Төгрөгийн ханш ч баларч байна даа. Сулраад бүр сэхээнд орлоо гэж.
📿 Ванга зөгнөл
Одоогоос яг 2 жилийн өмнө эдийн засагчид болон шинжээчид төгрөгийн ханш үргэлжлэн суларч 2023 оны эцэст $1=₮3,744-т хүрнэ гэж таамаглаж байв. Гэсэн ч геополитикийн нөхцөл байдлаас хамаарч 2023 онд нийт 22 валютын ханш төгрөгийн эсрэг суларсан билээ. Харин одоо Монголбанкны ханшаар $1=₮3,569 болж төгрөгийн ханш $-ын эсрэг он гарснаас хойш 4.2% буюу ₮149-өөр сулраад байна. Эмзэглэмээр нь төгрөгийн ханш 3 сарын 11-нээс хойш эрчимтэй суларч байна даа.
😑 Бүхний өмнө хүчин мөхөстөв
Ганц $ ч гэлтгүй €1=₮4103.15 болсноор ₮-ийн сулрал түүх эвдээд байна. Угаас сүүлийн 10 жилд доллар, евро, иен, юань, вон гэсэн 5 валютын ханш ₮-ийн эсрэг дунджаар 64.9% чангарчээ. Энэ дундаа $-ын ханш 81.7% хүчирхэгжив.
📉 Тааруухан, зүдрүүхэн
Гадаад валют хангалттай их, экспорт их, импорт бага, гадаадаас хөрөнгө оруулалт татаастай, инфляц нь хазаартай байж гэмээн төгрөгийн ханш чанга чамбай, хүчтэй байх билээ. Гэтэл одоо ГВУН нь оны эхнээс 9.3% унаад $5 тэрбум ч хүрэхгүй, экспортын орлого нь буурч, импортын үнэ нэмэгдээд байгаа болохоор ₮ сульдаад, унаад байгаа хэрэг.
Эцэст нь… Уг нь нүүрсний үнээ шал арчуулчихгүй гэж индексжүүлсэн үнээр арилжаад, ГВУН-өө нэмэгдүүлчих гээд уул уурхайн хэдэн компанид үүрэг өгөөд байгаа харагдах юм. Үр дүн гарахгүй л байна даа. Ядахад улс төр, мега төсөл нь ихдээд, төсөв нь данхайгаад инфляцыг өдөөгөөд л. Нөөц багасаад ханш сулраад ирэхээр IShowSpeed-д хэдийг өгч явуулсан бол гэж хүртэл хардах юм даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.