
Энэ удаагийн Lemon Press ярилцлагын буланд Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Даваажаргалыг урьж, хөрөнгийн зах зээлийн сонин сайхан болон эдийн засгийн инженерчлэлийн тухай ярилцлаа. Тухалж суугаад уншаарай.
Өнгөрсөн он UBX биржийн хувьд сэргэлтийн жил гэж хэлж болохуйц буюу арилжааны дүн нь 8 жилийн нийлбэрээс 13 дахин өсөж ₮335.4 тэрбумд хүрсэн амжилттай жил болж өнгөрсөн. Энэхүү ололт, амжилтаа эргэн дүгнэвэл?
2025 он UBX-ийн хувьд зөвхөн тоон өсөлтийн жил биш, харин зах зээлд итгэл бий болсон жил байлаа. Арилжааны дүн ₮335.4 тэрбумд хүрч, өмнөх 8 жилийн нийлбэрээс 13 дахин өссөн нь бидний хувьд том амжилт байсан. Гэхдээ үүнээс илүү чухал зүйл нь хувийн бирж өрсөлдөөнт орчинд бодитой үнэ цэн бүтээж чаддагийг зах зээл дээр харуулсан явдал гэж харж байна.
Мөн гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, зах зээлийн оролцогчдын идэвхийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын мэдлэгийг дээшлүүлэх сургалт, арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгууллаа.
Хөрөнгийн зах зээлийн өсөлт нь зөвхөн биржийн биш нийт экосистемийн хамтын хөгжил дээр тогтдог.
Эдгээр ажлын үр дүнг үнэлж, өнгөрсөн онд манай бирж Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны "Шилдэг дэд бүтцийн байгууллага"-аар шалгарсан. Энэ бүхнээс харахад өнгөрсөн оны хамгийн том ололт нь дан ганц арилжааны дүн гэхээсээ илүү Монголын хөрөнгийн зах зээлд өрсөлдөөн, инновац, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт бодит үр дүн авчирч чаддагийг харуулсан явдал гэж боддог.
Сүүлийн жилүүдэд компаниудын хөрөнгийн зах дээрх оролцоо буюу хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ), бонд гаргалт нь нэмэгдэж байгаа ч иргэдийн хөрөнгийн зах зээл дэх оролцоо сул хэвээр байгаа. Ер нь энэ орон зайг бодитоор нөхөх боломж байгаа юу?
Өндөр хөгжсөн орнуудыг харахад иргэд өөрт нь ойлгомжтой, өгөөжтэй, амьдралтай нь холбоотой хөрөнгө оруулалтын сонголт их байгаа үед хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцдог. Жишээ нь, крипто хөрөнгө эрчимтэй өсөж байх үеэр дэлхийд төдийгүй манайд ч эргэн тойрон дахь хүмүүсийн ихэнх нь ямар нэг хэмжээгээр оролцож байсныг бид мэднэ.
Өөрөөр бол иргэд хөрөнгө оруулалт хийх сонирхолгүй байгаа бус сонирхол татахуйц бүтээгдэхүүн гарч ирвэл маш хурдан оролцдогийг харуулж буй.
Монгол Улс хөгжиж буй эдийн засаг учраас энэ бол бидний давуу тал. Бидэнд шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх орон зай маш их байна. Бонд, ХБҮЦ, үл хөдлөх хөрөнгөд суурилсан бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтын сан, хувийн тэтгэврийн сан, цаашлаад хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг бодит эдийн засагтай холбоотой бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх боломж бий.
Жишээлбэл, махны биржийг системтэй хөгжүүлж чадвал малчдын асуудлыг тэр чигт нь шийдэж чадахгүй ч малчдын эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх боломжтой. Цаашлаад, зах зээлд үнэ ил тод тогтож, чанарын стандарт сайжирч, экспортын өрсөлдөх чадвар нэмэгдсэнээр иргэд энэ салбарын өсөлтөд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдэнэ.
