Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэж яриад байгаа. Үүний хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэртэй холбоотойгоор Энэтхэгийн Megha Engineering & Infrastructures Limited (MEIL) компанитай гэрээ байгуулав.
📃 Ямар учиртай гэрээ вэ?
Монгол газрын тос боловсруулах үйлдвэртэй болно гэж 9 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Уг үйлдвэр нь нийт 12 технологийн байгууламжтай байхаар төлөвлөгдөж байгаагийн 7 нь гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжууд аж. Иймээс энэ байгууламжийг MEIL компаниар гүйцэтгүүлэхийн тулд инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээг байгуулсан хэрэг.
😓 Монголын гунигт он жил дуусах уу?
2016 онд ЗГ Энэтхэгийн Эксим банкнаас газрын тос боловсруулах үйлдвэр барих $1.2 тэрбумын зээл авсан бол үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2019 оноос эхлүүлсэн. Уг бүтээн байгуулалт 4 багц ажилтай ч одоог хүртэл дуншсаар. MEIL компанийн ажил 4-р багцад хамаарах бөгөөд 36-38 сарын дараа дуусна гэхээр 2027 онд ашиглалтад орно гэсэн амлалт нь хумсын тоос боллоо хөөрхий. Уг нь бүр энэ онд ашиглалтад орох байсан юм.
Эцэст нь… Жилээс жилд улам олуулаа түгжирдэг манай улсын шатахуун, түлшний хэрэглээ ч тэлсээр байгаа. Энэ хооронд газрын тосны үйлдвэрээ хүлээсээр, дотоодоосоо хангачихна гэж горьдсоор. Бухын доодхыг харж үнэг турж үхнэ гэгчээр ашиглалтад орох хугацаа нь хойшлоод л. Мега энэ тэр гэж ярих яах вэ, ажлаа хэлсэн төлөвлөсөндөө хийдэг болъё оо, нөхөөд.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.