Богд Банкны ашиг 2023 онд 52.7% өсөн ₮29.2 тэрбумд, нийт хөрөнгө 49.6% өсөн ₮713.6 тэрбумд хүрлээ. IPO гаргах үеийн нийт хөрөнгийн төсөөллийнхөө 71.2%-ийг биелүүлсэн тэдний тайлантай танилцах уу?
Банкны үйл ажиллагаа
Тус банк ерөнхий 2 чиглэлд эх үүсвэрээ өсгөхийг зорив. Тодруулбал, хугацаатай хадгаламжийн урамшуулалт аян явуулсны үр дүнд хадгаламжийн хэмжээ 92% өсөн ₮264.5 тэрбумд хүрсэн аж. Түүнчлэн Triple Jump ХОС-гаас $8 саяын дунд хугацааны санхүүжилт татах зэргээр бусад байгууллагаас татсан хөрөнгөө 112.8% өсгөн ₮189.1 тэрбумд хүргэсэн байна. Тэд энэ хөрөнгөө юунд зарцуулав?
- Олгохын хэрээр эрсдэлээ хаав:Тус банк зээл олголтоо 50.8% өсгөн ₮313.8 тэрбумд хүргэсэн бол хүүгээс тэр хэрээр буюу ₮81.6 тэрбумыг олов. Улмаар чанаргүй зээл тус онд 1 нэгж хувиар бууран 3.4%-д хүрсэн аж. Сонирхуулахад, нийт банкнуудын чанаргүй зээл 2023 оны эцэст 7.4%-тай гарсан байна.
- Гэнэтийн үед бэлэн: Тэдний борлуулах зориулалттай хөрөнгийн хэмжээ 52.3 дахин нэмэгдэж ₮25.8 тэрбумд хүрсэн нь нийт хөрөнгийн 3.6%-ийг бүрдүүлжээ. Сонирхуулахад, тус төрлийн хөрөнгөд 12 сарын дотор заран ашиг олох зорилготой санхүүгийн бус хөрөнгүүд багтдаг юм.
Хувьцаа тэгвэл?
- Эргэлтээ сайжруулав: Тэд 2023 оны 3-р сард хувьцаагаа 20 хуваасан билээ. Улмаар IPO хийснээс хувьцаа хуваах хүртэл өдөрт ₮7.5 саяар, хуваасны дараа 2023 он дуустал ₮28.6 саяар арилжаалагдсан юм. Нэг ёсондоо хувьцааны хөрвөх чадвараа сайжруулжээ.
- Дунджаас доогуур: Банкны P/B харьцаа 0.9, P/E буюу үнэ ашгийн харьцаа 3.8 гэж гарчээ. Үүнийг одоогоор тайлангаа гаргасан Голомт банк, ХасБанкны дундажтай харьцуулахад 0.1 нэгж хувь, 0.6 нэгж хувиар тус тус доогуур гарав.
Дүгнэхэд, Богд Банк тус онд эрсдэлээ сайн удирдан чанаргүй зээлийн харьцаагаа бууруулж чадав. Үүнээс гадна эздийн өмчийн өгөөж (ROE)-г 7 нэгж хувиар нэмэгдүүлж 23.4%-д хүргэсэн нь Голомт банк болон ХасБанкны дундаж 23.2%-иас илүү гарчээ. Сайн байлаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.