Өндөр хөгжилтэй орны иргэд үндэсний үйлдвэрлэгчдээ хамтдаа эзэмшиж, тэтгэврийн хуримтлал, хөрөнгө оруулалтын сангаараа эдийн засгийн өсөлтөд оролцдог. Бид ч мөн энэ чиглэлд хөгжиж байгаа бөгөөд илүү сайжруулах бүрэн боломжтой. Үүний тулд бүтээгдэхүүний сонголтоо нэмэгдүүлж, урт хугацааны хөрөнгө оруулалтыг татварын зохицуулалт, бодлогоор дэмжих тогтолцоог үе шаттай бүрдүүлэх нь чухал.
Өнгөрсөн оны байдлаар дотоодын нийт арилжааны 73%-ийг MSE бүрдүүлж, давамгай байр суурьтай байгаа. Хувийн биржийн хувьд зах зээлийн эзлэх хувь хэмжээ цаашид хэр өсөх боломжтой гэж харж байна вэ? Мөн эдийн засагт хэрхэн нөлөөлөх боломжтой вэ?
Энэ удаагийн Засгийн газар бизнесийн эрх чөлөө, шударга өрсөлдөөнийг эдийн засгийн бодлогынхоо чухал зарчим болгоод буй. Миний бодлоор энэ зарчим хөрөнгийн зах зээл дээр ч адилхан хэрэгжих ёстой. Сүүлийн жилүүдэд уул уурхайн биржийн үйл ажиллагаа, ашигт малтмалтай холбоотой зохицуулалт, цаашид яригдаж буй уул уурхайн компаниудын IPO тэргүүтэй асуудлыг 1 биржид төвлөрүүлэх хандлага ажиглагдах болсон. Энэ бол дан ганц бидэнд тулгарч буй асуудал гэхээсээ илүүтэй өрсөлдөөн, инновац, зах зээлийн сонголтыг хязгаарлаж буй хэрэг.
Учир нь хөгжиж буй улсын хувьд бидэнд хамгийн хэрэгтэй зүйл бол өрсөлдөөн. Өрсөлдөөн байж технологи хөгждөг, шинэ бүтээгдэхүүн бий болдог, үйлчилгээ сайжирдаг, хөрөнгө босгох өртөг буурдаг. Эцсийн үр шимийг нь компаниуд, хөрөнгө оруулагчид, улмаар эдийн засаг бүхэлдээ хүртдэг.
Хувийн биржүүдийн давуу тал нь илүү уян хатан, зах зээлийн эрэлт, хэрэгцээнд хурдан хариу үйлдэл үзүүлэх чадвартай байдаг. Өөрөөр бол шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, олон улсын хамтын ажиллагааг богино хугацаанд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх боломжтой гэсэн үг.
Энэ нь төрийн байгууллагыг орлох тухай биш, харин зах зээлийг илүү өрсөлдөөнтэй, илүү үр ашигтай болгох тухай асуудал. Энэ ч утгаараа бид аль нэг биржийн зах зээлийн хувийг нэмэгдүүлэх бус хөрөнгийн зах зээлийг бүхэлд нь томруулж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай экосистемийг бий болгохоор зорьж буй.
Үүний тулд бодлого боловсруулагч, зохицуулагч, зах зээлийн оролцогчийн чиг үүргийг аль болох тодорхой ялгаж, өрсөлдөөнд төвийг сахисан орчин бүрдүүлэх нь чухал.
Энэ нь олон улсын сайн засаглалын нийтлэг зарчим төдийгүй эргээд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, инновацыг татах үндэс болдог. Ихэнх хөгжсөн оронд хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг эдийн засгийн өрсөлдөөнт орчинд, хувийн хэвшлийн оролцоотой хөгжүүлдэг. Монгол ч энэ чиглэлд алхаж чадвал зөвхөн хөрөнгийн зах зээл биш, нийт эдийн засгийн өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын орчинд эерэг өөрчлөлт авчирна.
Биржийн хөгжил болон дэд бүтцийг том зургаар нь харахад, бид ямар түвшинд явж байна? Мөн UBX-н хувьд зах зээлд ямар шинэчлэл, үр дүн гаргахаар зорьж байгаа вэ?
