МХБ (MSE)-д бүртгэлтэй 185 хувьцаат компани Компанийн тухай хууль, Үнэт цаасны тухай болон бусад хууль, СЗХ-ны Үнэт цаасны бүртгэлийн журамын дагуу хугацаат тайлан, тухай бүр мэдээлэх мэдээллээ СЗХ, МХБ болон компанийн вэбсайтад мэдээлэхээр заасан. Түүнчлэн МХБ-ийн Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журамд ижил агуулгатай зохицуулалт бий.
- 2023 оны эхний улиралд СЗХ-д нийт хувьцаат компаниудын 58.3% буюу 108 хувьцаат компани засаглалын кодексын хэрэгжилтийн тайлангаа хүргүүлээд буй. Мэдээж энэ нь хангалттай үзүүлэлт биш. Энэ мэтчилэн хувцаат компанийн засаглал сул байгаа нь хууль, журмын хяналт, хэрэгжилт хангалтгүй байдагтай шууд холбоотой.
СЗХ-ны журмаар нээлттэй хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчаас шийдвэр гаргахад шаардлагатай компанийн бизнесийн болон санхүүгийн үйл ажиллагаанд бий болсон ажил хэрэг, үйл ажиллагаатай холбоотой цогц мэдээллийг тухай бүр нийтэд мэдээлэх ёстой байдаг. Үүнд,
- Компанийн үйл ажиллагаа, санхүүгийн байдал, бизнест шууд нөлөө үзүүлэхүйц гэрээ байгуулах, гэрээний нөхцөл, гэрээг өөрчлөх, цуцлах, дуусгавар болсон, аль нэг хараат компани нь оролцсон эсэх,
- Шүүх, прокурор, төрийн эрх бүхий байгууллагаас компанийн эрх бүхий албан тушаалтан, түүний хараат, охин компанид хэрэг үүсгэсэн эсэх,
- СТОУС-ын дагуу компанид дахин үнэлгээ хийхээр шийдвэрлэсэн нөхцөл, шаардлага, хөрөнгийн үнэ цэн буурсан хэмжээ эсхүл хязгаарын тооцоолол,
- Хяналтын багцыг шилжүүлэх хэлцлийн мэдээлэл, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь хэмжээний өөрчлөлт,
- Хувьцааны үнэд нөлөөлөхүйц шинэ бүтээгдэхүүн танилцуулсан, зөвшөөрөл патент, барааны тэмдэг авсан, хүчингүй болсон мэдээлэл,
- Ногдол ашиг хуваарилахгүй бол энэ тухай үндэслэл, өмнө жил ногдол ашиг хуваарилсан тараалтын тайлан, мэдээлэл зэрэг багтах юм.
Үр дагавар
Компанийн мэдээлэл тодорхойгүйгээс хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хохирч, оруулсан хөрөнгө нь салхинд хийсэх тохиолдол цөөнгүй байна. Тухайлбал,
- Ашиггүй ажилласан мэтээр санхүүгийн тайлангаа буруу гаргаж ногдол ашиг хуваарилахаас зайлсхийх, охин компани, хараат эсвэл хамаарал бүхий этгээдийн компанитай сонирхлын зөрчилтэй хэлцэл хийж компанийг өр төлбөрт оруулах, үйл ажиллагааны зардлыг өсгөх.
- Зарим компани хувьцаа эзэмшигчдийн хурал хийдэггүй, хурлын зарыг цөөн хүмүүст хүргэж бусад хувьцаа эзэмшигчдийг хуралд оролцуулдаггүй, санал өгөх тэргүүтэй эрхийг нь зөрчих
- ТУЗ, Гүйцэтгэх удирдлагад их хэмжээний цалин, урамшуулал үндэслэлгүй олгож удирдлагын зардлыг нэмэгдүүлж компанид санхүүгийн дарамт үүсгэх.
- Компанийн эрх бүхий этгээд нь гэмт хэрэгт холбогдсон, өр төлбөртэй гэх мэдээлэл тухайн компанийн хувьцааны үнэ огцом унахад нөлөөлөх.
- Компанийн зах зээлд эзлэх хувийг тэлж, ашигт ажиллагааг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргах зэрэг ашигт ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж буй эсэх нь тодорхойгүй.
- Хөрөнгө оруулагч хувьцаа авснаар ямар хугацаанд, хэдий хэмжээний ашиг хүртэх гэх мэт мэдээлэл тодорхойгүйгээс арилжааны идэвх буурч, хувьцааны үнэ унаж хувьцаа эзэмшигчид хохирох зэрэг үр дагавар гарч байна.
Хэрэгцээ шаардлага
Эрх зүйн орчин сул байгаатай холбоотойгоор дээрх шиг асуудал гарах нь түгээмэл болж байна. Иймд хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж, тэдний оролцоог сайжруулах замаар арилжааны идэвх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийг тогтвортой хөгжүүлэхийн тулд хувьцаат компаниудад тавих шаардлага, хууль, журмын хэрэгжилтийг сайтар хангуулах, зохицуулалтыг боловсронгуй болгох бодит шаардлага үүсээд буй. Ингэхдээ,
- Санхүү, үйл ажиллагааны тайланг зориуд буруу гаргаж, мэдээллийг ил тод байршуулах үүргийг удаа дараа зөрчиж, хувьцаа эзэмшигчдийг хохироосон компанийг бүртгэлээс хасаж, хувьцаа эзэмшигчдэд нөхөн олговор олгож хохиролгүй болгох зохицуулалт хийх,
- Хувьцааны 50%-иас доошгүйг хөрөнгийн биржид арилжаалах гэхчлэн хувьцаат компанид тавих босгыг нэмэгдүүлэх,
- Гүйцэтгэх удирдлага, томоохон хувьцаа эзэмшигчид компани, бусад хувьцаа эзэмшигчдийг хохироож байгаа асуудлаар компанийг төлөөлөн хууль, шүүхийн байгууллагад гомдол гаргах эрхийг хуулиар олгох,
- Хууль, журам зөрчиж бүртгэлээс хасагдсан компанийн эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалттай болох,
- Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагын хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Учир нь одоо байгаа торгуулийн хэмжээ нь компаниудыг зөрчил гаргахгүй байх хөшүүрэг болж чадахгүй байгаа юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.