
Монголд байгаа 100% цахилгаан автомашин (EV)-ыг 8 компани албан ёсоор борлуулж байна. Тэдний вэбсайт дахь мэдээллээр нийт 10 брэндийн 25 загварыг санал болгож байгаа аж. Монголын EV зах зээлд өнөөдөр ямар дүр төрх бүрэлдэж байгааг тоймлон хүргэе.
🇨🇳🇩🇪 Брэндээрээ Хятад, загвараараа Герман
Одоо зах зээл дээр байгаа 10 брэндийн 7 нь Хятадынх боловч загварын сонголтоор Герман брэндүүд түүчээлжээ. BMW, Mercedes-Benz 2 л гэхэд нийт 25 загварын 10-ыг нь бүрдүүлж байгаа юм. Ганц брэндээр хамгийн олон EV загвартай нь BMW бөгөөд iX1-ээс эхлээд i7 хүртэл нийт 7 загварыг зах зээлд санал болгож буй.
🥊 BYD-н 2 нийлүүлэгч
Одоогоор дэлхийн EV зах зээлийн манлайлагч BYD брэнд Монголд 2 албан ёсны дистрибьютертэй байна. МСМ Групп Han EV болон Tang EV загварыг борлуулдаг бол Сайн Моторс Atto 3 загварыг зардаг. Ингэснээр нэг брэнд дотроо болон дилерүүдийн дунд эрүүл өрсөлдөөн үүсээд байна.
🍻 Олон төрлийн EV
EMC, Оч Моторс, Сайн Моторсын шоурүүмд цэвэр EV-н хажууд EREV болон PHEV загварууд илүү олон. Цэнэглэгчийн дэд бүтэц хомс, өвөл нь хатуу манай орны нөхцөлд борлуулагчид 2 эх үүсвэртэй автомашиныг нийлүүлж байгаа нь энэ.
Эцэст нь... Монголын EV зах зээлийн премиум сегментийг Герман, массын сегментийг Хятадын брэндүүд эзэлж, саарал импортоос албан ёсны шоурүүм рүү шилжилт эхэлжээ. Дараагийн өрсөлдөөн үнэ болон цэнэглэх дэд бүтэц дээр өрнөх төлөвтэй байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.