Бид дэд бүтэц гэхээр авто зам, төмөр зам, эрчим хүч, интернэтийг төсөөлдөг. Эдгээргүйгээр эдийн засаг хөгжихгүй гэдгийг бүгд мэднэ. Санхүүгийн дэд бүтэц ч мөн адил. Бирж, клиринг, төлбөр тооцоо, хадгаламж, брокерын систем зэрэг нь хөрөнгө, бизнес, хөрөнгө оруулагчдыг хооронд нь холбодог эдийн засгийн зам юм. Хэрэв авто зам муу бол ачаа удааширч, тээврийн өртөг өснө. Санхүүгийн дэд бүтэц сул байвал хөрөнгө ч мөн адил удаан эргэлдэж, сайн төслүүд санхүүжилтгүй үлдэж, бизнесүүд өндөр өртөгтэй эх үүсвэр ашиглахаас өөр сонголтгүй болдог. Бирж бол энэ замын нэг хэсэг. Харин клиринг уулзварын гэрлэн дохио шиг хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулдаг. Худалдан авагч үнэт цаасаа авч, худалдагч мөнгөө авах итгэлийг клиринг бий болгодог гэсэн үг. Энэ итгэлгүйгээр зах зээл хөгжих боломжгүй.
Монголын хувьд бид санхүүгийн дэд бүтцийн сууриа тавьсан. Харин одоо энэ замаа илүү хурдан, аюулгүй, олон улсын стандарттай болгох дараагийн шатандаа явж байна.
UBX-н хувьд бид өөрсдийгөө зөвхөн бирж ажиллуулдаг байгууллага гэж хардаггүй. Бидний ажлын нэг хэсэг бол Монголын санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэгч компани болох явдал. Үүний хүрээнд арилжаа, клиринг, эрсдэлийн удирдлагын системээ хөгжүүлэхийн зэрэгцээ үүсмэл санхүүгийн хэрэгсэл, бараа, түүхий эдийн зах зээл, дижитал хөрөнгийн дараагийн үеийн дэд бүтцийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа.
Үүнээс гадна бид зөвхөн технологи ашиглах бус, 21-р зуун технологийн эринд түүнийг ойлгож, хөгжүүлж, тасралтгүй сайжруулах чадамжтай санхүүгийн инженерүүдийг Монголдоо бий болгохыг зорьж буй. Учир нь энэ төрлийн нөөц манай улсад маш ховор байдаг. Замыг 1 удаа бариад орхидоггүйтэй адил санхүүгийн дэд бүтэц ч байнгын шинэчлэл, арчилгаа, дараагийн шатны хөгжил шаарддаг.
UBX-н бас нэг онцлог нь энэ бүхнийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, санаачилга, санхүүгийн инженерийн чадавхаар хөгжүүлж байгаа явдал юм. Санхүүгийн дэд бүтцийг зөвхөн төр хөгжүүлэх албагүй. Шударга өрсөлдөөн, тэгш боломж бүрдвэл хувийн хэвшил өөрийн хөрөнгө, технологи, хүний нөөцөөр улсын төсөвт нэмэлт дарамт үүсгэхгүйгээр үндэсний хэмжээний санхүүгийн дэд бүтцийг олон улсад өрсөлдөх чадвартай болгон хөгжүүлэх бүрэн боломжтой. Олон улсдаа ч ийм байдаг.
Сүүлийн үед та эдийн засгийн инженерчлэл, санхүүгийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудлыг ихээхэн ярих болсон. Одоогийн эдийн засаг, улс төрийн бодлогын чиглэлийг ямар түвшин байна гэж харж байгаа вэ? Асуудал болон шийдэл яривал?
Бид хөгжлийн асуудлуудаа ихэвчлэн салангид байдлаар шийдэх хандлагатай байдаг. Жишээлбэл, махны үнийг тогтворжуулах гэхээр малчдыг ярьдаг, ченжийг ярьдаг, нөөцийн мах ярьдаг. Гэтэл асуудлын суурь нь зах зээлийн тогтолцоонд оршдог. Өнөөдөр махны үнэ хэрхэн бүрдэж байгаа нь бүрэн ил тод биш, чанарын стандарт, гарал үүслийн мэдээлэл, санхүүжилт, экспортын тогтолцоо хоорондоо хангалттай уялдаагүй байна. Эдгээрийг тус тусад нь сайжруулах биш, нэг систем болгон холбож байж л бодит өөрчлөлт гарна.
