"Дэлхийн мөнгөний 7 хоног 2024" аяны нээлтийн үйл ажиллагааг 3 сарын 20-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод амжилттай зохион байгууллаа.
Олон Улсын Эдийн Засгийн Хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээ (OECD/INFE)-ээс жил бүр зохион байгуулдаг тус аян нь хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролыг дээшлүүлж, түүний ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой.
Аяны үйл ажиллагаа нь “Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя” уриа үгтэй ба мөнгөө зохистой удирдаж, тулгарч болзошгүй санхүүгийн эрсдэлээс сэргийлж, санхүүгийн луйвар, залилах гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэхэд төвлөрч байна. 2013 онд Монгол уг нөлөөллийн арга хэмжээнд нэгдсэн.
Энэ жилийн хувьд Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Нэгдсэн үндэстний байгууллагын хүүхдийн сан, Хадгаламжийн даатгалын корпорац, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв НӨҮГ, Аймаг, дүүргийн Насан туршийн суралцахуйн төв, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, арилжааны банкнууд, Транс капитал ББСБ, Мoney Market Fund, Lemon Press, Ashid asset management, Цэцээ Гүн ротаракт клуб, Banks.mn зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлнэ.
Уг үйл ажиллагаа өнөөдрөөс эхлэн 4 сарын 10-ны өдрийг дуустал орон даяар хэрэгжиж, холбогдох байгууллагууд сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.