Rotaract Mongolia 25 жилийн ойгоороо “APRRC 2025”-г зохион байгуулна

Rotaract Mongolia үүсгэн байгуулагдаад 25 жилийг үджээ. Тэд ойн баяраа тохиолдуулан Монголд анх удаа APRRC 2025-г зохион байгуулж, 400 гаднын зочдыг хүлээн авах гэж байна.

  • 🌏 Тодруулбал, APRRC буюу Ази, Номхон далайн Ротарактын чуулга уулзалт нь тус бүс нутгийн Ротаракт залуусын хамгийн том сүлжээ, манлайллын арга хэмжээ бөгөөд жил тойрон 21 оронд зохион байгуулж, инновацаа хуваалцаж буйгаараа онцлог.

Rotaract Mongolia-н хувьд өдгөө 400 гаруй гишүүдтэй 14 клубтэйгээр “Ногоон өдөр” байгаль орчны төслөөс эхлээд “Эрүүл ирээдүй” эрүүл мэндийн төсөл тэргүүтэй 70 гаруй нийгэмд чиглэсэн төслүүдэд шаардлагатай хөрөнгө босгон хэрэгжүүлж буй.

📍 Хаана: Тэрэлж
📅 Хэзээ: 6 сарын 6-наас 9

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

Ротаракт клубүүд 

Улаанбаатар Ротаракт клуб нь 1999 онд Улаанбаатар Ротари клубийн санаачлагчаар үүсгэн байгуулагдаж, 2000 оны 2 сарын 28-нд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ.  Үүсгэн байгуулагдсанаасаа хойш нийгэмд чиглэсэн олон чиглэлийн төсөл хөтөлбөр санаачилж, тухай төслүүдэд шаардлагатай хөрөнгийг босгон амжилттай хэрэгжүүлсээр 25 жилийг ардаа үдээд байгаа ба 14 Ротаракт клубийг түүчээлэн үлгэр жишээ болсоор ирсэн Монголын ууган Ротаракт клуб юм. Анх клубийн хурал нь англи хэлээр явагддаг байсан ч бусдад туслах үндсэн зорилгод нийцүүлэн олон хүмүүсийг хамруулан идэвхжүүлэхийн тулд төрөлх хэл болох Монгол хэлээр хурлын үйл ажиллагаагаа явуулдаг болсноор өдгөө 170 гаруй албан ёсны гишүүдтэй болсон байна.

Хэрэгжүүлсэн төслийн хувьд 7 үндсэн чиглэлийн хүрээнд тогтмол хэрэгжүүлдэг 70-аад төсөл, тухайлбал “Eye See”, “Lead Me”, “Take action” төслүүд, мөн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хэрэгжүүлдэг “Children's garden”, “Эргэлтээр итгэл” зэрэг төслүүдийг санаачлан хэрэгжүүлж байна.

189 орны 9,000 Ротаракт клубийн 120,000 Ротаракт гишүүд Олон Улсад байдгаас Монгол Улсад 14 Ротаракт клубүүд үүсэн байгуулагдаж сайн дурын үйл ажиллагаа хийж байна. 

Үүнд:

  • Улаанбаатар
  • Найрамдал
  • Хүрээ
  • Залуучуудын Өргөн чөлөө
  • Монгол Улсын Их Сургууль
  • Санхүү Эдийн Засгийн Их Сургууль
  • Туул
  • Цаст
  • Сэлбэ
  • Улаанбаатар Централ
  • Цэцээ Гүн
  • Хобби
  • Өргөө
  • Их Тэнгэр

Эдгээр клубуудын хэрэгжүүлсэн төслүүдээс дурдвал: 

“Ногоон өдөр” төслийн үйл ажиллагаа, 2024-2025 оны хувьд дүүргийн төлөвлөгөөнд "Байгаль орчны хамгаалал"-хэсэг нь төслийн нэг хэсэг байсан. RAC Монгол нь гишүүдийн дунд байгальд ээлтэй дадлыг төлөвшүүлэх, Ротари нийгэмлэгийн хүрээнд байгаль орчны асуудлуудын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор олон төрлийн байгаль орчны үйл ажиллагаа зохион байгуулахаар зорьсон төсөл байв. 

“Mongolian Book Library” 3,000 сурагчдад $32,800 ийн хөрөнгө зарцуулан 10 жилийн сурагчдын таатай сурч боловсрох нөхцлийг сайжруулахаар сургуулийн номын сангийн өрөө тохижуулан номын хандив цуглуулж өгсөн аж.

“Little Heroes” нь Монголын бүх Ротаракт болон Интерактууд хамтран жил бүр хэрэгжүүлдэг хамгийн том хамтарсан төсөл юм. Уг төсөл нь шинэ жил болон баяраар эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдэд урам зориг өгөх, өвлийн өвгөн, цасан охид болж очин бэлэг тараан баяр нэмдэг үйл ажиллагаа бөгөөд Ротарактууд болон Интерактууд маань өөрсдөө эмнэлгээр явж бэлгээ тараадаг нь маш онцлогтой. 2023 онд 347 хүүхдэд ₮33 саяын хандив, 2024 онд 950 хүүхдэд ₮40 саяын хандив босгон жил бүр хүртээмж болон хамрах хүрээг нэмэгдүүлсээр буй.

“Халуун сэтгэл” аян  Өвлийн хүйтэн, зуны халууныг үл ажран ажил үүргээ гүйцэтгэдэг Замын цагдаа, ТҮК-ийн ажилчдадаа талархаж, идэр есийн хүйтэнд бяцхан ч гэсэн сэтгэлийн дэм болгон халуун аарц, чацарганаар дайлдаг. Нийт төслийн хугацаанд 100+ хүнд сэтгэлийн дэм хайрлажээ.