Энэ зарчим зөвхөн хөдөө аж ахуйн салбарт бус, эдийн засгийн бүх салбарт ижил үйлчилдэг. Үйлдвэржилт, экспорт, хөрөнгийн зах зээл, ногоон санхүү, санхүүгийн төв зэрэг нь тус тусдаа хөгжлийн зорилт биш. Харин нэг нь нөгөөгөө бий болгож, дэмжиж, үнэ цэнийг нь өсгөдөг нэг эдийн засгийн тогтолцооны харилцан хамааралтай хэсгүүд юм.
Үйлдвэржилтийг хөгжүүлэхийн тулд урт хугацааны санхүүжилт хэрэгтэй. Тэр санхүүжилтийг бий болгохын тулд хөгжсөн хөрөнгийн зах зээл хэрэгтэй. Экспортыг нэмэгдүүлэхийн тулд логистик, чанарын стандарт, гарал үүслийн мөрдөлт, ил тод үнэ бүрдүүлэх тогтолцоо шаардлагатай. Ногоон эдийн засгийг хөгжүүлэхийн тулд ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтын механизм хэрэгтэй. Харин санхүүгийн төв болохын тулд эдгээрийг нэгтгэн ажиллуулах олон улсын түвшний зах зээлийн дэд бүтэц, технологи, хүний нөөц, үр ашигтай институцийн тогтолцоо бүрдсэн байх хэрэгтэй байна.
Тиймээс хөгжлийн асуудлыг салбар тус бүрээр нь бус, харилцан уялдаатай нэг тогтолцоо гэж харж, эдийн засгийн инженерчлэлд суурилсан, зах зээлийн институтийг цогцоор нь хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэх нь урт хугацааны тогтвортой өсөлтийн үндэс юм.
Товчхондоо Монголд шинэ бодлого дутуу биш. Харин байгаа зөв бодлогууд нь хоорондоо синержи үүсгэн ажилладаг нэг тогтолцоотой болгон холбох нь хамгийн чухал асуудал.
Үүнийг л би эдийн засгийн инженерчлэл гэж ойлгодог. Бидэнд маш олон зөв бодлого байгаа ч хүмүүсийн мэдлэг дутмаг байгаагаас хамааран байхгүй мэт ойлгох нь түгээмэл. Энд дутаж байгаа зүйл нь ердөө л тэднийг холбох инженерчлэл.
ЗГ өнгөрсөн 2 жилд маш олон мега төслийг зэрэг, зэрэг зарлаж, гаднаас ч бай, дотоодоос ч бай асар их хөрөнгө босгох шаардлагатай болсон. Хөрөнгийн зах зээл энд ямар үүрэгтэй оролцох хэрэгтэй вэ?
Бид одоо том, том төсөл хэрэгжүүлэх, ярихаасаа өмнө эдийн засгийнхаа санхүүжилтийн бүтцийг шинэчлэх тухай ярих цаг болсон гэж боддог. Өдгөө томоохон төслүүдийн санхүүжилт ихэвчлэн төсөв, банкны зээл, хөнгөлөлттэй зээл зэрэг цөөн эх үүсвэрт төвлөрч буй. Энэ нь тодорхой хэмжээнд шаардлагатай ч урт хугацаандаа эрсдэлтэй, санхүүжилтийн уян хатан байдлыг хязгаарлах магадлалтай. Ялангуяа олон жил үргэлжлэх мега төслүүдийн хувьд илүү төрөлжсөн санхүүжилтийн бүтэц шаарддаг.
Дэлхийн туршлагыг харахад томоохон төслүүдийг зөвхөн банкны зээлээр санхүүжүүлдэггүй. Харин IPO, төслийн болон дэд бүтцийн бонд, хөрөнгө оруулалтын сан, REIT, SPV зэрэг олон төрлийн санхүүгийн хэрэгслийг ашиглаж, эрсдэлийг олон хөрөнгө оруулагчийн дунд хуваарилдаг.
