Мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэгч Lemon Press Opinions-н энэ удаагийн дугаараар Ц.Эрхэмбаярын топ компанийн хэт төвлөрөл ба орлогын тэгш байдлын талаарх нийтлэлийг хүргэж байна. Анхаарч уншина уу!
Топ 100 ААН тодорсон нь
Засгийн газар, МҮХАҮТ хамтран нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дотоодын томоохон 100 компаниудыг жил бүр тодруулсаар ирсэн. Тэдгээрийн 2022 оны гүйцэтгэл, голлох тоонуудыг авч үзвэл улсад нийт ₮4.3 их наядын татварыг хуримтлуулж 71.2 мянган ажлын байр бий болгожээ. Нийт орлого нь ₮38.4 их наядаар хэмжигдэв. Хөгжлийг түүчээлж буй үндэсний компаниуддаа юуны өмнө ихэд талархаж байна.
Харин одоо хөрөнгө оруулалтын фирмд ажилладаг миний хувьд дараах асуултууд төрж байна. Их наядаар хэмжигдэх дээрх ашиг, орлого хэдэн хүнд хуваарилагдсан бол? Компаниудын хэд нь олон нийтэд нээлттэй, хэдэн хувийг нь нийгмийн олонх эзэмшдэг бол гэх асуултууд.
Товчхондоо энэ нийтлэлээр дамжуулан орлогын тэгш хуваарилалт, хөрөнгийн зах зээлийн оролцоо, хөгжингүй улсад дээрх капитал, ашгууд ямар системээр дамжин нийтэд хуваарилагддаг зэргийг хуваалцана.
*Ямар нэгэн шүүмж, сөрөг өнгө аясгүй оролцогч бүх талуудын хөгжил, сайн сайханд зориулав.
Компанийн эзэд ба хэт төвлөрөл
Манай улсын ДНБ-ийг орлого талаас нь харвал 60% орчим нь буюу талаас дээш хувийг компаниудын орлого харин иргэдийн орлого дөнгөж 20%-30% орчмыг эзэлдэг. Эдгээрийн хамгийн өндөр ашиг, орлоготой ТОП-100 компанийн 91% нь ХХК буюу цөөнх эзэмшдэг, хувьцаа эзэмшлийн төвлөрөл өндөр. Улсын ЭЗ-ийг хөдөлгөдөг түвшний групп, холдинг компаниудын дийлэнх хувьцааг ганц хүн эзэмшдэг кэйсийг бид мэднэ.
Үндсэндээ Монголын топ компаниудын дээрх их хэмжээний ашиг, өгөөж нийгмийн маш цөөнх, чинээлэг гэр бүлд очдог гэсэн үг. Гэтэл өндөр хөгжилтэй улсад энэ харьцаа яг эсрэгээрээ байна. Америкт Microsoft (MSFT), Apple (AAPL), Солонгост Samsung Electronics (5930.KS), Hyundai Motor (5380.KS), Японд Toyota Motor (7203.T), Sony Group (6258.T) зэрэг бүхий л үндэстэн дамнасан корпорацуудын томоохон хувьцаа эзэмшигчид нь бүгд хөрөнгө оруулалтын сангууд, улсын болон хувийн тэтгэврийн сан, даатгалын компани зэрэг институциональ хөрөнгө оруулагч нар байна. Мөн топ компаниуд нь зах зээлийн үнэлгээгээрээ тодорхойлогддог ба бүгд олон нийтэд нээлттэй, биржид бүртгэлтэй компаниуд. Америк, Японы том хувьцаа эзэмшигчид нь ямар талууд байдгийг дор харуулъя.
Дээрх дагуу бүгд хөрөнгө оруулалтын фирмүүд байх ба түүн дотроо ассет менежмент компани (Цаашид “ХОМК гэх” ХО-ын менежментийн компани)-иуд голлоно. Бизнесийн жинхэнэ эзэд буюу эцсийн өмчлөгчид нь санд хөрөнгө оруулсан нийт ард иргэд нь гэсэн үг.
Хөрөнгө оруулалтын сан ба орлогын тэгш хуваарилалт
Хөрөнгө оруулалтын санг ХОМК үүсгэж, хөрөнгө оруулагч нарын мөнгийг итгэмжлэгдэн удирдана. Хүн бүр тоо, зах зээл, хөрөнгө оруулалт нарийн мэдэхгүй. Гэхдээ өөрийн хөрөнгө оруулсан сангаар дамжуулан баялгийн эзэд (компанийн эзэн) байж, зах зээл дээрээс мөнгө олдог байх хэрэгтэй. Хамгийн гол нь өөрийн илүүдэл капиталыг мөнгө хэрэгцээтэй тал руу шилжүүлдэг байх нь чухал. Энгийндээ та эмч, цагдаа бол урдах ажлаа л хийнэ таны хуримтлалыг мэргэжлийн хүмүүс буюу ХОМК-ийн баг удирдана.
