Манай редакцад Монноос ХК (MNS)-ийн жижиг хувьцаа эзэмшигчид болох Г.Алтансүх, С.Мягмарсүрэн, С.Пүрэвжав нар хандсан юм. Тэд Монноос ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид болон хэлцэлтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн шүүхэд хандаад буй ажээ. Тэгэхээр уг үйл явдлын талаар ярилцсанаа хуваалцъя.
Шууд гол яриандаа орцгооё. Та бүхэн яг ямар асуудлаар шүүхэд хандаад байна вэ?
2022 оны 8-р сард бид Хан-Уул дүүргийн шүүхэд Монноос ХК-ийн хөрөнгийн үнэлгээг хийлгэх асуудлаар хандсан. Бидний хувьцааг нь эзэмшиж буй Монноос ХК нь хэр зэрэг үнэлгээтэй ямар хөрөнгөтэй талаарх үнэлгээг гаргуулж санхүүгийн тайланд тусгах тухай шүүхэд нэхэмжлэл гаргаад хэрэг үүсгэсэн. Тэгэхээр юу болсон бэ гэвэл, 2022 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаар Монноос ХК нь эзэмшлийн газрынхаа талыг буюу 2.3 га газар мөн үйлдвэрийн бөгөөд оффисын газрыг ₮35 тэрбумаас доошгүй үнээр зарна гэж компанийн удирдлагууд хэлж байсан юм. Гэтэл энэ жилийн буюу 2023 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаар бүх газар болон үл хөдлөх хөрөнгөө ₮35.2 тэрбумаар зарчихсан гэсэн.
Гол асуудал: Харин шүүхээс нотлох баримтууд гаргуулж авахад ₮48.8 тэрбумаар хэлцэл хийгдсэн баримт гарч ирсэн. Газар болон үл хөдлөх хөрөнгийг Шунхлай Холдинг, Шунхлай, АПУ ХК (APU) гэх 3 компанид зарсан байсан. Монноос ХК нь Улаанбаатар хивс ХК (UBH)-ийн урд талд 4.5 га газар мөн оффис, үйлдвэр болон агуулах бүхий 1979 онд ашиглалтад орсон 44,467 м.кв үл хөдлөх хөрөнгөтэй компани юм. Одоо үед энэ хэмжээний хөрөнгө үүнээс илүү үнэлэгдэх ёстой гэж бид үзэж буй юм.
Хөрөнгийн үнэлгээний хувьд та бүхэн яагаад үүнээс илүү байх ёстой гэж үзэж байна?
Монноос ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох Ариг гал ХК (EER)-ийн удирдлагууд Ариг гал ХК-ийн хажууханд байрлах буюу Оргил шилтгээний урд талын 1.1 га газраа ойролцоогоор ₮15 тэрбумаар зарсан байдаг. Энэ зах зээлийн үнээр харьцуулахад Монноос ХК-ийн 4.5 га газар ₮67.5 тэрбумаар үнэлэгдэх юм. Тийм учраас л бид шүүхэд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр хандаад байна.
Монноос ХК үйл ажиллагаа явуулдаггүй юм байна. Тэгэхээр ямар хүмүүс сүүлийн хэдэн жил компанийг удирдаад байна вэ?
Монноос ХК нь 2002 оноос хойш үндсэн үйл ажиллагаа явуулаагүй. Үндсэн үйл ажиллагаа нь ноос угаах үйлдвэр байсан. Компанийг Ариг гал ХК-ийн ТУЗ-ийн зарим гишүүд мөн тэнд ажилладаг хүмүүс удирддаг.
За тэгэхээр та бүхний хүлээж байснаар Монноос ХК нь хөрөнгөө зараад ₮30-₮40 тэрбум юм уу, ₮50-₮60 тэрбумыг ямартай ч олсон байна. Тэр мөнгө яасан бэ?
2022 оны 11 сарын 1-ний ТУЗ-ийн хурлын тогтоолоор Монноос ХК нь хөрөнгө худалдсаны орлогоос өр төлбөрөө төлөөд үлдэгдлээс ₮20 тэрбумыг Ариг гал ХК-д 6%-ийн хүүтэй зээлдүүлэх сонирхлын зөрчилтэй их хэмжээний хэлцэл хийсэн байсан. Энэхүү шийдвэрийг 2023 оны 5 сарын 19-ний өдөр л МХБ (MSE)-ийн цахим хуудсанд мэдээлж ийм хэлцэл хийсэн тухай бид мэдсэн.
