Сүнсний баяр болох гэж байгаатай холбоотойгоор хэвлэл мэдээллийн салбар тэр дундаа цахим орчин дахь худал мэдээлэл, худал цуурхал эдийн засаг, бизнесүүдэд хэрхэн аймшигтайгаар нөлөөлж, заримыг нь бүр хорлож байсан түүхүүдийг хуваалцъя.
🤐 Хохирол их, хэтэрхий хорлонтой
Тэртээ 2016 онд Samsung (005930.KS)-н Galaxy Note 7 гар утасны батарей хөөж дэлбэрснээр Samsung 2 сая гаруй утаснуудаа эргүүлэн татаж асуудлыг шийдсэн ч түүний дараа Samsung-н бүх бүтээгдэхүүн дэлбэрдэг гэх цуурхал гарснаар түр борлуулалтаа зогсоож хэрэглэгчдийнхээ итгэлийг олж авахаар дэлхий даяар пиар сурталчилгааг хийж байв. Энэ бүхэн компанид $5.3 тэрбумын алдагдлыг дагуулж байжээ.
😨 Айдсаар хооллодог худал мэдээлэл
Эдгээр худал мэдээлэл дэлхийн эдийн засагт жил бүр $78 тэрбумын хохирол учруулдаг. Хамгийн аймшигтай нь худал мэдээлэл хиймэл оюун ухааны ачаар хувьсаж буй явдал. Тухайлбал, өнгөрсөн жилийн 5-р сард X дээр Америкийн Батлан хамгаалах яамны төв байр болох Пентагон халдлагад өртсөн зураг цацагдсанаар хөрөнгийн зах зээлээс $500 тэрбум нэгхэн өдөрт арчигдаж байв.
🤔 Харин Монголд
Том зах зээлтэй, өрсөлдөгч олонтой улсад бол бизнесүүд өрсөлдөгчөө харлуулахаар худал мэдээлэл тархаах тохиолдол байдаг ч Монголд бол худал мэдээлэл бизнесүүд руу шууд чиглэхээс илүүтэйгээр улс төрийн дайралтын зэвсгээр ашиглагддаг. Учир нь манай эдийн засаг, хөрөнгийн зах зээлд нэг мэдээ гараад л хувьцааны үнэ нь унаж, индексүүд улайрах тийм хөдөлгөөнтэй биш буюу идэвхтэй зах зээлтэй биш. Харин уул уурхайн төслүүдэд бол нэлээн том цохилт өгч, хохирол учруулсан хэргүүд олон.
Эцэст нь… Цуурхал, өдөөн хатгалга зэрэг олон зүйлс худал мэдээлэл болж хувирахдаа амархан. Тиймээс уншиж буй мэдээлэлдээ болгоомжтой хандана уу. Идэж буй зүйлээ анхаарах нь биеийн эрүүл мэндээ анхаарч буй хэрэг шиг тархи руугаа оруулах мэдээлэлдээ шүүлтүүртэй хандах тархи, бодол, сэтгэлзүйгээ эрүүл байлгаж байгаа хэрэг юм шүү.
Уг нийтлэлийг Mongolian Fact Checking Center-тай хамтран олон нийтийн эрх ашгийн төлөө санаачилгын хүрээнд бүтээв.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.