Сүүлийн 2 жилд 10 компани IPO хийснээс 7-гийнх нь үнэ гарсан үнээсээ доош ороод байна. Үүний шалтгаан нь юу вэ? Lemon Press Opinions-н энэ удаагийн дугаарт Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал М.Даваажаргалын тус асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна. Тухлан сууж уншина уу!
1. Яг Монголд тохирсон хөрөнгийн зах зээлийн цогц бодлого хэрэгтэй
Улс орнуудад 90-ээд оноос эхлэн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх цогц арга хэмжээ авч байсан сонирхолтой жишээнүүд байдаг. Өмнөд Солонгосын хувьд ашигт ажиллагаатай сайтай, томоохон компаниудыг нээлттэй болгож, тэдгээрт оногдох татварын хэмжээг бууруулан, үнэт цаасыг бага үнэлгээтэй санал болгож, ногдол ашгийн татвараас чөлөөлж, банкны хүүгээс багагүй дүнтэй ногдол ашиг хуваарилах үүрэг өгч байсан.
Хөрөнгийн зах зээлийн бодлогыг тодорхойлж буй Дэд бүтцийн байгууллагуудын хувьд төрийн өмчөөс хараат бус, мэргэжлийн удирдлагатай байснаар уялдаа холбоо, уян хатан байдал, хурдыг нэмэгдүүлж, зах зээлийг үр ашигтай ажиллуулахад чухал нөлөөтэй учраас эхний ээлжинд дэд бүтцийн байгууллагууд хувьд шилжих шаардлагатай.
Тэгэхээр Монголд IPO хийсэн компаниасаа бүх хариуцлагаа нэхэж эхлэх биш бодлого, зохицуулалт, дэд бүтцийн байгууллагууд мэргэжлийн оролцогчдоос эхлээд үндэсний үйлдвэрлэгчид IPO хийсэн, хийх гэж байгаа компаниудаа дэмжсэн дээрээсээ чиглэсэн цогц бодлогоор дэмжсэн тогтолцоо хэрэгтэй байгаа юм.
Өөрөөр бол "ЗГ бодлого, Сангийн яам, СЗХ, Дэд бүтцийн байгууллагын зохицуулалт, систем, хяналт - Андерайтерууд - IPO хийсэн компаниуд - Хөрөнгө оруулагчид"; "Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлээд өг, баялгийн тэгш хуваарилалтыг бий болгоод өг ЗГ нь та бүхнийг дэмжье” гэсэн цогц бодлого хэрэгтэй байна.
2. Өсөлтийн боломж өндөр, стратегийн ач холбогдолтой, экспорт хийх боломжтой компаниудын IPO хийх шалгуурыг багасгаж, дэмжих
Томоохон компаниуд бүгдээрээ IPO хийвэл сайн ч заавал том, олон жил үйл ажиллагаа явуулсан компаниуд л IPO хийж болдог гэдэг ойлголтоос салах хэрэгтэй. Олон нийтэд танигдаагүй хэр нь өсөлтийн боломж өндөртэй компаниудад боломж олгодог жишгийг Монголд нэвтрүүлэх нь дотоодын компаниудын өсөлт, хөгжлийг дэмжсэн бодлого болж чадна. Нөгөө талаасаа жижиг компаниуд өсөлтийн хурдаараа том компаниудаас илүү байж, илүү өгөөжийг хөрөнгө оруулагчдад бий болгох боломжтой, эрсдэл мэдээж байна.