Мөн өр төлбөрийн асуудал үүссэн. Компани МХБ-ийн цахим хуудсанд нийтэлсэн 2013 оны жилийн эцсийн тайланд ₮4.1 тэрбумын өртэй байсан. Гэтэл 2014 оноос хойш өр огцом нэмэгдэж 2020 оны жилийн эцсээр гэхэд ₮16 тэрбумын өртэй болсон байсан.
Энэ өр хаанаас үүссэн юм бол?
За бидний судалснаар 2019 оны 7 сарын 4-ний өдөр Монноос ХК нь Капитрон банкнаас ₮10 тэрбумын зээлийг № 3096-201981 тоот гэрээ хийж авсан. Улмаар Монноос ХК нь тухайн зээлээ Кашмер Холдинг ХХК-д зээл болгож өгсөн байсан. 2022 онд газар болон үл хөдлөхөө зарж олсон орлогоосоо үлдэгдэл ₮5.5 тэрбумын Капитрон банкны зээлээ Монноос ХК өөрөө төлж барагдуулсан байгаа юм. Мөн 2017 онд Чингис Хаан банкнаас газраа барьцаалан зээл авсан. Үйл ажиллагаа явуулдаггүй хэр нь ингээд зээл аваад холбоотой компаниуддаа өгөөд байдаг нь бидний хардлагыг төрүүлж байна. Ер нь бол жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг зөрчиж байна.
Өөр асуудал байгаа юу?
Өөр нэгэн асуудал нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ. Юу түрүүнд, 1997 оны 10 сарын 7-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн № 1528 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас (товчоо) олгосон гэрчилгээнд 44,467 кв.метр талбайтай гэсэн хэдий ч саяны хэлцлийн үеэр дахин хэмжилт хийгээд 26,441 кв.метр гэж бууруулсан байна. Үүн дээр эргэлзэж байгаа.
Мөн газрыг 1м.кв нь ₮140,800-өөр буюу нийслэлийн газрын дуудлага худалдааны доод үнээр газраа тооцож зарсан байгаа юм. Үүнийг тооцоод үзвэл 4.5 га газрыг дангаар нь ердөө ₮6 тэрбум орчмоор зарчихсан гэсэн үг.
Олон асуудал үүссэн байгаа юм байна. Монноос ХК-ийн зүгээс та бүхэнд ямар тайлбар өгсөн бэ?
Монноос ХК-ийн удирдлагууд бидэнд энэхүү өр төлбөрүүд хэрхэн үүссэн, газар зарахтай холбоотой хэлцлүүдийн талаар мэдээллийг огт өгдөггүй. Компани одоо албан ёсны хаяггүй болсон.
Одоо та бүхэн ямар зүйлсийг хүсэж, шаардаж байна вэ?
Бид хэдхэн энгийн зүйл хүсэж байгаа.
Энэ асуудлаар та бүхэн холбогдох ямар байгууллагуудад хандсан бэ?
Бид СЗХ, Монноос ХК болон Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-аас мэдээлэл хүсэхэд бидэнд нэг ч материал өгөөгүй. Татварын ерөнхий газраас Монноос ХК нь хэр хэмжээний татвар төлсөн байна гэх мэдээлэл авах гэсэн боловч нууц гэсэн үндэслэлээр мэдээлэл өгөөгүй.
Мөн СЗХ-ноос тайлбар авахад Монноос ХК-д газар, үл хөдлөх хөрөнгийг худалдах зөвшөөрөл өгөөгүй гэж тухайн үедээ хэлж байсан боловч шүүхэд УБЕГ-аас өгсөн баримтаар зөвшөөрөл өгсөн байсан. Монноос ХК-ийг СЗХ 2023 оны хуваарьт шалгалтад оруулж шалгасан боловч жижиг хувьцаа эзэмшигчдэд шалгалтын тайланг танилцуулалгүй албаны нууц гэсэн хариу өгсөн.
Одоо шүүх дээр ямар шатан дээр явж байна вэ?
Шүүх дээр хэрэг үүссэн байгаа. Шүүх хурал удахгүй хуралдах байх гэж найдаж байгаа.
Бидэнд хандсан та бүхэнд баярлалаа. Бид энэ асуудлаар холбогдох байгууллагуудаас тодруулах болно.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.