Одоо Америк компаниудад хөрөнгө оруулах цаг мөн үү? Аль улсын хөрөнгийн зах зээлийг хамгийн царайлаг гэж харж байна?
🪙🏴☠️ Эрдэнэсийн эрэлд
Он гарснаас хойш буюу Доналд Трампыг Ерөнхийлөгч болсноос хойш хөрөнгө оруулагчид Америк компаниудын хувьцааг сагснаасаа гарган хаях болов. Улмаар он гарснаас хойш Nasdaq (^IXIC) 7.9%, S&P500 (^GSPC) 3.7%, Nikkei (^N225) 5.7% унаж байхад нөгөө талд Hang Seng (^HSI) 17.7%, EURO STOXX 50 (^STOXX50E) 11.4% тус тус өссөн байна.
🫧 Шалтгаан №1: Өндөр үнэлгээ, хөөсрөл
Гол нь энэ сарын эхээр Nasdaq-н цар тахлаас хойших анхны хар өдөр тохиож “Гайхамшигт 7”-гийн зах зээлийн үнэлгээнээс нийлбэр дүнгээр $750 тэрбум арчигдсан. Өдгөө тус 7 титанаас ганц Meta (META) л дөнгөн данган ногоон үзүүлэлттэй яваа. Үүнд Трампын тарифын бодлогоос гадна Nvidia (NVDA), Apple (AAPL) шиг луугарууд ахиад 10х, 20х өсөх эсэх нь тодорхойгүй байгаа нь ч нөлөөлж байна.
😶🌫️ Шалтгаан №2: Тухгүй улс төр
Цаашлаад, Трампын тариф худалдаанаас гадна гадаад харилцаанд нь нөхөж барамгүй хохирол учруулах вий гэдэг. Түүний тарифын бодлого буруудвал Америкийн эдийн засагт 4 жилийн уртдаа $1.4 их наяд түүнээс хойш хэр их хохирол авчрахыг таах аргагүй. Өмнөх худалдааны дайнаас Хятадын чип үйлдвэрлэл улам хүчирхэг болсон шиг үйл явдал Европын автомашин үйлдвэрлэлд тохиох вий.
Эцэст нь… Улс төртэй холбоотойгоор Америкийн хөрөнгийн зах зээлд богино хугацааны цохилтууд үргэлжлэх нь тодорхой. Гэхдээ аливааг сууриар нь харж дүгнэдэг фундаменталистуудын хувьд энэ нь тийм ч том асуудал биш гэнэ шүү. Олон жилийн дунджаар хөрөнгийн зах зээлийг улс төртэй холиогүй хөрөнгө оруулагчдын өгөөж бусдаасаа хамаагүй өндөр байдгийг санахад илүүдэхгүй биз ээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.