Ийм тогтолцоо нь зөвхөн хөрөнгө босгохоос гадна төслийн засаглал, мэдээллийн ил тод байдал, хариуцлагыг сайжруулдаг. Мөн төсөвт төвлөрсөн санхүүжилтийн загвараас зах зээлийн зарчимд суурилсан, олон эх үүсвэртэй санхүүжилтийн тогтолцоо руу шилжихэд чухал үүрэгтэй.
Бид ч энэ чиглэлд хөгжих шаардлагатай. Хөрөнгийн зах зээлийн гол үүрэг нь зөвхөн мөнгө босгох биш, харин иргэдийн хуримтлал, тэтгэврийн сан, даатгалын сан, хөрөнгө оруулалтын сан зэрэг урт хугацааны хөрөнгийг үндэсний хөгжлийн төслүүдтэй холбож, эдийн засгийн өсөлтийг илүү тогтвортой санхүүжүүлэхэд оршдог.
Өөр нэгэн чухал асуудал бол ТӨХК-иудын хувьчлал. Аль бирж дээр гарах гэхээсээ илүү дийлэнх нь алдагдалтай ажиллаж байгаа ТӨХК-иудын хувьчлалыг хэрхэн үр дүнтэй хийх боломжтой гэж харж байна?
Би энэ асуудлыг хувьчлал гэхээсээ илүү зах зээлжүүлэлт гэж хардаг. Төрийн өмчит компани ил тод болох, зах зээлээр үнэлэгдэх, сайн засаглалтай болох, олон нийтийн хяналтад орох үйл явц юм. Хамгийн чухал нь тухайн компани хөрөнгийн зах зээлд гарахад бэлэн үү гэдэг байгаа. Санхүүгийн тайлан нь ил тод уу, компанийн засаглал нь сайжирсан уу, үр ашигтай ажиллаж чадаж байна уу гэдэг нь хамгийн эхэнд тавигдах ёстой.
Алдагдалтай, бүтцийн асуудалтай компаниудыг IPO хийлгээд л асуудлыг нь шийднэ гэвэл тэрэн шиг үлгэр байхгүй. Эхлээд засаглал, бүтээмж, хариуцлагыг нь сайжруулж, дараа нь зах зээлийн зарчмаар үнэлэх нь урт хугацаандаа илүү үр дүнтэй.
Нөгөө талаас төрийн өмчит компаниудыг хөрөнгийн зах зээлд гаргахдаа аль болох өрсөлдөөнтэй орчин бүрдүүлэх нь чухал. Илүү олон бирж, илүү олон андеррайтер, илүү олон хөрөнгө оруулагч оролцох тусам үнэлгээ нь зах зээлийн зарчмаар тогтож, хөрөнгө татах үйл явц илүү үр ашигтай болно.
Эцэст нь, уншигчдад хүргэх таны хамгийн чухал мессеж юу вэ?
Монгол Улс байгалийн баялагтай, залуу хүн амтай, хөгжих асар их боломжтой улс. Гэхдээ дараагийн 10 жилийн өрсөлдөөн зөвхөн хэн илүү их баялаг олборлох вэ гэдэг дээр биш, тэр баялгаа хэрхэн илүү өндөр үнэ цэнтэй эдийн засаг болгон хувиргах вэ гэдэг дээр өрнөнө.
Үүний тулд бидэнд зөвхөн шинэ төсөл, шинэ хууль хангалтгүй. Харин шударга өрсөлдөөн, хүчтэй институт, үр ашигтай тогтолцоо, орчин үеийн санхүүгийн дэд бүтэц хэрэгтэй. Хөрөнгийн зах зээл бол зөвхөн үнэт цаас арилжаалдаг газар биш. Энэ бол иргэдийн хуримтлалыг үндэсний үйлдвэрлэл, инновац, экспорт, бүтээн байгуулалттай холбож, хөрөнгийг хамгийн үр ашигтай хуваарилдаг тогтолцоо юм.
Хэрэв бид хөрөнгө зөв газартаа, хамгийн хурдан, хамгийн ил тод очдог тогтолцоог илүү сайн хөгжүүлж чадвал зөвхөн хөрөнгийн зах зээлээр зогсохгүй Монгол Улсын эдийн засгийн бүтээмж, өрсөлдөх чадварын дараагийн шат эхэлнэ.
Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Баярлалаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.