
Өнгөрсөн 7 хоногт видео тоглоом сонирхогчдын арааны шүлсийг олон жил ялгаруулж ирсэн Grand Theft Auto VI буюу GTA VI-н урьдчилсан захиалга эхэлсэн. Үүнээс хойш GTA VI нь ёстой л нүд ирмэхийн зуурт 39 сая ширхэг борлуулагдаж, айхтар амжилтын эзэн болсон сурагтай шүү.
🤑 1 өдөрт $3 тэрбум
Урьдчилсан захиалга эхэлснээс хойш 1 өдрийн дотор GTA VI 39 сая гаруй ширхэг борлуулагдаж, нийт $3 тэрбумын орлого олсон гэх мэдээлэл цахим орчинд түгээд байна. Өөрөөр хэлбэл, GTA VI ердөө нэг өдөрт өмнөх цуврал GTA V-н 13 жилийн хугацаанд бүрдүүлсэн нийт орлогын бараг 1/3-тэй тэнцэх хэмжээний орлого олжээ. Сонирхуулахад, хамгийн өндөр борлуулалттай тоглоомын нэгээр тооцогддог GTA V нь 2013 оноос 230 сая ширхэг борлуулагдаж, $10 тэрбумыг олсон гэнэ.
🇲🇳 Хэдэн цаг ажиллаад авах вэ?
Эхний ээлжид зөвхөн PS 5 болон Xbox Series X/S дээр гарах GTA VI-н энгийн хувилбар $79.99-оор, ultimate хувилбар $99.99-оор худалдаалагдана. Эндээс GTA VI тоглоомын энгийн хувилбарын үнийг өнгөрсөн 5-р сарын ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалинтай харьцуулбал нэг хүн дунджаар 17 цаг ажиллаад GTA VI-г авахаар байна. Хамгийн богино хугацаанд авах боломжтой нь Орхон аймгийнхан бөгөөд тэдний сарын дундаж нэрлэсэн цалин ₮3.8 сая буюу 12.6 цаг ажиллаад л GTA VI-тай болох аж.
Эцэст нь… Манайхан дунд ирэх 11 сарын 19-нд болох GTA VI-н нээлтийг хүлээж байгаа хэр олон хүн байна даа? Худалдаж авахдаа хуримтлуулсан мөнгө байгаа биз? 🤓
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.