Уншигчид дунд маань болзооны апп ашигладаг хэр их хүмүүс байна? Энэ удаад бид Монгол залуусын хөгжүүлж буй Matter гэх сонирхолтой болзооны апп-ийг танилцуулах гэж байна. Гэснээс тус апп-аар дамжуулан танилцаж хуримаа хийх гэж буй хосууд ч байгаа аж. Баттай мэдээ. 😜
Тостой тогоонд хошуу холбуулагч
Тус стартапыг Лос Анжелест 2020 онд McKinsey, Apple (AAPL) тэргүүтэй дэлхийн топ компаниудад ажиллаж байсан туршлагатай Монгол залуус үүсгэн байгуулжээ. Бусад болзооны апп-аас ялгаатай нь илүү амьд харилцаатай буюу бие биеийнхээ дуу хоолойг сонсож хайсан нэгнээ олоход хиймэл оюун ухаан ашиглан ижил сонирхол, зан чанартай хүмүүсийг холбодгоороо онцлог. Түүнчлэн Audio Speed Dating буюу 3 минутын түргэн болзоо хийх ч боломжтой аж.
Илүү том далай руу
Гол яриандаа ороход тэднийг Швейцарын noii хэмээх компани худалдан аваад буй. Сонирхуулахад, Matter үүсгэн байгуулагдсанаасаа 1 жилийн дараа буюу 2021 онд Швейцарын венчур хөрөнгө оруулагчдаас санхүүжилт авч байжээ.
Буга намнадаг нь манайд булга зүүдэг нь танайд
2 компани нэгдсэний баяраа тэмдэглэн өнгөрсөн 9-р сарын 10-нд Лос Анжелес болон Швейцар дахь хэрэглэгчдэдээ зориулан видео болзооны арга хэмжээ зохион байгуулжээ. Тус арга хэмжээний араас хэр олон хүн Лос Анжелесаас Швейцар руу, Швейцараас Лос Анжелес руу нисэхээр шийдсэн бол? 😎
Юутай ч, Монгол залуусын хөгжүүлж буй технологийн компани цар хүрээгээ тэлэн дэлхийн зах зээлд өрсөлдөж буйг дуулгахад таатай байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.