Хоёр жилийн тэртээ “Банкны эзэд болцгооё” уриатай Мандал Ирээдүйн Өсөлт хамтын ХОС (MFG) ₮50 тэрбумыг зах зээлээс босгож түүх бүтээж байлаа. Гэхдээ тэдний замнал дардан байсангүй…
Салаа замаар сажлав
Хаалттай хамтын ХОС-гийн нэгж эрх бирж дээр арилжаалагдахаас гадна өнөөгийн цэвэр хөрөнгө (NAV) нь давхар тооцогддог. Угтаа энэ 2 үзүүлэлт зуузай холбоод явж байх учиртай ч тэгсэнгүй. Өөрөөр хэлбэл, ₮1,118-ийн үнэтэй зүйлийг зах дээр хүмүүс ₮770-р буюу 31% хямдхан хоорондоо арилжаалж буй юм.
Байргүй, банкгүй
Байр авах уу, Банк авах уу? гэж байсан цаг саяхан. Тэгвэл, УБ-д байрны үнэ сүүлийн 1 жилд гэхэд 18.4% өссөн. Тэгвэл MFG сангийн хөрөнгө хоёр жилийн хугацаанд 11.8% өссөн бол нэгж эрхийн ханш нь 23% унаад буй юм.
Гэхдээ зул бөхөөгүй
Саяхныг хүртэл банкны эзэн болъё гээд ч банкнуудад хамаагүй хөрөнгө оруулах боломжгүй байв. Учир нь, СЗХ-ны журмаар хамтын ХОС нь нэг салбарт дээд тал нь сангийн хөрөнгийн 25%, нэг ХК-д дээд тал нь сангийн хөрөнгийн 10%-г оруулах боломжтой байсан юм. Тэгвэл шинэчлэгдсэн журмаар зөвхөн нэг салбарт хөрөнгө оруулах боломж үүссэн бөгөөд системийн нөлөө бүхий банкны хувьцаанд сангийн 20% хүртэлхийг оруулж болохоор болжээ.
Тэгэхээр MFG цаашид банкнуудад оруулсан хөрөнгөө нэмэгдүүлж жинхэнэ утгаараа банкны эзэд болох үүд нээгджээ. Харин тэд тэгэх болов уу?
Эцэст нь, сүүлийн 2 жилд хамтын хаалтай ХОС нэг ч үүссэнгүй. Зах зээлийн уналттай үе таарсан, банкнуудын IPO хойшилсон, зах зээл шинэ гэх мэт үгүйсгэх аргагүй шалтгууд бий. Гэхдээ 2 жил хангалттай хугацаа ба одоо бараг бүх боломж бүрдсэн энэ үед Монголд хөрөнгө оруулалтын сан хөгжих эсэх тэдний гарт байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.