Үл хөдлөх хөрөнгийн салбараас хэрхэн мөнгө олох вэ?
Өнгөрсөн оны эцэст шинэ орон сууцны дундаж үнэ жилийн өмнөхөөсөө 15.2% нэмэгдэж ₮4 саяд хүрсэн. Тэгэхээр 2022 онд 40 мкв байр худалдаж аваад 2023 онд зарсан бол ₮21.2 саяын ашиг хийх байв. Өөр яаж ҮХХ-ийн салбараас орлого олж болох вэ?
- Судалгаа: Инвескор Проперти ХХК-ийн жил тутам эрхлэн гаргадаг “Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тайлан”-гийн 2023-2024 оны шинэ дугаар гарчээ. Тус тайланд барилга, ҮХХ-ийн салбарын 2023 оны нэгдсэн үзүүлэлт, ирэх жилүүдийн төсөөллийг тусгасан байна.
Түрээс VS Худалдах
2022 онд шинэ орон сууц худалдаж аваад 2023 онд зарсан бол 15.2% ашиг олох байж гэсэн дээ. Үүнээс Улаанбаатарын инфляцыг хасаж тооцвол бодитоор 6.6% ашиг олох байжээ. Үүнээс гадна тус хугацаанд тухайн орон сууцаа түрээслүүлж байсан бол нэмээд 8%-10% түрээсийн өгөөж олох байв. Түүнчлэн,
- 10.8%-ийн өгөөж: Бодит түрээсийн үнийг орон сууцны худалдах үнэтэй харьцуулбал жилийн түрээсийн нийт өгөөж 10.8% байгаа юм. Энэ нь өнөөгийн байдлаарх зах зээлд нийлүүлэгдэж буй хаус болон оффисын түрээсийн өгөөжөөс өндөр дүн аж.
Өөр ямар боломж байна?
Цаашилбал, 2023 онд шинээр олгосон барилга угсралтын тусгай зөвшөөрлийн тоо сүүлийн 5 жилд байгаагүй өндөрт хүрсэн. Энэ ч утгаараа барилгын салбарын үйлдвэрлэл ₮2.1 их наядад хүрч жилийн өмнөхөөсөө 17.1% өсжээ. Тус салбар ийм хэмжээний үйлдвэрлэл явуулахын тулд янз бүрийн хэлбэрээр санхүүжилт босгож буй. Үүний нэг нь биржийн бус зах зээл (ББЗЗ)-д өрийн хэрэгсэл гаргах явдал.
- Тодруулбал: Өнгөрсөн онд ББЗЗ-д барилгын салбарын 11 компанийн 11 өрийн хэрэгслийн нийт 25 транч арилжаалагдсан аж. Улмаар тэд нийт ₮52.7 тэрбумыг татан төвлөрүүлсэн байна. Эдгээр өрийн хэрэгслийн жилийн дундаж купон хүү 19.02% байж. Тэгэхээр ББЗЗ-ийн арилжаанд оролцох замаар ҮХХ-ийн салбараас өгөөж хүртэж болох нь.
Цаашид
Барилгын төсөл хөгжүүлэгчдийн төсөөллөөр дараагийн 5 жилд зах зээлд хамгийн өндөр өсөлт үзүүлэх барилгын сектор нь хаус. Тэгэхээр нэгийг бодууштай. Сонирхуулахад, 2023 оны байдлаар нийт 7,000 айлын хаусны төсөл хэрэгжиж буй. Үүний талбайн дундаж үнэ ₮4.7 сая бөгөөд тэдгээрийн бодит түрээсийн нийт өгөөж 7.7% байжээ.
Эцэст нь… Инвескор Проперти ХХК-ийн гаргасан тайлангаас онцлоход иймэрхүү байлаа. Мөн ипотекийн зээлээр аль зэрэглэлийн, хэр хэмжээтэй орон сууцыг худалдаж авах боломжтой, урьдчилгаа 30%-ийг цуглуулахад хэр их хугацаа шаардагдах зэрэг сонирхолтой тооцооллууд ч байна. Дэлгэрэнгүй уншихыг хүсвэл ЭНД дараарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.