтэй олон удаа тулгарч, олон ч удаа даван туулж байсан. Тухайлбал, IFC-тай $200 саяын төмөр замын санхүүжилтийн хэлэлцээр хийгдэж байх үед засаг солигдож, нөхцөл байдал гэнэт өөрчлөгдсөн. Тэр үед хамгийн чухал нь хурд байсан. Бид шуурхай шинэ зураглал гаргаж, хөрөнгө оруулагч талд ойлгомжтой, ил тод байдлаар тайлбарлах замаар хэлцлийг тасалдуулахгүй авч явах шаардлага үүссэн. Яг одоо ч энэ нөхцөл үргэлжилж байна.
Санхүүжилтийн хэлцлийг удирдана гэдэг нь зөвхөн хүү, эрсдэл тооцох бус итгэл, хүлээлт, бизнесийн орчны эрсдэл зэргийг удирдах, баг хамт олон, хөрөнгө оруулагчдаа манлайлах чухал чадвар.

Америкт суралцаж байхдаа найзтайгаа технологид суурилсан хүргэлтийн үйлчилгээний бизнес эхлүүлж, 2 орчим жилийн дараа дампуурлаа зарлаж байв. Эргээд харахад туршлага дутмаг байснаас гадна төлөвлөлт, ялангуяа санхүүгийн сахилга бат, тууштай байдал ямар чухал болохыг тэр үед ойлгож авсан. Мөн бизнес нэг хүнээс хамааралтай бус, хэн ч байсан ажиллах систем, тогтолцоонд суурилсан байх ёстойг мэдэрсэн.
Бизнесийн мөн чанар нь капиталаа тодорхой эрсдэлд оруулж, тэр эрсдэлийг удирдаж байж өгөөж бий болгох явдал. Эрсдэлийг бүрэн арилгах боломжгүй. Харин эрсдэл ба өгөөжийн тэнцвэрийг зөв удирдах нь удирдлагын үндсэн үүрэг.
Харин карьерын хувьд хамгийн том ололт нь олон талт оролцогчтой, том хэмжээний төслүүд дээр олон улсын туршлагатай мэргэжилтнүүд, Монголын чадварлаг лидерүүдтэй хамт ажиллаж, тэднээс суралцах боломж олдсон нь надад том хэмжээний хэлцэл дээр ажиллах сэтгэлзүй, гэрээний харилцаанд юуг анхаарах, эрсдэлийг хэрхэн удирдах, системтэй сэтгэх чадварыг маш их хөгжүүлсэн.
Бид өөрсдийгөө хөгжиж буй улсын мэргэжилтэн гэж дутуу үнэлэх хандлага байдаг. Гэвч бодит байдал дээр Монголд олон улсын түвшинд хэлцэл хийх, бизнес удирдах чадвар, туршлагатай мэргэжилтнүүд цөөнгүй бий.

Сүүлийн 10 гаруй жилд олон салбарт ажиллахдаа ойлгосон нэг зүйл нь хүн хэзээ ч “Би хангалттай мэддэг болчихлоо” гэж бодож болохгүй. Олон хүн “Би мэднэ, ингэж л хийдэг” гэх байдлаар хандаж буруу шийдвэр гаргах нь олонтоо. Яг үүнтэй холбоотойгоор нэгэн шавь лам багшаас ном сурах гээд очдог Төвөд түүх санаанд орлоо. 1 өдөр багш нь дуудаад, цай хальж асгартал нь аягалаад эхэлдэг. Шавь нь гайхтал, багш нь “Чи яг энэ аяга шиг дүүрчихсэн байхад би дээрээс нь цай аягалаад тогтохгүй, хальж асгарна. Тиймээс эхлээд аягаа хоослохгүй бол шинэ ном тогтохгүй” гэдэг.
Тиймээс ч миний хувьд шинэ салбар, шинэ ажилд орох бүрдээ “Би мэдэхгүй, би сурах ёстой” гэсэн хандлагатай, аягаа хоослоод очихыг хичээдэг.
Би нэлээд их цагийг нетворкингт зарцуулдаг. Дотоод, гадаадын олон хүмүүстэй уулзаж, ялангуяа энэ салбарт амжилттай ажиллаж буй хүмүүс болон надаас ахмад туршлагатай хүмүүстэй ярилцаж, зөвлөгөө авахыг чухалчилдаг.
Тэднээс би зөвхөн мэргэжлийн бус, мөн хувь хүний болон амьдралын туршлагатай холбоотой зөвлөгөө ч их авдаг. Энэ бүх харилцаа, зөвлөгөө нь миний хувьд өөрийгөө хөгжүүлэхэд хийсэн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт гэж боддог.
Мөн эргээд бодоход, амьдралынхаа эхэн үед гаргасан том шийдвэрүүд ч бас чухал байсан. Жишээлбэл, залуу насандаа гадаадад сурахаар зорьж, шийдвэр гаргасан нь тухайн үедээ амар байгаагүй ч олон боломжийн үүдийг нээсэн. Ийм сонголтуудыг олон хүн амьдралынхаа туршид хийдэг байх, харин миний хувьд тэр нь өөрийгөө хөгжүүлэх чухал алхам байсан гэж боддог.