"Lead Me" төсөл ахлах ангийн сурагчдыг амьдралын зөв замд хөтлөх, хүсэл мөрөөдөлд нь гал асаах, танин мэдүүлэх, амьдрал боломжоор дүүрэн гэдгийг ойлгуулахад хувь нэмэр оруулсан. Энэ чиглэл, сэдвүүдээр асрамжийн газар болон хотын алслагдсан дүүргүүдийн ахлах ангийн сурагчдад амжилттай яваа ах, эгч нараар ментор хийлгэж, төлөвшилт, зорилго, хүсэл, мөрөөдөл бий болгох, сургалт орсон байна.

Цэцэрлэгийн төсөл: 2018 онд Цэцэрлэгт явж чадаагүй, гэртээ хүмүүжиж буй хүүхдүүдэд боловсрол олгох зорилгоор СХД-ийн 22-р хорооны орлого багатай гэр бүл, өнчин ба хагас өнчин хүүхэд болон эцэг эх нь хөдөлмөрийн чадвар алдсан гэр бүлүүдээс 18 хүүхдийг сонгон авч “Бэмби” цэцэрлэгт хамруулсан. Уг төслийн $10 мянганын төсвийг Өмнөд Солонгосын Чонжү Ротари клубээс санхүүжүүлжээ.

“Оюунлаг Ирээдүй” номын сангийн төсөл: 2013 оны 11 сарын 25-наас эхлэн одоог хүртэл шат дараалсан хөтөлбөртэйгөөр номын сангуудыг байгуулж эхэлсэн. Анхны номын санг Сонгинохайрхан дүүргийн 31-р хороонд Хүрээ Ротари тусламжтайгаар тохижуулсан аж.

“Нөхөн үржихүйн эрүүл мэнд”-ийн боловсролыг түгээх төсөл: 2017 онд Коулүн Тун Ротари Клубийн ₮2,56 саяын санхүүжилтээр ЕБС-ийн сурагчдыг хүний эрх, нөхөн үржихүйн өртөөчилсөн сургалтыг Гүнж төвтэй 40, 46,105, 113-р сургууль дээр зохион байгуулсан байна.

“Эрүүл Ротаракчууд” цус бэлэглэх аян: Олон нийтэд нэг удаа цусаа өгөх нь 3 хүний амийг аврах боломжтойг сурталчилж, 2015 оны 11 сарын 14-нөөс эхлэн жил бүр Цус Сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран цусаа хандивлах өдрийг зохион байгуулсаар иржээ.

Түүнчлэн цусаа хандивлах аян нь цар хүрээгээ тэлж бусад Ротари, Ротарактын гишүүдийн идэвхтэй оролцдог төсөл болжээ.

"Хүн бүр сурах эрхтэй" төсөл нь 2013 оноос хойш хэрэгжүүлж буй ууган төсөл ба тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнуудыг голч дүн, тусгай хэрэгцээ, нийгмийн байдлаас үл хамааран шалгаруулдаг нь оюутан залууст том боломж олгодог. Тус тэтгэлгийн маань ерөнхий спонсороор "Монгол Улсын Морин Хуурын Чуулга"-ын хамт олон 2016-2018 онд хамтран ажиллаж, 2 өдрийн тоглолтынхоо орлогоор тус жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн үндсэн санхүүжилт бүрдүүлж байсан ба 2019 оноос Менторшип хөтөлбөрөөр төслийн хэлбэрээ баяжуулан нийтдээ 50 оюутанд ₮100 гаруй саяын тэтгэлэг, 80 залуусыг зөвлөн чиглүүлж, боловсролд нь хөрөнгө оруулсан байна.

“LABDOO” төсөл нь боловсролын тэгш бус байдлыг технологийн тусламжтайгаар бууруулах зорилгоор зөөврийн компьютер, таблет болон бусад төхөөрөмжүүдийг хэрэгцээт газар нь хүргэж өгдөг дэлхийн хүмүүнлэгийн сүлжээ юм. Улаанбаатар Ротаракт нь “LABDOO” төслийн Монгол дахь анхны төв буюу “Labdoo Hub Ulaanbaatar”-г 2018 онд албан ёсоор байгуулсан байна. Төслийн хүрээнд хандивласан зөөврийн компьютерыг ариутгаж, форматалж, хүүхдэд зориулсан боловсролын программ хангамж суулгаж компьютерын лабораторигүй эсвэл хүрэлцээ дутмаг алслагдсан сумдын сургуулиудад лаборатори болгон тохижуулж өгдөг аж. Одоогоор Сэлэнгэ, Дархан, Дундговь, Булган зэрэг аймгуудын сумын сургуульд амжилттай хэрэгжиж нийтдээ 80 гаруй компьютер, тоног төхөөрөмж хандивлаад байна.

“Эрүүл ирээдүй” өнгөрсөн онд Эмчийн үзлэг оношилгоонд хангалттай хамрагдаж чадахгүй байгаа зорилтот бүлгийн бага насны хүүхдүүдэд чиглэсэн эмчийн үзлэг, эрүүл мэндийн боловсрол мэдээллээр хангах, дархлаа дэмжих, витаминжуулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар дүү нартаа таниулах зорилготойгоор хэрэгжиж эхэлсэн төсөл юм. Одоогоор “Өнөр бүл” хүүхдийн төвийн 6-12 насны 150 хүүхдийг хамруулж ₮34 саяын эрүүл мэндийн хөрөнгө оруулалт оруулаад буй гэхчлэн гайхалтай төслүүдийг хийдэг байна.

Эх сурвалжRotaract Mongolia

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.