
Оны бизнес, санхүүгийн салбарын шилдгүүдийг шалгаруулах “Lemon Press Awards” 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн хувьд манай редакцын зүгээс тодорхой шаардлага тавин 3 төрөлд 4, 4 нэр дэвшигчдийг тодруулсан юм. Санал асуулга 3 өдрийн турш үргэлжилж, нийт 865 уншигч оролцлоо.
ОНЦЛОХ CEO: Р.Мөнхтуяа | ХААН Банк ХК-ийн Гүйцэтгэх захирал
ХААН Банк ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа нийт санал асуулгад оролцогчдоос 38%-ийн санал авч "ОНЦЛОХ CEO"-р шалгарав. Тэрбээр бизнесээ ногоон болгох хүсэлтэй бизнес эрхлэгчдийг ямагт дэмжих болно гэдгээ илэрхийлж, энэ чиглэлд маш том нөлөө үзүүлж байгаа нэгэн. Түүнчлэн ХААН Банкны Гүйцэтгэх захирлаар 2020 оноос хойш ажиллаж байгаагаас гадна Монголын Ногоон Санхүүгийн Корпораци буюу ТоС Холбооны Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж буй.
ОНЦЛОХ ХҮН: Д.Энхтүвшин | УИХ-ын гишүүн
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нийт санал асуулгад оролцогчдоос 47.5%-ийн санал авч "ОНЦЛОХ ХҮН"-ээр шалгарав. Тэрбээр УИХ-ын гишүүний хувиар 2025 оны төсвийн үр ашиггүй зардлыг танах чиглэлд иргэдийн дуу хоолой болж идэвхтэй эсэргүүцсэн нэгэн. Түүний санаачлагын үр дүнд 2025 оны төсөв алдагдалгүй батлагдаад байгаа билээ.
ОНЦЛОХ КОМПАНИ: Голомт банк ХК
Голомт банк ХК нь нийт санал асуулгад оролцогчдоос 32.2%-ийн санал авч "ОНЦЛОХ КОМПАНИ"-иар шалгарав. Тус банкны цэвэр ашиг энэ оны III улирлын байдлаар 2.7 дахин өссөн. Ингэснээр тус банкны цэвэр ашиг сүүлийн 5 жилийн хугацаанд 7 дахин нэмэгдээд байна. Одоогоос 5 жилийн өмнө тус банкны цэвэр ашиг хүүгийн орлогынх нь 11.4%-тай тэнцэж байсан бол одоо 37.3%-тай тэнцэж буй. Энэ нь банкны үйл ажиллагааны үр өгөөж сайжирсныг харуулж байна.
Оны шилдгүүдийг шалгаруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм уншигчдадаа гүн талархал илэрхийлье!
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.