3. Хөрөнгийн биржүүд болон андеррейтерууд бүхий л үе шатанд үйлчилгээгээ сайжруулах хэрэгтэй
Сүүлийн 30 гаруй жилийн турш зөвхөн банкны зээлээр эргэлтийн бус хөрөнгүүдээ санхүүжүүлж болно гэсэн ойлголтоор хөгжиж ирсэн манай орны ихэнх ААН-үүдийн хувьд хөрөнгийн зах зээлд хөл тавиад шууд олон улсын стандартыг дагаж, мөрдөж эхлэх нь амаргүй бөгөөд тэдгээр шаардлагуудыг дагаж мөрдөх ажлуудыг хийх хүний нөөц ч ховор байдаг. Энэ тохиолдолд биржүүд болон бусад IPO хийхэд оролцсон талуудаас ямар мэдээлэл дээр тулгуурлаж хөрөнгө оруулагчид шийдвэр гаргадаг, ямар мэдээллийг давтамжтай хүргэх тал дээр зөвлөгөө чиглэл тогтмол өгч, хамтарч ажиллах шаардлагатай байна.
Биржүүдийн хувьд санхүү болон хуулийн нийцүүлэгчтэй ажиллахыг шаардахаас гадна market maker-тэй байхыг шаардах хэрэгтэй (арилжааны идэвх болон мэдээллийн ил тод байдалтай холбоотой тусдаа цогц ойлголтууд явна). Тогтмол яригддаг ил тод байдал, арилжааны олон хувилбар хөрвөх чадварыг нэмэгдүүлэх ёстой газруудын нэг бол яах аргагүй хөрөнгийн бирж бөгөөд нэгэнт IPO хийсэн компаниуддаа олон улсын нээлттэй компаниудын жишиг, хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгч, өөрсдийн дүрэм журмаараа зохицуулж, чиглүүлэгч нь байх хэрэгтэй. Андеррайтеруудын хувьд мэргэжлийн ёс зүй өндөртэй байж, IPO дараа ч хамтарч ажилладаг байх нь чухал.
4. IPO хийсэн компаниудын хариуцлагатай байдал
IPO-н дараагийн үйл ажиллагаануудад анхаарч хичээж ажиллах, ашгаа дээд хэмжээндээ байлгаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг алдалгүй шударга, ил тод байж, ногдол ашгаа хуваарилдаг байхад анхаарах, хувьцааны 20%-с доошгүй хувийг олон нийтэд санал болгох. Ихэнх компаниуд маань 5%-10% санал болгож байгаа нь хангалтгүй бөгөөд хэт төвлөрөл үүсгэж, жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашигт нөлөөлж байна.
5. Мөн чанарт бус хэлбэр төдийгөөр компанийн засаглалыг дагаж мөрдөх нь учир дутагдалтай
Засаглалын мөн чанараа гүйцэт ойлголгүйгээр цаасан дээр хэрэгжүүлж, цаасан дээр үнэлэх нь хангалтгүй юм. Сайн засаглал гэдэг нь энгийнээр үр ашигтай харилцаа, шийдвэр гаргалт, дотоод хяналт, эрсдэлийн удирдлага, мэдээллийн ил тод байдал зэргийг хэрэгжүүлж оролцогч бүх талуудад харилцан ашигтай байх явдал. Тиймээс цаасан дээр засаглал 70%+ гэж үнэлэх нь бодит үр ашигтай байдалтай хэр зөрж байгааг шууд дүгнэх боломжгүй.
6. Хөрөнгө оруулагчдын үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих хандлага, итгэл
Мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагчид хэрэгтэй мөн тусдаа том сэдэв болж орж ирнэ. Жижиг хөрөнгө оруулагчдын хувьд шууд 1 жилийн дотор ханшийн зөрүүнээс ашиг олно гэхээс илүүтэйгээр тухайн компанийн өсөлттэй хамт байж өгөөж, хүртэнэ гэсэн сэтгэл зүйтэй байвал одоогийн үндэсний үйлдвэрлэлүүдийг дэмжиж буй хэлбэр болох бөгөөд Монголын компаниудын хувьд энэ төрлийн хөрөнгө оруулалт түлхүү хэрэгтэй байгаа. Мэдээж маржин, шорт селл зэргийг хийгээд мөнгөний эргэлт хурдан, арилжааны давтамж олон байвал сайхан л даа.
Аль аль талдаа л хичээх хэрэгтэй байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.