
Apple (AAPL) Америкийн Виржиниа мужид иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэхээ Apple Wallet-д дижитал хэлбэрээр хадгалах функц нэвтрүүллээ. Улмаар тус муж уг функц нэвтэрсэн Америкийн 18 дахь муж болоод буй.
👛 Apple Wallet-д хадгалж болох зүйлс
Сонирхолтой нь $AAPL анх 2012 онд Apple Wallet-г Passbook нэртэйгээр iOS6 үйлдлийн системдээ нэвтрүүлж байв. Тухайн үед төлбөрт тооцооны функцгүй буюу онгоцны тасалбар, кино тасалбар, лоялти карт, купон хадгалах энгийн апп байжээ. Улмаар 2 жилийн дараа ApplePay хэрэглээнд нэвтэрснээр, 2015 оноос одоогийн бидний мэдэх Apple Wallet үндсэн өнгө төрхөө олсон түүхтэй.
Товчхондоо $AAPL-н алсын хараа иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, мөнгө, карт гэхчлэн бүрэн утгаар нь биет түрийвчийг орлох апп болгохоор зорьж ирсэн. Энэ зорилгоо ч амжилттай биелүүлж байгаа. Гол сорилт нь зарим мужид Apple Wallet дээрх иргэний болон жолооны үнэмлэхийг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй буюу зайлшгүй биет үнэмлэхүүдээ авч явахыг шаардсаар байгаа.
⏰ Тун удахгүй
Apple ирэх 9 сарын 9-нд iPhone 18 гар утсаа танилцуулахаар болсон. Энэ удаагийн Apple-н арга хэмжээ тус компанийн шинэхэн удирдлага Жон Тернусын анхны арга хэмжээ болж буй. Гэвч ч энэ удаагийн арга хэмжээгээр шинэ гар утаснаас илүүтэй AI-г бүрэн нэвтрүүлсэн iOS27 үйлдлийн системийн шинэчлэлүүд нэлээдгүй хүлээлт үүсгэж байгаа билээ.
Эцэст нь… Одоогоор Apple Wallet-г Америкт л утгаар нь ашиглах боломжтой байгаа. Бидний хувьд E-Mongolia хэрэглээнд нэвтэрснээр анх удаа иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх гэхчлэн зайлшгүй биедээ авч явах баримт бичгүүдийг дижиталжуулж, утсан дээрээ хадгалах болсон. Юутай ч ирээдүйд Apple Wallet дээр хадгалах боломжтой бүхий л баримт бичиг, тоглолтын тасалбар гэхчлэн биет түрүүвчээс ч давсан хэрэглээтэй болох төлөвтэй.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.