Анх Америкийн банк санхүүгийн салбараас ажлын гараагаа эхлүүлж байсан болохоор нэлээд өндөр ачаалалтай 7 хоногт 50–60 цаг ажиллах нь хэвийн зүйл байлаа. Түүнээс хойш ажилласан байгууллагууддаа ч ерөнхийдөө өглөө эрт эхэлж, оройхон дуусдаг ажлын хэмнэлтэй ажилласан.
Ялангуяа энэ ажилд ирээд удаагүй байгаа учраас эхлүүлэх, цэгцлэх, зохион байгуулах ажил их байна. Сүүлийн хэдэн 7 хоногийг харахад өдөр тутмын ажил маань ихэвчлэн уулзалтаас уулзалт, хурлаас хурал руу гүйж л өнгөрч байна даа.
Зарим гүйцэтгэх түвшний удирдлагууд хэтэрхий их олон юмыг хянахыг хичээдэг. Хэтэрхий хянаад, бүх ажлыг өөр дээрээ авах нь бүтээмжид маш их нөлөөлдөг юм шиг санагддаг. Тиймээс би аль болох дунд шатны менежерүүд, газар нэгжийн удирдлагуудад “Authority” буюу шийдвэр гаргах эрхийг нь өгдөг.
Нөгөө талаас миний ажлын ноу-хау бол системтэй байх. Бизнес бол мөнгө олох арга ухаан. Үнэ цэн бий болгох, бүтээх аргаа олчихсон бол түүнийг яаж олон давтамжтай, өргөн цар хүрээтэй, хамгийн бага зардлаар хийх вэ гэдэг л асуудал. Энэ нь эцсийн дүндээ хүнээс үл хамаарсан тогтолцоо, систем гэсэн үг.
Тиймээс би өндөр үр ашиг өгч байгаа үйлдлүүдийг давтамжтай, системтэй болгохыг хичээдэг. Гэнэт л 1 өдөр орж ирээд баахан бужигнуулаад, маргааш нь өөр юм руу үсэрчихвэл гүйцэтгэл дээр ажиллаж байгаа хүмүүст ч хэцүү, ойлгомжгүй болно. Тэгэхээр системтэй, давтамжтай, ойлгомжтой, тогтвортой байх нь ажлаа хөнгөвчилдөг үндсэн арга маань.
Өглөө босоод охиноо сургуульд нь бэлдэнэ. 7 хоногт 3 удаа 30 минут сэлдэг. Голдуу 8:30 гэхэд ажил дээрээ ирчихсэн байдаг. Өглөөний цагийг би хамгийн үнэ цэнтэй гэж боддог. Тиймээс шийдвэр гаргалт шаардсан ажлуудаа өглөө хийдэг. Мэдээлэл цуглуулах, асуудал багцлах, чухал шийдвэрүүдэд бэлтгэх зэрэг ажлуудаа энэ үед төвлөрч хийдэг. Үдээс хойш харин уулзалтууд, хэлэлцүүлгүүд эхэлдэг. Харин оройн хэсэгт унших, судлах шаардлагатай ажлуудаа илүү тайван хэмнэлээр хийдэг.

