Хуучирсан мэдээ/ 2 сарын 6, 2024

Америк болон Монгол сансрын уудамд хамтран ажиллана

ЦХХХЯ болон технологийн салбарын төлөөллүүд 1 сарын 25-наас 2 сарын 1-нд Америкт айлчилсан билээ. Айлчлал Америк болон Монголын харилцааг сансар, цахим эдийн засаг, хиймэл оюун ухааны чиглэлд төрөлжүүлэх гэсэн үндсэн 3 чиглэлд өрнөсөн юм. За тэгвэл сансрын салбараас эхлээд тоймлоод явах уу даа. 

To the infinity and beyond 🚀 

Санаж байгаа бол өнгөрсөн 8-р сард Ерөнхий сайд Америктай сансар судлалын чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хүсэлтээ илэрхийлж байв. Тус айлчлалын үргэлжлэл болгож саяхан ЦХХХЯ болон технологийн салбарынхны хийсэн айлчлалаар Монгол болон NASA хамтын ажиллагаагаа бодит болгон сансрын их өгөгдөл буюу Big Data ашиглалтыг нэмэгдүүлэх, чадавхжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэн зохион байгуулахаар болов. 

  • Ингэснээр өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын мэдээг уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэхэд ашиглах боломж бүрдэж буй.
  • Түүнчлэн Ангараг гаргийн судалгаанд Монголын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийг оролцуулах талаар ч хэлэлцсэн юм. 

Гэснээс Монголыг Artemis Accords олон улсын хамтын ажиллагааны механизмд нэгдэх асуудлыг ч нэхэн ярилцсан сурагтай. Artemis Accords-д хамгийн сүүлд Бельги нэгдэж одоогоор 34 улс элссэн байгаа бөгөөд хүн төрөлхтний сансрын уудмыг судлах томоохон сүлжээ юм. 

SpaceX, Starlink болон Монгол хамтран ажиллана

Айлчлалаас гарсан өөр нэгэн чихэнд чимэгтэй мэдээ бол 2 сарын 26-нд Испанийн Барселона хотод Starlink Монголд нэвтэрч байгааг зарлах талаар байлаа. Яагаад хаа байсан Испанид вэ, гээд гайхаж байвал,

  • MWC: 20 хоногийн дараа дэлхийн харилцаа холбооны томчууд цуглах салбарын хамгийн том эвэнт Mobile World Congress болно. Арга хэмжээний үеэр Starlink Монголд нэвтэрч байгааг зарлахын сацуу Монголоос анх удаа MWC-д бүүт гарган оролцох юм байна. 1 сумаар 2 байтугай туулай буудах боломж байгаа биз. 

Түүнчлэн Монгол, Францын Thales Alenia болон SpaceX хамтран 2027 онд үндэсний хиймэл дагуулыг хөөргөх гурвалсан хамтын ажиллагааны бэлтгэл ажлыг эхлүүлэхээр болжээ. Яана гэсэн үг билээ? 

  • Товчоор бол: Монголын хиймэл дагуулыг Францын Thales Alenia бүтээж, түүнийг нь SpaceX сансрын уудам руу тээвэрлэх юм. Ингэснээр Монголын анхны хиймэл дагуул болох Мазаалай задгай сансарт хөөрснөөс 8 жилийн дараа 2 дахь хиймэл дагуулаа хөөргөх нь дээ.
  • Сансрын шинэ эрин: ONDO Space ХХК энэ онд 3 хиймэл дагуул хөөргөж, ирэх 5 жилд 176 нано хиймэл дагуулыг нам орбитод байрлуулах томоохон амбицтай ажиллаж байгаа. Тэдний гол зорилго бол орон зай, газарзүйн байршлаас үл хамааран мэдээлэл дамжуулах технологийг бүтээх, нэвтрүүлэхэд чиглэж буй. Монгол шиг өргөн уудам газар нутагтай улсад бол томоохон боломж доо. 

За сансрын уудмын аяллыг энд хүргээд дуусгая. Удахгүй кибер аюулгүй байдлын чиглэлээр ирэх жилүүдэд юу хийх, хамтын ажиллагааны ямар боломжууд байгаа талаар тоймлох болно. Ойрхон байдаг юм шүү. 🔥 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.