Финтек болон банк санхүүгийн салбарын дэлхийн хамгийн нэр хүндтэй, нөлөө бүхий арга хэмжээнүүдийн нэг болох “Money 20/20 Asia” олон улсын форум энэ сарын 22-24-нд Тайландын Бангкокт зохион байгуулагдах гэж байна.
Тус форумаар жил бүр 3,000 гаруй оролцогч, 300 гаруй илтгэгчид, тэр дундаа дэлхийн шилдэг бизнес эрхлэгчид, салбарын нэр хүндтэй экспертүүд, манлайлагчид нэг дор цугларч салбарын чиг хандлагыг тодорхойлох, ирээдүйд чухал үр дүнг авчрах олон асуудлуудыг хэлэлцдэгээрээ онцлог юм.
Энэ жилийн “Money 20/20 Asia”-д дэлхийн финтекийн салбарын нэр хүндтэй удирдагчид болох Reebok-н хамтран үүсгэн байгуулагч Жо Фостер, Airwallex-н хамтран үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Люси Лю, KakaoBank-н үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Даниэл Юн нар оролцож, санхүүгийн хүртээмж, дижитал шилжилт, инновацын чиг хандлагуудын талаар чухал илтгэлүүдийг тавих хөтөлбөртэй байна.
Монгол Улсаас энэхүү нэр хүндтэй форумд анх удаа ЛэндМН ББСБ ХК (LEND) албан ёсоор оролцож буй. ЛэндМН-ийн Дэд захирал Д.Баасандорж энэхүү арга хэмжээнд "Жижиг, дунд бизнесийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал зээлээр дэмжих нь" сэдвээр илтгэл тавьж, олон улсын экспертүүдтэй хэлэлцүүлэг өрнүүлэх нь. Тэрээр Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг сайжруулж, тэдний үйл ажиллагааг дэмжихэд AI болон дижитал технологийг хэрхэн үр дүнтэй ашиглаж буй ЛэндМН-ийн туршлага, ололт амжилтыг дэлхий нийтэд сурталчлан таниулж, хуваалцах юм.
ЛэндМН нь санхүүгийн хүртээмжийг тэлэх эрхэм зорилгынхоо хүрээнд уламжлалт санхүүгийн асуудлуудыг технологийн дэвшил, тэр дундаа AI ашиглан шийдэж, санхүүгийн үйлчилгээг илүү нээлттэй, ухаалаг, хялбар болгохыг зорин ажиллаж буй.
“Money 20/20 Asia” форумд Монголын финтек инновацыг танилцуулж буй энэхүү оролцоо нь улс орны нэр хүндийг өсгөх, санхүүгийн салбарын хөгжлийг түргэтгэх, мөн олон нийтийн дунд энэ сэдвээр яриа хэлэлцүүлгийг өрнүүлэх чухал алхам болох биз ээ.
Эх сурвалж: ЛэндМН ББСБ ХК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.