Өмнөх нийтлэлд дурдсан дагуу хөрөнгө оруулалтын фирм (энэ нийтлэлийн хувьд ХОМК) нь нийгэмд хуримтлагдсан илүүдэл капиталыг хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр нэг дор цуглуулан санхүүжилт хэрэгтэй ирээдүйд мөнгөн урсгал, үнэ цэнэ бий болгох бизнесүүдийг санхүүжүүлдэг. Том зургаараа эдийн засгийн өсөлтийг хангах ирээдүйн шинэхэн ТОП-100 ААН-үүд рүү мөнгө нийлүүлж буй хэрэг. Нөгөө талд өрхүүдийн хөрөнгийг тогтвортойгоор өсгөж ирээдүйн хуримтлал, амьдралын баталгаа нь бэлдэж өгч буй. Apple (AAPL) компанийн 2022 онд олсон $99.8 тэрбумыг Америк иргэд сангаараа дамжуулаад тэгш хүртдэг, ирээдүйн тэтгэврийн хуримтлалд нь төвлөрдөг. Ийм учраас л Америк хүн баян байдаг байх нь. Дундаж давхаргын амьжиргааны түвшин, эдийн засгийн хөгжлийн барометрийг хөрөнгийн зах зээл нь тольдоно.
Жинхэнэ баялгийн эзэд
Баялгийн эзэд гэх сэдэв их яригддаг. Гэтэл бид газар доор булаатай, байгалиас өгөгдсөн ашигт малтмалын нөөцийг л яриад байдаг. Бодит үнэндээ хайгуул хийн, олборлоод гаргаж ирснийхээ дараа баяжуулан эцсийн бүтээгдэхүүн болгосноор сая жинхэнэ капитал болж хувирдаг. Үүнд нь маш их цаг, эрсдэл, энерги, урт хугацааны, тогтвортой санхүүжилт авсан компаниуд шаардлагатай. Үүнийг ОУ хөрөнгийн зах зээлээрээ л гүйцэлдүүлдэг. Уурхайн бизнесийг энгийн хүн мэдэхгүй харин ХОМК мэднэ нөгөө талд эх үүсвэр татсан компани ажлыг гүйцэтгэнэ. Хэдэн зуун жилийн дэлхийн санхүүгийн түүх үүнийг батлаад байна шүү дээ.
Бидэнд санхүүгийн салбарт шинэ нээлт, тэсрэлт хэрэггүй ОУ-ын жишгийг л бүх түвшинд нь зөв нэвтрүүлэхэд л хангалттай. Ингээд харахаар жинхэнэ баялгийн эзэд гэдэг нь санд мөнгөө байршуулсан иргэдийг хэлээд буй. Харин улсын жинхэнэ баялаг бол үндэсний корпорациуд нь (олон нийтэд нээлттэй) байх учиртай. Дээрх зарчмын дагуу системийн гажуудал, орлогын тэгш бус байдлыг хөрөнгийн зах зээл арилгаж дахин хуваарилдаг байх нь.
Эцэст нь... Монголд ХОМК-ийн үйл ажиллагааг зохицуулах “Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль” түүнд нийцүүлсэн СЗХ-ны сангийн активын болон бусад журмууд хэдийнээ батлагдаад, мөрдлөг болоод буй. Томоохон хамтын сангууд ч бий болж үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Институциональ хөрөнгө оруулагч нар үүсэж хөгжих эрх зүйн болон зах зээлийн орчин жил ирэх тусам сайжирсаар, санхүүгийн систем зөв голдирол руугаа эрчимтэйгээр шилжиж эхэлсэнд туйлын олзуурхууштай. Мөн ТОП-100 ААН-ийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх хөтөлбөр, ажлууд эхлүүлсэн нь энэ жилийн том онцлог, дэвшилт байлаа. Монгол хүн өглөө цаг агаарын мэдээтэй хамт сангийн өгөөж, зах зээлийн мэдээг хардаг, ногдол ашгаараа хэрэглээгээ хангадаг гэрэлт ирээдүй ойрхон гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.