Улсын төсвийн орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлэгч татварын орлого буурсан таагүй мэдээ гарлаа. Тухайлбал, энэ оны эхний 4 сарын байдлаар татварын орлого ₮8 их наядад хүрсэн нь өмнөх оны мөн үеэс ₮1.4 их наяд буюу 15.2% буурчээ. Шалтгаан нь юу байв?
🕵🏻♂️ Шалтгааны эрэлд
Татварын орлого буурахад орлогын албан татварын орлого 26.1% буурч ₮2.6 их наяд, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 65.8% багасаж ₮0.5 их наядад хүрсэн нь тус тус нөлөөлөв. Бууралтын уг үндэс нь өмнөх 2 жилийн эхний улиралд 8% өсөж байсан ДНБ энэ оны I улиралд ердөө 2.4% өссөн болон экспортын хөдөлгөгч хүч нүүрсний үнэ оны эхнээс 15.8% багассан үйл явдал байв. Нөгөө талд НД-ын орлого 28.2% өсөж ₮1.6 их наядад, НӨАТ 4.0% нэмэгдэж ₮1.8 их наядад, гадаад үйл ажиллагааны орлого 9.1% өсөж ₮0.6 их наядад хүрчээ.
🕰️ Түүхийн жимээр
Угтаа өнгөрсөн 10 жилийн эхний саруудад 7-д нь татварын орлого өсөж, 3-т нь буурчээ. Энэ жилээс гадна 2016 болон 2020 онд бууралттай жил тохиосон хэрэг. Онцлоход, энэ оны эхний 4 сард төвлөрүүлсэн татварын орлогын хэмжээ жилийн өмнөхөөсөө буурсан ч 10 жилийн өмнөхөөс 5.4 дахин нэмэгдсэн. Үүнээс орлогын албан татвар хамгийн их буюу 11 дахин нэмэгджээ.
Харж байгаачлан нэг талд уул уурхайн салбараас олох татварын орлого буурсан ч иргэд болон бусад салбарын ААН-ээс авч байгаа татвар жилээс жилд, өдрөөс өдөрт өсөж буй.
📊 Нөгөө талд
Төсвийн зардлын тухайд эхний 4 сард нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ мөн үеэс 9.8% өсөж ₮8.5 их наядад хүрсэн аж. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл мөн үеэс ₮2.2 их наядаар буурч, ₮57.9 тэрбумын алдагдалтай гарсан гунигтай мэдээ гарав. Уг нь бол энэ жил төсөв алдагдалгүй байх ёстой шүү дээ. Гэтэл энэ төлөвлөгөө биелэх эсэх нь эргэлзээтэй байна.
Эцэст нь… Хэрэв төсвийн төлөвлөгөө биелэхгүй болоод ирвэл тун эрсдэлтэй. Нөгөөтээгүүр энэ төсвийг боловсруулсан ЗГ огцрохдоо тулбал төсөвт тодотгол орох магадлалтай. Учир нь өмнөх ерөнхий сайдуудын жишээнд огцорсны дараа төсвийн тодотгол орсон тохиолдол удаа дараа гарч байлаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.