Хөрөнгийн биржийн үндсэн KPI-ийн нэг нь хөрөнгө шингэх чадамж, өөрөөр хэлбэл “Investability”. Энэ нь зах зээлийн хөрвөх чадвартай шууд холбоотой асуудал. Өнөөдөр бирж дээр өдрийн дундаж үнэт цаасны арилжаа $1 сая орчим байна. Энэ нь институционал хөрөнгө оруулагчдын хувьд хангалтгүй хэмжээ. Жишээлбэл, $10–$20 саяын багц удирддаг портфолио менежер Монголын зах зээл дээр багц бүрдүүлэхэд 20 хоног зарцуулж магадгүй. Энэ хугацаанд хөрөнгө оруулалтын “Playbook”, ашиг хийх тактик нь алдагдана. Товчхондоо манайд хөрөнгө шингэхгүй байна. Тиймээс зах зээлийн хөрвөх чадварыг төлөвлөгөөтэй, системтэй буюу инженерчилж бий болгох шаардлагатай.
Өнгөрсөн жил IPO гараагүй нь макро эдийн засгийн нөхцөлтэй холбоотой ч бирж өөрөө илүү идэвхтэй борлуулалтын буюу бизнес хөгжлийн функцтэй байх шаардлагатай. Ойрын хугацаанд төрийн өмчит компаниудын хувьцааг биржээр дамжуулан олон нийтэд санал болгох асуудал хэлэлцэгдэхээр байгаа нь манай зах зээлд том боломж. Мөн ТОП-100 компанийн жагсаалтад багтдаг аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн компани болгох чиглэлд бодлогын дэмжлэгүүд бий. Иймээс компаниудад олон нийтийн компани болохын давуу талыг ойлгуулж, зөвлөх чадавхыг бэхжүүлэх шаардлагатай.
Нөгөө талаас, олон улсын хөрөнгө оруулагчид ихэвчлэн пассив багц бүтээгдэхүүнүүд, тухайлбал ETF-р дамжуулан зах зээлд оролцох хандлагатай байдаг. Харин Монголын зах зээл дээр ийм төрлийн бүтээгдэхүүн алга байна. Тиймээс индексүүдийг хөгжүүлэх шаардлагатай. Өнөөдөр бид ТОП-20 индекс дээр төвлөрч байгаа ч түүнийг дагасан ETF хараахан байхгүй. Цаашид уул уурхай, дэд бүтэц зэрэг салбарын индексүүд, мөн ногдол ашиг өндөр компаниуд болон банк санхүүгийн байгууллагуудыг дагасан индексүүдийг хөгжүүлэх боломж бий.
Ингэж шинэ индексүүд болон багц бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлснээр мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах суурь нөхцөл бүрдэх юм.
Ковидоос өмнө би маш их ажилладаг байсан. Гэхдээ цар тахлаас хойш олон хүний адил амьдралд хандах хандлага маань өөрчлөгдсөн мэт санагддаг. Миний хувьд гэр бүлдээ, хувь хүндээ зарцуулах цаг гаргах ёстой гэх бодол нэмэгдэж, цагаа зарцуулах болсон.
Бага, залуугаасаа л орой гэрийнхээ хаалгаар орохоос өмнө ажил дээр болсон бүх асуудлаа ардаа үлдээгээд, гэртээ хүний хань, аавын дүрээр орохыг хичээж ирсэн. Гэртээ ормогцоо анхаарал, цаг заваа гэр бүлдээ л зориулна гэсэн зарчимтай.
Хэтэрхий их ажлын хойноос явж, өөрийгөө хаях маш буруу. Хүн байнга өөртөө цаг зав гаргах ёстой. Нэг ёсондоо байнга өөрийгөө үнэлж байх ёстой буюу шинэ юм сур, шинэ хэл сур, спортоор хичээллэ, гоо зүйдээ анхаар, өөрийнхөө амгалан тайван, эрүүл байдалдаа анхаар гэсэн үг. Ингэж байж хамт олон чинь ч гэсэн, нийгэм ч гэсэн таныг тэр түвшинд үнэлнэ.
Зарим залуучууд ажлынхаа үр дүнгээр үнэлүүлэх гээд өөрийгөө хаячихдаг. Гэтэл яг карьерын түвшний шийдвэрүүдийг удирдлагууд гаргах үед магадгүй тэр хүнийг биш, өөрийгөө үнэлсэн, өөрийгөө хөгжүүлсэн хүнийг сонгох хандлага байдаг. Тэгэхээр өөрийгөө хэзээ ч битгий хаяарай.


Хөрөнгийн бирж өөрөө их цомхон бүтэцтэй. Нийтдээ 60 орчим хүнтэй. Миний шууд удирдлагад 5 газрын захирал ажилладаг. Бизнесийг үр бүтээлтэй явуулахын тулд би ер нь газрын захирлуудтайгаа гол чиглэлийн асуудлуудаа ярьдаг. Харин ахлахуудтай зарим асуудал дээр нь зөвлөдөг. Тэгэхээр ер нь 10 орчим хүнтэй л тогтмол харилцаж, ажиллаж байна.


Би мэдээллээ аль болох анхдагч эх үүсвэрээс авахыг хичээдэг. Нийгмийн сүлжээнээс илүү мэдээний сайтууд, компанийн улирлын болон жилийн тайлангуудаас мэдээлэл авах дуртай. Мэдээж цаг хугацаа ордог. Гэсэн ч ач холбогдол нь өндөр. ТВ бол сүүлийн үед маш бага үзэж байна.
Оюутан байхaд уншсан хэд хэдэн ном надад их нөлөөлсөн. Тухайлбал Malcolm Gladwell-н “Outliers”, Thomas Friedman- н “The Lexus and the olive tree”. Эдгээр номууд юмсыг өөр өнцгөөс харж болдог юм шүү гэдгийг сайн харуулсан гэж боддог. Биднийг оюутан байхад бас “Freakonomics”, “The World Is Flat” гэх мэт уншвал зүгээр номууд гарч байсан юм.
Үнэнийг хэлэхэд айхтар подкаст тогтмол сонсдоггүй. Сүүлийн үед подкастаас илүү Everand-с аудио ном сонсох болсон. Ялангуяа 15 минутын хураангуй хэлбэртэй номуудыг зам зуур их сонсдог болоод байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.